Б.Авид: Уул сэтлэх нь утааг бууруулах оновчтой шийдэл биш

ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор Б.Авидтай ярилцлаа.

-БСШУСЯ-наас жил бүр олгодог шинжлэх ухааны шилдэг бүтээлийн эзнээр тодорсонд баяр хүргэе. “Нүүрсний хими ба технологи” бүтээлийн тань онцлог юу вэ?

-Баярлалаа. Би 1993 оноос Хими, химийн технологийн хүрээлэнд ажилласан цагаасаа нүүрс, занар зэрэг янз бүрийн шатах ашигт малтмал судалсан. Энэ судалгаагаа одоо ч үргэлжлүүлж байна. Сүүлийн 10-аад жил захиргааны ажил хийгээд, судалгаанд зарцуулах цаг багассан. 

Энэ хугацаанд Лондоны Империал коллеж, Японы Цүкүба, Кюшю, Германы Штутгартын их сургууль зэрэг томоохон лабораторитой газруудад ажиллах завшаан тохиосон. Нүүрс боловсруулах чиглэлийн судалгаандаа голдуу төвлөрсөн.

Манай улс нүүрсний баялаг нөөцтэй. Ялангуяа хүрэн нүүрсний нөөц арвин. Жилд ердөө таван сая тонныг л хэрэглэдэг гэсэн тооцоо бий. 200 жил хэрэглэхэд тэрбум тонныг ашиглах нь. Гэтэл манай орны нүүрсний нийт (чулуун болон хүрэн) нөөц 175 тэрбум тонн.

Энэ их нөөцийг үр дүнтэйгээр, улс орныг хөгжүүлэхэд хэрхэн ашиглах вэ гэдгийг тодорхойлох нь бидний судалгааны зорилго. Зарим хүн “Нүүрсээ судалж дуусдаггүй юм уу” гэдэг. Дуусахгүй. Хэдэн зуун жил судална. Зэсийг ч мөн адил.

Би нүүрс боловсруулах, тэр дундаа гүнзгий боловсруулах чиглэлээр гадаад, дотоодод нэлээд судалгаа хийсэн. Нүүрсийг дулааны аргаар боловсруулж эрчим хүч, газрын тос, шатахуун, химийн бүтээгдэхүүн гарган авах, улмаар химийн аж үйлдвэрийг Монголд хөгжүүлэх нь манай орны хөгжлийн гарц гэж үздэг. 

Энэ чиглэлээр хийсэн ажлуудаа нэгтгэн “Нүүрсний хими ба технологи” бүтээл гаргалаа. Энэ нь Монголын томоохон ордуудын нүүрсний шинж чанар, технологийн горим, дэлхий дахинд энэ баялгийг ямар аргаар боловсруулж байгаа талаарх судалгааг багтаасан нэг сэдэвт бүтээл.

-Нүүрсний арвин нөөцтэй ижил төстэй оронтой харьцуулахад манайх энэ баялгаа хэр судалсан юм бол?

-Монгол цөөн хүн амтай. Тэр хэрээр эрдэм шинжилгээний цөөн ажилтантай. Хэдхэн хүрээлэнтэй. Дэлхийн жишгээр бол сая хүн тутамд эрдэм шинжилгээний 1500 ажилтан ногдвол дундаж гэж үздэг. Гэтэл манайд сая хүнд 500 ногддог. Дэлхийн жишгээс гурав дахин бага тооны эрдэм шинжилгээний ажилтантай гэсэн үг. 

Нүүрс судалдаг нь бүр ч цөөн. Улсын хэмжээнд 20 хүрэхгүй хүн л бий байх. МУИС, ШУТИС, Хими, химийн технологийн хүрээлэнд л энэ чиглэлийн судалгааг тодорхой түвшинд хийж байна. Олон ордтой, өргөн уудам газар нутагтай учраас судлахад мэдээж амаргүй. Судалгаа шинжилгээ тодорхой хэмжээгээр урагшилсан. Гэхдээ яагаа ч үгүй.

...Манайх химийн бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас үндэсний үйлдвэрлэл хөгждөггүй. Нэг зүйл хийх болоход өнөөхөд нь шаардлагатай химийн бодис, бүтээгдэхүүн олддоггүй. Ингээд Хятадаас авдаг. Дотоодын бүтээгдэхүүн өндөр үнэтэй, өрсөлдөх чадвар муу байгаагийн гол шалтгаан нь энэ. Химийн үйлдвэрийг дотооддоо хөгжүүлснээр энэ бүх бэрхшээлийг шийдэх боломжтой. Хамгийн ойр жишээ татъя. Манайхан түүхий нүүрсийг шахмалаар орлуулъя гэж хэдэн жил ярилаа. Болж өгөхгүй байна. Гэтэл нүүрсийг шахахад ашигладаг, химийн хамгийн энгийн бодис болох барьцалдуулагч нь манайд байдаггүй...

-Нүүрсийг яаж үр дүнтэйгээр, улс орноо хөгжүүлэхэд ашиглах вэ гэдгийг тодорхойлох нь судалгааны зорилго гэлээ. Үүндээ хариулт олсон уу?

-Томоохон ордуудаас Багануур, Шивээ-Овоог нэлээд нарийн судалсан. Хийжүүлэхэд Багануурын нүүрс Шивээ-Овоогийнхоос тохиромжтой. Гэтэл Багануурынхыг харьцангуй өргөн ашигладаг. Уг нь өнөөхөөсөө 4-5 дахин бага нөөцтэй шүү дээ. Тиймээс Шивээ-Овоогийн ордыг яаж ашиглах вэ, ингэхдээ ямар бодлого, горим баримтлах вэ гэдэгт төвлөрч судалсан.

Ордын ашиглалтыг нь сайжруулж, өндөр үр ашигтай болгоход дэд бүтэц зэрэг бусад нөхцөлийг харгалзах нь зүйтэй. Шивээ-Овоо томоохон голуудтай ойр. Хааш хаашаа дэд бүтэц сайтай. Эдийн засгийн хувьд ч ашигтай байрлалтай. 

Тэнд төвлөрсөн томоохон үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүн бий болголоо гэхэд хоёр хөршдөө нийлүүлэх боломжтой. Энэ мэтчилэн олон талаас нь судлаад Шивээ-Овоогийн орд илүү ирээдүйтэйг баталсан.

-Нүүрсэнд суурилсан аж үйлдвэр Монголын хөгжлийн гарц гэж итгэлтэй хэлэх болсон шалтгаанаа тодотгоно уу?

-Нүүрсээс нийлэг хий гаргаж авдаг. Ингэж гаргаж авсан нийлэг хийгээ шатаагаад, эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Химийн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аж үйлдвэр хөгжүүлэх боломж ч бий. Манайх химийн бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас үндэсний үйлдвэрлэл хөгждөггүй. 

Нэг зүйл хийх болоход өнөөхөд нь шаардлагатай химийн бодис, бүтээгдэхүүн олддоггүй. Ингээд Хятадаас авдаг. Дотоодын бүтээгдэхүүн өндөр үнэтэй, өрсөлдөх чадвар муу байгаагийн гол шалтгаан нь энэ. Химийн үйлдвэрийг дотооддоо хөгжүүлснээр энэ бүх бэрхшээлийг шийдэх боломжтой.

Хамгийн ойр жишээ татъя. Манайхан түүхий нүүрсийг шахмалаар орлуулъя гэж хэдэн жил ярилаа. Болж өгөхгүй байна. Гэтэл нүүрсийг шахахад ашигладаг, химийн хамгийн энгийн бодис болох барьцалдуулагч нь манайд байдаггүй. Тиймээс гаднаас өндөр өртгөөр авдаг. Үүнээс болоод шахмал түлшийг зах зээлд өндөр үнээр нийлүүлэхээс аргагүйд хүрч байна. 

Энэ мэтчилэн ямар ч зүйл хийсэн үйлдвэрлэлийн зардал нь өндөр тусах зовлон бий. Мөн манай улс импортоор шатахуун авдаг. Үүнийг бас л дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Хүн ам цөөтэй, зах зээл хумигдмал учраас бүгдийг үйлдвэрлэх боломжгүй. Гэхдээ юу үйлдвэрлэвэл, юуг гадаадаас худалдаж авахаа больчихвол бидэнд ашигтай вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

Үйлдвэрийг технологиор нь ангилдаг. Тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүнд мэдлэг их шингэж байвал өндөр технологитой. Харин манай үйлдвэрүүдийн 90 хувь нам технологитой. Зарим нь огт технологигүй. Өөрөөр хэлбэл, мэдлэг бага шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 

Тиймээс манай бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар бага. Гар утсыг 10 ам.доллароор бүтээгээд, 1000 ам.доллароор худалддаг гэдэг. Энэ бүтээгдэхүүнд маш их мэдлэг шингэсэн учир ингэж өндрөөр үнэлэгддэг юм. Бид ийм дэвшилд хүрэхэд химийн аж үйлдвэр чухал.

-“Шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл хэрэгтэй, эрдэмтдээ сонсъё” гэж их ярих боллоо. Нүүрстэй холбоотой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд, бодлого, шийдвэр гаргахад та бүхний саналыг сонсдог уу?

-Тийм тогтолцоо, боломж нь бий. ШУА-ийн Ерөнхийлөгч Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг учир академи, салбар яамны төлөөллөөр дамжуулан санал шийдлээ уламжлуулдаг. “Монгол Улсын хөгжлийн номлол” гэсэн баримт бичгийг ШУА-ийн эрдэмтэд гурван жилийн өмнө боловсруулж, өргөн барьсан.

Бид 2018 оны их чуулганаараа аж үйлдвэрийн IV хувьсгалыг онцолж хөндлөө. “Энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлье, тогтолцоо бий болгоё, дэлхийн хандлага ийм байна, бид бэлэн байх ёстой шүү” гэсэн асуудал, шийдэл тусгасан “Аж үйлдвэрийн IV хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн зангилаа асуудлууд” танилцуулга боловсруулж, холбогдох газарт өргөн барьсан. 

Манай эрдэмтэн, судлаачид мэдлэг, туршлагаа ийм байдлаар хуваалцсаар ирсэн. Тухайлбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Эрчим хүчинд суурилан утааг бууруулах шийдэл ол” гэсэн даалгаврыг бидэнд өгсөн. Акедемийнхан ШУТИС-ийн багш, судлаачидтай хамтраад зөвлөмж боловсруулан, шийдлээ танилцуулсан юм.

Бидний саналыг Байнгын хорооны хурлаар хэлэлцүүлээд, “Улаанбаатарын утааг бууруулах мастер төлөвлөгөө”-нд тусгасан байдаг.

-Тэр шийдэл нь юу вэ?

-Агаарын бохирдлыг бууруулна гэдэг утаа гаргаж буй эх үүсвэрийг л багасгана гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын зуухыг цөөрүүлэх. Ингэхийн тулд зуух орлуулах өөр эх үүсвэр бий болгох хэрэгтэй. Бид дулааны зай хураагуур санал болгосон. Тарифын хөнгөлөлттэй үед буюу шөнийн цагаар цэнэглээд, өдөр нь хуримтлуулсан эрчим хүчээрээ ажиллах горимтой юм.

Монгол гэр цагт 4-5 кВт дулаан алддаг. Ийм үед дулааны зай хураагуур ашиглаад ч нэмэргүй. Тиймээс гэрийн дулаалгыг ямар материал, технологиор хэрхэн хийх вэ гэдэг зөвлөмжийг бас боловсруулсан. Гэр хорооллын айлууд бүгд ийм зай хураагуур ашиглахаар эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ.

Эрчим хүчний эх үүсвэр ч шаардлагатай. Үүнтэй уялдуулаад, эрчим хүч түгээх, дамжуулах дэд бүтцийг хэрхэн шийдэх вэ, үүнд хэр хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй талаарх тооцоо, судалгааг танилцуулсан.

-Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр хэрэгжихэд хагас жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Гэвч нийслэлчүүдийг шахмал түлшээр хангахаар нэгдсэн зохион байгуулалтад орсон үйлдвэрүүдийн тэн хагас нь гэрээнээсээ буцсан, заримынх нь үйл ажиллагаа доголдсон талаар дуулдаж эхлэв. Үйлдвэрүүд төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэл үүсчихлээ.

-Тийм эрсдэл бий. Шахмал түлшийг тодорхой технологиор хийдэг учраас түүхий нүүрсээс үнэтэй. Гэтэл түүхий нүүрсийг хамаагүй хямдаар түгээгээд, ийм түлшнийхээ үнийг унагаад, ажиллаж байсан үйлдвэрүүдийг нь дампууруулсан түүх бий.

Гэр хорооллынхны амьжиргаа харьцангуй доогуур учраас шахмал түлш тэр бүр хэрэглэхгүй байна. Тиймээс татаас өгдөг ч юм уу, төрөөс бодлогоор үнийн зохицуулалт хийх шаардлагатай. Амьжиргаа доогуур өрхийг “Заавал шахмал түлш хэрэглэ” гэж шаардаж болохгүй шүү дээ. Агаарын бохирдолд энэ мэт далд хүчин зүйл нөлөөлж буй. 

Олон цогц бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж байж л шийднэ. Зөвхөн түүхий нүүрс хориглоод ч шийдчихгүй. Гэр хорооллынхныг орон сууцжуулчихвал л утаагүй болно гээд яриад байдаг.

Тэр бүх айл орон сууц руу нүүчихвэл эрчим хүчний хэрэглээ эрс өснө. Энэ хэрэгцээг хангахад эрчим хүчний шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Тиймээс V ДЦС-ыг байгуулах нь зүйтэй.

-Шахмал түлш үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний талаар манайхан тийм ч ам сайтай байдаггүй юм билээ. Чанар, технологийн хувьд юу гэж дүгнэх вэ?

-Шахмал түлш хийх явц олон дамжлагатай. Шахах технологи, шахалтын даац гэж бий. Сайн шахсан түлш чанартай, нягт болдог. Тээвэрлэхэд бутрахгүй. Түлсний дараа үнс бага гардаг. Манай үйлдвэрүүд санхүүгийн чадамжгүйгээс болоод өмнөд хөршөөс хүчин чадал багатай тоног төхөөрөмж авдаг. 

Үүнээс болоод нүүрсээ сайн шахаж, дэгдэмхий бодисыг нь боловсруулж чаддаггүй байсан. Манайд үйлдвэрлэсэн шахмал түлш энэ мэт шаардлага хангаж чадахгүй, бүдэрдэг. Харин сүүлийн жилүүдэд шахмал түлшийг боловсронгуй, чанартай болгоход улсаас анхаарч, туршлага судалж байна. Эрдэмтэд нь ч, үйлдвэр эрхлэгчид ч үүнд анхаарах болсон.

2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар түүхий нүүрсийг тонныг нь 80 мянган төгрөгөөр нийлүүлсэн. Энэ нь нэг талаар иргэдийн халаасан дахь мөнгөнд хэмнэлттэй боловч нөгөөтээгүүр агаарын бохирдол ихсэхэд үлэмж хувь нэмэр оруулсан. 

Мөн шахмал түлш үйлдвэрлэгчдэд дарамт болсон. Нэг тонн шахмал түлш 140, 150 мянган төгрөгөөр авах уу, түүхий нүүрсийг үүнээс хоёр дахин бага ханшаар түлэх үү гэдэг харьцангуй сонголт шүү дээ.

-“Тавантолгой түлш” компани шахмал түлшээ туршилтын байдлаар зах зээлд нийлүүлж байна. Та бүтээгдэхүүнтэй нь танилцсан уу?

-Танилцсан. Ер нь боломжийн шүү. Нүүрсийг удаан хадгалахад чанар нь мууддаг. Тйимээс одоо үйлдвэрлэсэн түлшээ хаана, ямар орчинд хадгалж, чанарыг нь алдагдуулахгүй байлгах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.

-Хүн болгон утаа бууруулах санал, шийдэл дэвшүүлэх боллоо. Зарим судлаач “Богд уул юм уу, Толгойтын давааг сэтэлчихвэл утаа салхиар туугдан замхарна” гэх боллоо. Энэ хэр оновчтой шийдэл вэ?

-Цаг уурын хүрээлэнгийн хүмүүс тодорхой загвар дээр тооцоолж үзээд, ийм шийдэл гаргасан юм билээ. Уул сэтлэх, сэнс тавих зэрэг нь үр дүнтэй шийдэл биш. Урт, богино хугацааны олон шийдлүүдийг хавсран хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүний оронд түүхий нүүрс хориглох, орон сууцжуулах, цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжих нь чухал.

-Монгол гэрийн дээврийг могой шиг орооцолдсон, зузаан даавуугаар зулсан зураг саяхан цахим орчинд түгсэн. Эрдэмтэд дулаан алдагдлыг бууруулах ийм шийдэл дэвшүүлсэн гэх. Энэ үнэн үү?

-Ёстой мэдэхгүй. Манай ШУТИС-ийн эрдэмтдийн боловсруулсан зөвлөмж өөр.

-Засгийн газар дулааны алдагдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор “Монгол гэр 1, 2, 3” төсөл хэрэгжүүлэх гэнэ. Өрхийн орлогоос хамаараад 3-120 сая төгрөгийн зээл олгох юм байна. “Үр ашиггүй баахан мөнгө хийсгэх нь” гээд иргэд бас л шүүмжилж эхэллээ. Та юу гэж бодож байна вэ?

-Зөв санаачилга. Дэмжиж байна. Амьжиргаа багатай айлуудыг ийм замаар дэмжих нь зүйн хэрэг. Гэхдээ зуухнаас нь аль болох бүрмөсөн салгах шийдэл хэрэгжүүлэх нь зөв. Уламжлал талаасаа монгол гэр хүндэтгэлтэй ч нийслэлд төдийлөн тохиромжтой сууц биш гэдгийг сүүлийн үед судлаачид хөндөх боллоо. Дулаан их хэмжээгээр алддаг, утаа ялгаруулдаг.

-Агаарын бохирдол ихэссэнтэй холбоотойгоор манайхан монгол гэрээ ад үзэх боллоо. Гэтэл хөгжилтэй орнууд, гадаадын зарим судлаач энэ сууцыг эрүүл аж төрөхөд ач холбогдол өндөр, агаарын солилцоо сайтай гэж үзэн сонирхох болсон талаар судлаач Мандухай хэмээх эмэгтэй ярьсан.

-Агаарын солилцоо сайтай учраас дулаанаа алдаад байгаа юм. “Монгол гэр огт хэрэггүй” гэж хэлээгүй шүү дээ. Нийслэлд л тохиромжгүй.

-Химийн салбарт сүүлийн жилүүдэд гарсан хамгийн том дэвшил гэвэл юуг нэрлэх бол?

-Нэг үеэ бодвол манай улс хими, биологи, физикийн салбараа хөгжүүлэхэд анхаардаг болсон. Тухайлбал, Физикийн хүрээлэнгийнхэн товчин зай хийж байна. Одоо үед зайгүй ажилладаг зүйл байхгүй болсон учир энэ чиглэлд судлаачид төвлөрөх боллоо.

Химийн салбарт хийсэн томоохон ажил гэвэл, манай судлаачид ховор ургамлаас хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй эм хийх технологи боловсруулсан. Эм хийх тийм ч амар биш юм байна. Патент аваад болчихдоггүй. Клиникийн туршилт хийх ёстой. Гэтэл түүнийг нь хийх мөнгө байдаггүй. 

Зэс хайлуулах үйлдвэртэй болно гэж сүүлийн хэдэн жил ярилаа. Зэс хайлуулахад хүхрийн хүчил ялгардаг. Тэр хүчлийг хаашаа шингээх вэ гэдэг гарц бас л байхгүй. Тиймээс хүхрийн хүчил гардаггүй зэс хайлуулах үйлдвэрийн технологи боловсруулахаар ажиллаж байна. Энэ мэт олон ажил бий. 

Лабораторид бий болсон бүтээгдэхүүн зах зээлд хүртлээ маш урт зам туулдаг. Тэр замдаа ихэнх нь дампуурдаг, замхардаг. Өөрөөр хэлбэл, 100 санаа, 100 бүтээгдэхүүнээс нэг нь л амжилтад хүрдэг байх жишээтэй. 

Шинжлэх ухааны бүтээлийг зах зээлд хүргэдэг дэд бүтцийг Монголд бий болговол жаахан ч болов өөрчлөлт гарна. Дэмжлэг байхгүй бол хэчнээн шилдэг санаа, шийдэл байгаад нэмэргүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)