БӨӨНЦАГААН НУУРЫН БӨӨН ЭМГЭНЭЛ: Ил захидлын хариу

-Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд хаягласан ил захидлын хариуд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, М.Билэгт нар байр сууриа илэрхийллээ-

Манай сонины сурвалжлах баг Баянхон­гор аймгийн Галуут, Бөмбөгөр, Гурван­ булаг суманд есдүгээр сарын сүүлчээр ажиллаж, Бөөнцагаан нуурын ганц тэжээгч Байдра­гийн үндсэн цутгал Өлзийт голын ай сав дахь эмх замбараагүй уул уурхай, тэнд алт олборлож буй компаниуд байгаль орчинд онц хэрцгий хандан, нө­хөж баршгүй хохирол учруулж буй талаар цуврал сурвалжилга бэлтгэн, нийтэлсэн билээ. Газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг нүдээр харж, биеэр мэдэрснээ ямар нэг нэмэр хачир, улстөржилт­гүйгээр гаргаж, сэтгүүлчийн эрэл хайгуул, баримт нотолгоо, баттай эх сурвалжийн мэдээлэлд түшиг­лэсэн уг сурвалжилга Монголын болон Төв Азийн экосистемд өөрийн гэсэн орон зай, өнгө төрхтэй, Рамсарын конвенцод бүртгэгдсэн Бөөнцагаан нуур үгүй болбол Монголын болон Төв Азийн экосис­темд нөхөж баршгүй гарз тохиохыг сэрэмжлүүлэх зорилготой байв.

Сурвалжилгынхаа төгсгөлд бид найман зууны тэртээд эзэн богд Чингисийн их цэрэг буудаллан, аян дайныхаа алжаалыг тайлсан нь “Монголын нууц товчоо”- нд тэмдэглэгдсэн, хожим нь, эв эвдэрсэн Түшээт хан, Засагт хан хоёр тэврэлдэн эвлэрч, найрамдлын тангараг тавьсан, Баруун, Зүүн гарын ноёдын их чуулган хуралдсан түүхт Заг, Байдрагийн Хүрэн бэлчир, “Говийн таван мөнгөн хундага”-аас ганцаараа тэсэж өдий хүрсэн, Нууруудын хөндийн хамгийн том нь болох Бөөнцагаан, аргаль, угалз, цоохор ирвэс тэргүүтэй дэлхийд ховордсон араатан, жигүүртэн техникжсэн нинжа нарын хөлд сүйдэж буй талаар төрийн түшээдэд онцгойлон дуулгах нь зөв гэж үзэн ил захидал бичсэн юм.

Уг захидлын хариуг өнөөдөр хүргэж байна. Манай нийтлэлийн дараа УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тойрогтоо ажиллан, Өлзийт голын ай савыг ухахаар шуударч, нутгийн иргэдтэй гурван сар шахам “дайтсан” “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг зогсоон, газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, уурхайн түр байрыг албадан нүүлгэсэн бол УИХ-ын гишүүн М.Билэгт “Бөөнцагаан нуурын хөвөөнд төрж, өссөн, тэр нутгийн унаган хүүхдийн хувьд нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн ижий цагаан нуур минь жилээс жилд татарч буйд сэтгэл эмзэглэж, нуураа хамгаалах боломж бололцоог байнга хайж яваа. Таван жилийн өмнө нуурын экологийн байдлыг мэргэжлийн хүмүүсээр судлуулж, Бива нуураа цэвэр цэнгэг, онгон төрхөөр нь хамгаалж үлдсэнээрээ алдартай Японы Осака хотынхонтой холбогдон туршлага судалж, тусламж хүсэж байсан” гээд, энэ ажлаа үргэлжлүүлж, Бөөнцагаан нуураа хамгаалахаа илэрхийлж, судалгааны материалаа ирүүлсэн юм.

М.БИЛЭГТ: БӨӨНЦАГААН НУУРАА ХАМГААЛНА

Түүний хийлгэсэн судалгаанд “Монгол орны нутагт Төв Азийн гадагшаа урсацгүй 180 гаруй эрдэст нуур бий. Эдгээр нь Увс, Хяргас тэргүүтэй нууруудаас бүрддэг Их нууруудын хотгор, Бөөнцагаан, Орог тэргүүтэй таван нуураас бүрддэг Нууруудын хөндий гэсэн хоёр том ай савд харьяалагддаг. Нууруудын хөндийн таван нуураас Адгийн цагаан, Таацын цагаан, Орог, Улаан нуур сүүлийн 20 жилд ширгэж, ганц Бөөнцагаан нуур үлджээ. Дээрх дөрвөн нуур ширгэхэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс гадна хүний буруутай үйл ажиллагаа ихээхэн нөлөөлсөн. Сүүлийн үед Бөөнцагаан нуурын усны түвшин, талбай жил ирэх тусам багасаж, 1960-аад онд үүссэн Багануур бүрмөсөн байхгүй болсон төдийгүй том нуурын хөвөө даруй хоёр км-ээр дотогш хумигдан, эргээр нь шавар шалбааг ихэсчээ. Энэ нь дараах шалтгаантай. Нуурыг тэжээдэг гол эх үүсвэр болох Байдраг, Өлзийт голын хөндийд алтны шороон ордууд нээж, ашиглах болсноор голын голдрилыг өөрчилж, усны ба- лансыг алдагдуулсан. Ингэснээр нуурт цутгах ус эрс багассан төдийгүй зарим жил Байдраг гол Улаан эргийн орчимд (нуурын цутгалан) бүрмөсөн тасарч байна” хэмээн дурджээ.

Хожимдоогүй дээрээ нуураа хамгаалахын тулд авах арга хэмжээний эхэнд тэрбээр “Байдраг, Өлзийт, Загийн голын ай сав дахь алтны шороон ордуудын ашиглалтыг бүрмөсөн зогсоох шаардлагатай” гэж бичсэн байна. Таван жилийн өмнө жирийн иргэн байхдаа нуураа хамгаалах санаачилга гарган, судалж байсан М.Билэгт өдгөө УИХ-ын гишүүн болсон. Бөөнцагаан нуураа сэтгэлдээ байнга тээж явдаг гэж хэлсэн түүнд бодлого боловсруулж, батлахад дуу хоолойгоо нэмэрлэх боломж бий билээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой Өлзийт голын хөвөөнөөс 50 метр хүрэхтэй, үгүйтэй газарт нуур үүсгэж, цагт 100 шоо метр шороо угаах хүчин чадалтай гурван усан буу зоочихоод, нутгийн иргэдийг доромжилж, заналхийлж, ажлаа хийж явсан сэтгүүлчид рүү хутга барин дайрч, хуульгүй мэт загнаж байсан “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг зогсоож, газрыг нь аймгийн тусгай хамгаалалтад авахуулсан талаар нь ярилцлаа.

Л.ЭЛДЭВ-ОЧИР: ГАРГАЖ ТАВЬСАН ҮНДЭСЛЭЛ БОДИТОЙ БАЙСАН УЧРААС ИХ ДУГУЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ ГЭСЭН ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТӨРСӨН

-Ард олон “Говийн таван мөнгөн хундага” хэмээн дээдэлж ирсэн таван нуураас тэсэж үлдсэн Бөөнцагаанд цутгадаг ганц гол нь Байдраг. Гэтэл таван сумын нутаг дамжин 300-гаад км зам туулж уг нуурт хүрдэг Байдраг, түүний цутгал Өлзийт, Заг голыг дагаад зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 30 гаруй уурхай алт олборлож буй нь Бөөнцагаан нуурт бодит аюул учруулж байна. Өнгөрсөн хавар л гэхэд нуурын цутгалан 10 гаруй км тасарч, хатсан нь Монголын говьд үлдсэн ганц том нуур Бөөнцагаанд аюул ойрхон байгааг сануулсан хэрэг.

-Үнэн, үнэн. Тийм л болчихоод байна. 

-Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Их дугуйд алт олборлохоор очиж, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг та зогсоосон. Таныг очиход уурхайнхан болон нутгийн иргэд ямар байдалтай байв?

-“Тулга жаргалант” гэдэг компани нэлээд асуудал үүсгэж байна, алт олборлогч, ард иргэдийн хооронд үл ойлголцол үүсээд уджээ гэсэн мэдээллийг хэвлэлээс аваад өнгөрсөн сарын эхээр Их дугуйг зорьсон. Газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг нь үзэхэд уг газарт ашиглалт хийх тусгай зөвшөөрлийг 2006 онд “Гацуурт” компани эзэмшиж, тэднийхээс “Тулга жаргалант” шилжүүлж авсан юм билээ. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй гэж тайлбарладаг ч тэр нь тодорхой хэмжээний зөрчилтэй. Тус компани Өлзийт голын хөвөөнд ажилчдын байраа төвхнүүлж, тоног төхөөрөмжөө зоон, нуур байгуулаад, үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байсан. Гэхдээ аймаг, орон нутгийн удирдлагатай гэрээ хийгээгүй, нутгийн иргэдтэй асар их үл ойлголцол үүсгэчихсэн байлаа.

-Танд тус компанийн үйл ажиллагааг зогсоох ёстой гэдэг итгэл үнэмшил төрөхөд юу нөлөөлсөн бол?

-Их дугуй бол Галуут сумын баруун талаар нутагладаг малчдын бэлчээрийн гол бүс нутаг. Ган, зудтай үед түшдэг газар нь. Түүнээс гадна “Тулга жаргалант” компанийнхны олборлолт хийх гэж буй газар нь Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай сав. Энэ нь Байдраг голын урсац, цаашлаад Бөөнцагаан нуурын орших, эс оршиход нөлөөлнө. Мөн аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтан тэнд нутагшдаг. Хэвлэл мэдээлэл, иргэдийн гаргаж тавьсан үндэслэл бодитой байсан учраас Их дугуйг хамгаалах ёстой гэсэн итгэл үнэмшил төрсөн. Иймээс аймгийн удирдлагад санал тавин, тэр хавийн 28 860 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргуулж, “Тулга жаргалант” компанид тэр газрыг ашиглуулахгүй гэдгээ мэдэгдсэн.

Нөгөө талдаа, тэнд үйл ажиллагаа явуулахаар очсон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компанийг тэр чигт нь хохироож болохгүй. Тиймээс тусгай зөвшөөрөл авахтай холбоотойгоор үүссэн хохирлын хэмжээгээ аймгийн ИТХ-д аравдугаар сарын 20-ны дотор гарган өгч, хохирлоо барагдуулах боломжийг “Тулга жаргалант” компанид олгосон.

Мөн, хаа газрын алт олборлогчид их дээрэнгүй юм. Их дугуйд намайг ажиллах үед нутгийн иргэдийг хэл амаар доромжилсон, элдвээр заналхийлсэн гэх гомдол гарсан учраас тухайн иргэдээр өргөдлийг нь бичүүлж, цагдаа, хууль хяналтын байгууллагаар шалгуулах ажлыг зохион байгуулж байгаа.

-Компани хохирлынхоо тооцоог гаргаж өгсөн болов уу?

-Заасан хугацаанд өгөөгүй гэсэн сураг сонссон. Яагаад өгөөгүйг мэдэхгүй.

-Бидэнд байгаа мэдээллээр “Тулга жаргалант” компани шүүхэд гомдол гаргаж, өөрийн талд шийдвэр гарвал хойтон Их дугуйд уурхайгаа ажиллуулна гэсэн итгэлтэй байгаа гэсэн. Шүүхдээд тус компани яллаа гэж бодоход та Их дугуйг хамгаалах байр суурьтаа хэвээр байна биз дээ?

-Ерөнхийлөгч уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг журамлана гэж мэдэгдсэн. Тамгын газарт нь хуулийн төсөл боловсруулж байгаа гэж сонссон. Энэ ажил нь ямар хэлбэрээр үргэлжлэх нь вэ. Шинэ Засгийн газрын Уул уурхайн сайд мөн энэ асуудалд нэлээд анхаарал хандуулж байгаа. Эмх замбараагүй олгосон тусгай зөвшөөрлүүдийг эмхэлж цэгцлэх бодлого боловсруулан оруулж ирнэ байх. Энэ бодлогын баримт бичгүүдийг УИХ-аар хэлэлцэх үед би бодит мэдээлэлтэй хүний хувьд санал, санаачилгатай оролцоно. Улсад ч, иргэдэд ч хохиролгүй, зөв хувилбарыг олохын тулд хамтран ажиллана.

-Өлзийт гол доошлоод Бөмбөгөр сумын нутгаар дайран урсаж байгаа. Тэнд голын ай савд маш олон уурхай ажиллаж, нөхөн сэргээлт нэрийн доор алт олборлож байна билээ?

-Дээр би алт олборлогчдыг түрэмгий гэж хэлсэн. Тэд түрэмгийгээс гадна сэтгэлгүй. Өмнө нь шороон орд эзэмшиж байсан хүмүүс газар сэндийчэж орхиод, нөхөн сэргээлт хийлгүй хаяад явчихсан. Аймгийн удирдлага түүнийг нь нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай гэж үзээд, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, нөхөн сэргээлтийн зөвшөөрөл өгдөг. Гэтэл зааж өгсөн газарт нь биш, байгуулсан гэрээгээ зөрчиж өөр газарт үйл ажиллагаа явуулдаг.

Бөмбөгөр сумтай холбоотой асуудлаар аймгийн удирдлага, мэргэжлийн хяналтын байгууллага чиглэл чиглэлдээ анхаарал тавьж, зөрчлийг багасгах, таслан зогсоохоор ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн.

Нөхөн сэргээлт нэрийн доор алт олборлох явдал өнгөрсөн дөрвөн жилд бүр эмх замбараагаа алдсан. Олон жилийн турш хуримтлагдаж, гажуудчихсан энэ асуудлыг нэг хэсэг хүн улс төрийн зорилгоор ашиглах явдал харагдаж байгаа. Бид үнэхээр эх нутгаа хамгаалъя гэж байгаа бол улстөржүүлэлгүйгээр, эрүүл, бодитойгоор асуудалд хандаж, үнэлэлт дүгнэлт өгч, зайлшгүй шаардлагатай хуульд өөрчлөлт оруулах, эсвэл одоо хэрэгжиж байгаа хуулийг мөрддөг болгох замаар маргаантай асуудлуудыг цэгцэлж, нэг тийш болгох ёстой. Ерөнхийлөгч, салбарын сайдын түвшинд асуудлыг ярьж, бодлого боловсруулах гэж байгаа бол сайн хэлэлцээд оновчтой хувилбар олох ёстой. Хамгийн зөв хувилбар бол газраа ухуулахгүй байх. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Засгийн газар “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдсэн учраас огт ухуулахгүй гэж бас болохгүй.

-“Алт-2” хөтөлбөрийг эсэргүүцэх нь манай нийтлэлийн зорилго биш. Монголын говьд үлдсэн ганц том нуур Бөөнцагаан, түүний цутгалыг “цаазын тавцан”-гаас аврах, уул уурхайг байгальд ээлтэй, хариуцлагатай, хяналттай болгох нь бидний зорилго. Үүний тулд голын ай сав дагуу алт олборлож буй эмх замбараагүй уурхайнуудыг цэгцэлж, хууль дүрэм мөрдүүлэх хэрэгтэй юм билээ. Энэ чиглэлд анхаарал хандуулж, алт олборлогчдын хөлд олон жил сүйдсэн эх нутгаа хамгаалахад хувь нэмрээ оруулж буйд тань баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)