Бөхчүүдээ улс төрөөс өмөөрхүй

Б.Бат-Эрдэнийг ерөнхийлөгчид нэр дэвшсэнээс хойш “бөхчүүд тэнэг мангар, бөх лам хоёр алгаа тосч амьдардаг гэх месежийг АН-ын зүгээс нэг хэсэг илгээх болсон.

Гэтэл АН өөрөө бас л олон бөхтэй болчихов оо. Угаасаа Х.Баттулга, Кёкүшюзан Д.Батбаяр гээд жүдо, сумогийн алдарт бөхчүүдтэй байсан тус нам Д. Дагвадлорж, А. Сүхбат нарын бөхчүүдээр хэдхэн хоногийн дотор бүл нэмэв. Спортод төдийгүй улс төрд өнгөтэй яваа эднийгээ АН-ыхан бас л тэнэг мангар гэж боддог бололтой. Элбэгээ ч угаасаа Х.Баттулгыг “гүлдгэр, мангар” гээд хэлчихсэн л дээ. Гэхдээ ухаантай байж, ур ухаан, авхаалж самбаа, арга мэх, хурд хүчийг хослуулж байж л монгол бөхийн торгон ногоог дэвжээн дээр ч, сумогийн дугуй тойрогт ч, жүдогийн татами дээр ч ялалт байгуулж аварга болно шүү дээ.

Спортынхон, бөхчүүд улс төрд өнгөтэй яваа жишээ гадаадад ч олон л байдаг. Хойт хөршийн ерөнхийлөгч В.Путин жүдо бөхөөр насаараа хичээллэсэн зэрэг цолтой тамирчин. АНУ-ын Кальфорни мужийн амбан захирагч асан жүжигчин Арнольд Шварцнегр бодибилдингийн дэлхийн зургаан удаагийн аварга юм. Ингээд тоочоод байвал олон. АН-ыханы бодлоор бол В.Путин, А. Шварцнегр нар тэнэг мангар бололтой.

АН-ыхан уг нь Олимпын аваргуудад өндөр тэтгэмж өгөөд, спортыг дэмжээд тун дориун байсан юм сан. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аваргыг дайруулах гээд бөхчүүд, спортынхоныг тэнэг мангараар нь баахан дуудчихсан. Гэсэн хэдий ч бөхчүүд тэнэг мангараараа дуудуулах дуртай юм уу, АН-д хошуураад л байх юм. Уг нь монгол эр хүний жудаг, нүнжиг, нандин чанар бөхчүүдэд л хадгалагдан үлдсэн байдаг. Энэ сайхан нэр төрөө хайрлаж л явмаар юм даа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)