Б.АЛТАНХУЯГ: Тайзан дээр амьдрахын жаргал гэж байдаг

“Зарим хүн мал хариулах уйтгартай гэдэг. Надад бол хонь дагаж явахад өдөр өнгөрөх нь мэдэгддэггүй. Өвөөгийнхөө үгэнд орж явган их явдаг байсан. Миний өвөө “Морь унах хэрэггүй, явган яв, таргалахгүй, эрүүл мэндэд сайн” гэдэг байлаа л даа. Радиогоор сонссон дуунуудаа давтан, дуулж болохгүй байх тусам нь элдвээр оролдож явсаар байтал нэг мэдэхэд нар тонгойчихсон байдаг сан” гэж ярих залуугийн нэр Б.Алтанхуяг. Тэрбээр ДБЭТ-ын гоцлол дуучин бөгөөд нэгэн үе театрын зүгээс үзэгчдэдээ хүргэсэн дуурь бүрийн басс хоолойтны дүрүүдэд ганцаараа дуулж байсан хичээнгүй зүтгэлтэн.

Түүнийг хөдөө “хөхөрч” явахад Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр дуучнаар татаж авчээ. Түүнээс хойш удалгүй СУИС-д элсэж, Ардын жүжигчин А.Дашпэлжээгийн шавь болсноор төрд хэрэгтэй зайран гэдэг шиг, театрт дутах томоохон уран бүтээлч болж төлөвшсөн түүнтэй тухлан ярилцсан юм.

-Нэг хэсэг яагаад сургууль завсардсан юм бэ?

-Хөвсгөл аймгийнхаа төвийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн наймдугаар ангид сурч байтал өвөө, эмээ хоёр минь намайг малчин болгочихсон юм. Хоёр хөгшнийхөө гар дээр өссөн болохоор үгнээс нь зөрөхгүй. Манайх Цагаан-Уул сумын Өвгөд багийн айл. Тэнд дөрвөн жил мал малласан.

-Хэзээ дуучин болсон бэ?

-Хээр дуу дуулж явдаг байхдаа амны уншлага болсон нэг аятай болчихлоо. Өөрөө зохиосон гэсэн үг. Уул, усныхаа нэрийг оруулж үг бичээд, үндсэндээ дуутай болов. Хүмүүст хэлж чадахгүй байснаа нэг өдөр зориглоод найздаа дуулгалаа. Найз минь тоож байгаа гэж жигтэйхэн. Бүр багийн даргад хэлчихэж. Тэгтэл хаврын урлагийн наадмаар намайг зохиосон дуугаа өөрөө дуул гэдэг юм байна. “Үг, хөгжмийг Алтанхуяг, дуучин Алтанхуяг дуулна” гэж зарлуулж гараад алба өнгөрөөж байлаа. Түүнээс хойш ердөө удаагүй байтал аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч Наранбаатар “Ирж шалгуулаад, театрт ажиллана уу” гэсэн хүсэлт тавьсан юм. Ингээд аймгийн театрын уран бүтээлч болсон.

-Малаа орхиод, театрыг зорих шийдвэрийг гэрийнхэн тань хэрхэн хүлээж авав?

-Аав, ээж хоёр мэдээгүй. Аймгийн төвд яах гэж ирсэн юм бол гэж бодсон шиг байсан. Нэг өдөр “Ажилд орчихлоо” гэхэд гайхсан. Театрт гэхээр бүр үнэмшээгүй. Өмнө нь хоёул тэнд ажиллаж байсан болохоор найз нөхөд олонтой. Тэднээсээ асуухад нь нотолжээ. Ийм инээдэмтэй явдал болж байлаа.

2003 онд хотоос очсон, БСШУЯ-ны мэргэжилтэн З.Баянзул, хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин П.Хаянхярваа гуай, яаманд газрын дарга байсан, урлаг судлаач Л.Эрдэнэчимэг нар театрын уран бүтээлчдээс шалгалт авахдаа намайг “СУИС-д сурах хүүхэд байна. Яамны тэтгэлэг олгоё. Хөгжмийн онолын мэдэгдэхүүн байхгүй, тэр бүү хэл наймдугаар анги төгссөн гэрчилгээнээс өөр юмгүй хүн яаж дээд сургуульд элсэх билээ, тэр удаа яамнаас олгосон боломжийг эдэлж чадаагүй юм. Харин дараа жил нь оройгоор суралцаж, аравдугаар анги төгссөн. СУИС-д ч элссэн.

-Аав, ээж хоёр нь хоёул дуу хөгжмийн багш гэсэн. Урлагийн гэр бүлээс төрсөн дуучин юм.

-Миний аавын нэр Ж.Баясгалан, ээжийг С.Саранцэцэг гэдэг. Аав минь маш сайн дуулдаг. Бас басс хоолойтой. 1987 онд Дуурийн театрт дуучин болох гэж Баянбилэг ах, Долгормаа эгч нартай хамт армян мэргэжилтэн Данилян багшийн удирдлагад нэлээд удаан бэлтгэсэн юм билээ. Тэгтэл ээж Хөвсгөлөөс “Охинтой боллоо” гэж хэлмэгц нь охиноо харахаар очоод, хот руу буцаж ирээгүй гэдэг.

-Тэгвэл аавынхаа мөрөөдлийг давхар биелүүлж яваа юм байна шүү дээ.

-Тэгж хэлж болох байх.

-А.Дашпэлжээ багш анхнаасаа басс хоолой тавьсан уу?

-Дөрвөн жил баритоноор сургасан. Төгсөх хэрд гэнэт басс тийш нь залсан. Нэг бодол байсан биз. Багш өөрөө зорьж намайг шавиа болгосон гэж хэлдэг. “Би чамд өгөх юмаа өгнө, харин бусад хичээлээ чи өөрөө сайн хийгээрэй” гэдэг байлаа.

-Басс хоолойтой дуучин тийм ч олон биш болохоор багш нар их сонирхдог юм билээ. Өөр багш зааж, зөвлөж байв уу?

-Гавьяат багш Ц.Ерөө хэд хэдэн удаа хичээл зааж, зөвлөгөө өгсөн. “Чамайг анх сонсоод Бадрал, Батбаатар нар шиг сайхан баритон болгочих юм сан гэж бодож байсан. Гэхдээ Дашпэлжээ өөрийн арга барилаар зааж байхад нь хөндлөнгөөс хэт оролцох дэмий гэж боддог байлаа” гэж сүүлд хэлсэн. Багш, Ц.Ерөө багштай зөвлөлдөөд басс болгоё гэж шийдсэн юм болов уу даа. Сонирхуулахад манай ангиас 12 нь Дуурийн театрт ажилд орсон. Э.Амартүвшин, Г.Шижирболд, М.Даваадорж гээд нэрлэнэ.

-Шилдэг дуучид байна. Сайн анги юм аа.

-Тийм ээ, найзуудаараа бахархдаг. Та үүнийг хар даа. 2012 онд Х.Билэгжаргалын “Ламбугуайн нулимс” дуурийн ламд Э.Амартүвшин, ноёны агьд би, төвөдөд М.Даваадорж, баянд Г.Шижирболд дуулсны дараа авхуулсан зураг.

-Агийн дүрийг гоё бүтээсэн шүү, та.

-Энэ дүрд арван жил тоглосон болохоор гарт орсон гэх үү дээ. Эрх дураар өссөн, архи уугаад явж байдаг нөхөр.

-Анх ямар дүр бүтээсэн бэ?

-Ж.Вердийн “Травиата” дуурийн Маркиз, мөн түүний “Риголетто” дуурийн Спарафучилед дуулсан. 2009 онд театрт ажилд ороход басс хоолойн хомсдол нүүрлэчихсэн байсан болохоор нэг хэсэг их ачаалалтай ажилласан. Лав хоёр жил энэ өрөөндөө амьдарсан гэхэд болно. Байнга шинэ дүр дээр ажиллана. О.Хүрэлбаатар, Ж.Бямбажав хоёр ирэхээс өмнө таван жил ганцаараа дуулсан. Одоо бол О.Хүрэлбаатар, С.Бат-Эрдэнэ, Мөнхтөр бид дөрвүүл сайхан байна.

-Нуруугаа амрааж буй юм байна даа.

-Ер нь бол тийм (инээв). Өдөрт дөрвөөс таван жүжгийн хооронд зохицуулж, амрах завгүй ажиллах урамтай ч арын амьдрал бол зогсонги байдалд орчихдог юм билээ.

-Олон эзний нэг зарц маягтай байжээ.

-Тийм ээ.

-Тэгсэн хэрнээ гэрлээд амжиж.

-Саяхан 2015 онд гэрлэсэн. Дунд сургуулийн найз минь их сургуулийнхаа ангийнхаа бүсгүйтэйгээ танилцуулаад.

-Зуучлуулж гэрлэсэн байна шүү дээ.

-Тэгсэн. Надад эхнэр хайж явах зав үнэндээ байдаггүй байлаа. Аз болж сайхан бүсгүйтэй учруулж өгсөн. Миний үеийн, химич, нягтлан бодогч гэсэн хос мэргэжилтэй, хоёр байгууллагад ажилладаг бас зав муутай эмэгтэй. Ийм хоёр хүн гэрлэсэн дээ. Бид хөөрхөн охинтой болсон. Саяхан дөрвөн нас хүрэв. Гоцлол дуучин О.Хүрэлбаатар, С.Бат-Эрдэнэ хоёр маань ирж, намайг жаахан чөлөөлж, эхнэртэй болголоо гэж би ярьдаг юм.

-Олон улсын уралдаанд оролцож байв уу?

-Үгүй. Завгүй. Эх орондоо хоёр уралдаанд оролцсон. 2012 онд “Учиртай гурван толгой” дуурийн дүрүүдэд хэн сайн дуулахыг шалгаруулдаг уралдаанд уг дуурийн Балганы дүрээр тэргүүн дэд байр эзэлсэн. Тухайн оны намар шиг санаж байна, “Зууны манлай дуурийн дуучин”, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаанд оролцож, тусгай байрын шагнал хүртсэн.

-Нэг дор 4-5 дуурьт тоглохоор бэлтгэх хэцүү байх даа?

-Эхэндээ самуурдаг байлаа. Сүүлдээ сурчихсан.

-Ийм мундаг дуучин хүүтэй болсондоо аав тань маш их баярладаг байх.

-Тийм ээ. Нэг удаа аавтайгаа цуг найранд очсон юм. Хүмүүс аавыг сайхан дуулдгийг мэддэг болохоор дуулуулах гэнэ л дээ. Тэр өдөр аав надад аяны хундага шилжүүлэхэд нь би Х.Үнэнхүү ахын олонд танил болгосон “Юугаа ч хайрлаагүй аав”-ыг дуулахад аав минь мэлмэрч суусан нь санаанаас гардаггүй юм.

-Хонин сүргийн дэргэд өөрөө өөрийгөө дасгалжуулсаар байгаад дуучин болчихсоныг аав нь мэдээгүй байж.

-Тийм л байх.

-Дуурийн гоцлол дуучин байхын жаргалыг та юу гэж хэлэх вэ?

-Дуулах нэг хэрэг. Тайзан дээр амьдрахын жаргал гэж байдаг. Энэ жаргалыг орлох юу ч байхгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)