Бөө болон хөлбөмбөгийн ертөнц

Африк бол илбэ жатгын өвөрмөц ертөнцтэй тив. Энэ тухай анх Европын булаан эзлэгч, шашин номлогчид дэлхий дахинд мэдээлж байв. Хар тивийн иргэд ид шидийн хүчинд ихээхэн итгэдгийг нь боолын наймаачид өөрсдийн балагт үйлээ зөвтгөх боломж болгон ашиглаж байсан түүх ч бий.

Тус тивд маш олон зүйл илбэ шидтэй холбоотой байдаг агаад хөлбөмбөг ч үүнээс ангид биш. Заримдаа хоёр багийн өрсөлдөөн талбайд төдийгүй багийн удирдлага, хөгжөөн дэмжигчдийн гуйлтаар ялалт авчрахаар залагдсан бөө, удганы оролцоотой тулаан болон хувирах нь бий. Тэдгээрийн заримаас дурдъя. 

1998 онд багийнхаа бөөгийн зааврын дагуу тоглолтын өмнө талбайн голд хөнгөнөөр бие зассан учир Зимбабве улсад дөрвөн хөлбөмбөгчийн эрхийг насан туршид нь хасаж байв. Бөө ялалт амласан боловч зохион байгуулагчид тэрхүү багт техникийн ялагдал өгчээ.

Үүнтэй төстэй ёслолыг Ардчилсан Конго улсад хийсэн. Нэгэн багийнхан талбайн голд тойрог болон зогсоод ахлагч нь бөмбөгийг тоглолтод оруулах цэг дээр шээсэн аж. Энэ нь мөн л бөөгийн зөвлөгөө байв.

Буркина Фасо улсад хаалгач хаалганы ард нүх ухаад сахиус булсан аж. Эсрэг багийнхан үүнийг нь мэдээд сахиусаа заавал ухаж гаргахыг шаардсан гэнэ.

Камеруны шигшээ багийн хаалгачдын дасгалжуулагч Томас Нконо Африкийн цомын тэмцээний хагас шигшээд Малигийн багтай тоглохын өмнө талбай дээр жижиг сахиус оруулж тавих гэж байгаад цагдаа нарт баригдсан.

Энэ мэт этгээд үйлдлээс шалтгаалж тус тивийн Хөлбөмбөгийн холбоо 2002 оны Африкийн

цомын тэмцээний өмнө бүх багийг ид шид, хар домын шинжтэй үйлдэл хийхгүй байхыг сануулсан юм.

Гэвч улсуудын аварга шалгаруулах тэмцээнд бөө, удганы эрэлт хэрэгцээ байсаар. Сүүлчийн алдартай жишээ Руанда улстай холбогдоно. 2016 онд тус улсын аварга шалгаруулах тэмцээний нэгэн тоглолтын үеэр “Район спорт” багийн довтлогч Мусса Камара эсрэг багийн хаалганы шонд нэг зүйл наахыг харсан эсрэг багийнхан түүнийг барьж авахаар хөөж байв. Гэвч тоглолт цааш үргэлжилж, хэдэн минутын дараа М.Камара мөргөж гоол оруулан тооны харьцааг тэнцүүлсэн юм.

“Африкийн элит хөлбөмбөг: бүтэц, бодлого, бэрхшээл” номын зохиолч Нигерийн иргэн Чука Онвумечили “Баг болгонд бөө байдаг гэж ойлгох нь өрөөсгөл боловч ихэнх багийн эзэн хувьдаа бөөтэй” гэж бичсэн байдаг. Харин Африкт 20 гаруй жил ажиллаж, амьдарсан орос дасгалжуулагч В.Бондаренко энэ талаар “1980-аад онд намайг Африкт ирэхэд багууд өөр өөрийн бөөтэй байсан. Багийн удирдлага тэднийг төдий л анхаардаггүй боловч заримдаа тусламж гуйдаг. Миний ажиллаж байсан Мозамбик, ӨАБНУ-д ийм явдал тохиолдож байлаа. Сүүлийн 10 жилд энэ талаар ярих нь багассан ч багууд нууцаар бөөтэй хамтран ажилласаар байгаа гэж би боддог. Багийн хөгшин эздүүд ид шидэд итгэдэг хэвээр учраас далдын хүчнээс тусламж гуйхыг амжилт гаргах нэг арга гэж үздэг” хэмээн өгүүлжээ.

Бэлтгэсэн: Н.Баяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)