Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл IV

Бөөнцагаан нуурын усны түвшин (см-ээр): 2012 онд 214, 2013 онд 191, 2014 онд 150, 2015 онд 125, 2016 онд 221 (бороо их орж, голууд үертэй байсан)


Үргэлжлэл.

Бөөнцагаан нь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур бөгөөд Монголын болон Төв Азийн экосистемд өөрийн гэсэн орон зай, өнгө төрхтэй, хүлээсэн үүрэгтэй нуур гэдгийг цуврал сурвалжилгынхаа эхнийхэд товч дурдсан. 1998 онд Рамсарын конвенцод бүртгэгдсэн уг нуурт 164 зүйлийн шувуу, түүний дотор борцгор хотон, хошуу галуу, гангар хун, хуруут хун зэрэг устах аюулд ойрхон, “Улаан ном”-д орсон жигүүртнүүд зусаж, нүүдэллэн өнгөрдөг, “Монгол орны загасны Улаан данс”-нд ховордож буй эмзэг гэсэн ангилалд бүртгэгдсэн алтайн давжаа сугас, говийн эрээлж, сахалт эрээлж зэрэг уугуул гурван зүйл бийг ч тэмдэглэж, Бөөнцагаан нуур үгүй болбол Монголын болон Төв Азийн экосистемд нөхөж баршгүй гарз тохиохыг сэрэмжлүүлсэн билээ.

Бөөнцагаан нуурыг тэжээдэг ганц гол нь Байдраг. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр дэх алтны нөөцийн багагүй хэсэг Байдраг, түүний үндсэн цутгал Заг, Өлзийт голын ай савд байдаг нь эдгээр гол, цаашлаад Бөөнцагаан нуурыг алт олборлогчдын хөл өртөхөд хүргэдэг. Баянхонгор аймгийн Галуут, Бөмбөгөр сумын нутаг дамжин урсдаг Өлзийт гол дагуу алт олборлож буй уурхайнууд хэрхэн хууль зөрчин, хэм хэмжээг давж, хариуцлагагүй, дураараа авирлан, байгаль орчинд хэрцгий хандаж, Өлзийт ээжийг “хүчирхийлж” буйг газар дээрээс нь сурвалжилснаа өмнөх дугааруудад нийтэлсэн.

Голын сав дагуух хяналтгүй олборлолт нуурт нөлөөлж буй, эсэх, Бөөнцагаан нуурын нөхцөл байдал ямар байгааг холбогдох албаныхнаас тодруулснаа энэ дугаартаа хүргэж байна. Тэнд ажиллаж буй уурхайнхан Байдраг, түүнд цутгадаг голууд, Бөөнцагаан нуурын усны түвшин болон чанар хэвийн хэмжээндээ байгаа, ямар нэг өөрчлөлтгүй гэдэг. Харин нутгийн иргэд “Гол дагасан компаниуд алт угаасан шламаа гол руу хийдэг, мөнгөн ус зэрэг химийн хорт бодис хэрэглэдэг” хэмээн барин тавин баталж байна. Тэдний алиных нь ч төлөөлөл биш, мэргэжлийн хүмүүс юу ярьсныг та бүхэнд хүргэе.

“БӨӨНЦАГААН НУУРЫН УСНЫ ТҮВШИН ЖИЛЭЭС ЖИЛД БАГАСАЖ БАЙГАА”

Г.НАНСАЛМАА (Бөөнцагаан, Орог нуурын сав газрын захиргааны Нуурын экосистемийн үнэлгээ, экологи, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн):

-Бөөнцагаан нуурын усны түвшин жилээс жилд багасаж буй нь бидний санааг зовоосон асуудал болоод байна. Энэ нуурыг тэжээдэг ганц гол Байдраг нь эмзэг тогтоцтой, Монголын гадагш урсгалгүй, цөөхөн “эх оронч” голын нэг. Уг гол 290 гаруй км газар туулж, Бөөнцагаан нуурыг тэжээдэг.

Байдраг болон түүнд цутгадаг голуудын сав дагуух уул уурхайн олборлолт нуурын эмзэг экосистемд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол их байгаа учраас бид аль болох газрын хэвлий болон гадаргын усанд нөлөөлөхгүйгээр, стандартыг дээд зэргээр хангасан компанийг дэмжинэ үү гэхээс хууль дүрэм зөрчиж, голын хөвөө, татамд байрлаж буйг нь дэмждэггүй. Усны тухай хуульд 50 метрийг онцгой хамгаалалтын, 100 метрийг эрүүл ахуйн, 200 метрийг энгийн хамгаалалтын бүс гэж заасан.

Мөн Усны тухай болон холбогдох хууль тогтоомжид “Тухайн газар нутгийн онцлогоос шалтгаалан сумын ИТХ 200 метрээс дээш хамгаалалтын бүс тогтоож болно” гэсэн зохицуулалт бий Сумын ИТХ-аас 500 метрийг хамгаалалтын бүс гэж тогтоосон бол түүнийг баримтална гэсэн үг.

Байдраг, Өлзийт бол усны чанараараа цэврийн зэрэгт ордог гол. Эдгээр голд цэвэр усны индикатор загас, шавьж амьдардаг. Гол дагасан уул уурхай биологийн бохирдол үүсгэж буй учраас цэвэр усанд амьдардаг биологийн төрөл зүйлийн бодгалиудад ч нөлөөлж байгаа.

“НУУРЫН ЦУТГАЛАН ЭНЭ ЗУН ХОЁР УДАА ТАСАРСАН”

Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газар: (Тус газрыг усны мэдээллээ гадагш гаргахыг хориглодог учраас мэдээлэл өгсөн ажилтан нэрээ нууцлахыг хүсэв)

-“Алт-1” хөтөлбөр хэрэгжиж, Байдраг, Өлзийт, Заг голын сав дагуу алтны уурхай олноор ажилласан ид буюу 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үед Бөөнцагаан нуур хоёр км татарсан. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаас хойш жаахан сэргэсэн ч дорвитой нэмэгдээгүй.

Өнгөрсөн жил бороо хур ихтэй, дээд голууд нь үертэй байсан учраас усны түвшин овоо ахисан ч хуучны хэмжээндээ хүрч нөхөн сэргээгүй. Өнгөрсөн намар голууд цатгалан хөлдсөн болохоор 4-5 дугаар сард гайгүй байснаа зургадугаар сараас урсац нь багассан. Дээд голуудын урсац ирэхээ больж, нуурын цутгалан (Байдраг гол урсаж ирээд Бөөнцагаан нуур руу цутгадаг хэсэг) энэ зун хоёр ч удаа тасарлаа.

Тодруулбал, тавдугаар сарын 24-нд тасарч, долдугаар сарын 5-нд ирээд, арав хоногийн дараа дахин тасарч, 21-нд ирсэн. Цутгалан дахин дахин тасарч, нуур татрах аюул тулгарсан тул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрынхан наймдугаар сард хангайн сумд руу явж, үүлэнд зориудаар нөлөөлөн бороо оруулж, дээд голуудын урсацыг нэмэгдүүлсэн. Байдраг голын цутгалан тасарсан тухай өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй.

ГАШУУН ТУРШЛАГА

Байдрагийн үндсэн цутгал Өлзийт гол дагуу 25 уурхай ажиллаж буй. Энэ бол Өлзийт, Байдраг гол, Бөөнцагаан нуурт аюул учруулахад хангалттай тоо. Энэ байдлаар удаан үргэлжилбэл Онги гол, Улаан нуурт тохиолдсон эмгэнэл Баянхонгорт давтагдахыг үгүйсгэхгүй. Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дамжин Улаан нуурт цутгадаг байсан Онги голын ай савд мөн тооны уурхай үйл ажиллагаа явуулснаас болж Онги тасарч, Улаан нуур бүрмөсөн ширгэсэн билээ.

“УРТ НЭРТЭЙ” ХУУЛИЙГ ЭРГЭЖ ХАРЖ, ХАМААТАН САДНЫ БИШ, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ДЭМЖЬЕ

Онги гол тасарч, Улаан нуур бүрмөсөн ширгэсэн явдал улстөрчдөд цочроо өгч, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан. Уг хуулиар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс буюу голын эрэг хөвөөнөөс 200 метрээс дотогш зайд ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон нь олон голын нурууг амсхийлгэж, “чөлөөтэй амьсгалах” боломж олгоод байсан юм.

Харин 2015 онд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уурхай ажиллахыг хориглох зайг 50 метр болгож багасгаснаар гол, нуурууд дахин аюулд ороод буй нь энэ. Тиймээс энэ өөрчлөлтийг эргэж харах, хамаатан садны биш, хариуцлагатай уул уурхайг дэмжих, дураар дургиж, хуулийг уландаа гишгэн, төрийн албаны нэр хүндийг унагасан албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцох шаардлага байгааг төр, засгийн удирдлагуудад уламжилъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)