Бөхчүүдийг энэ сарын 26-28-нд бүртгэнэ

Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т, Төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа билээ. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсыг байгуулсны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооноос, наадмыг онцгой нөхцөл байдалд зохион байгуулахтай холбоотойгоор Монгол үндэсний бөхийн холбоонд чиглэл хүргүүлжээ. Улсын их баяр наадамд барилдах 512 бөхийг энэ сарын 26-28-нд цахимаар болон шаардлагатай тохиолдолд зарим бөхийг биечлэн байлцуулж бүртгэх юм байна. Барилдах бөхчүүд наадмын өдрүүдэд хэрэглэх хүнс, сандал, нарны хаалтаа өөрсдөө бэлтгэх, харин ажиллах цэц, засуул, жаяг дэгийн багийн өдрийн хоолыг бөхийн салбар комиссоос гаргах аж. Бөхчүүдэд гэр бүл, ойр дотнын найз нөхөд, багш, дасгалжуулагч, шавь нараа наадмын талбай руу явах автобусанд оруулахгүй байх зааврыг хүргүүлжээ. Бэлтгэл сургуулилалтаа базааж буй бөхийн галуудад эртнээс уламжилж ирсэн дэг жаяг, гараа дэвээ, ам угтуул авах ёс, өмсгөл хувцас хэрэглэлээ дээдлэх, өөр хоорондоо эв нэгдэлтэй, эерэг харилцаа, зөв хандлагатай байх талаар тодорхой чиглэл өгсөн байна. Бөхчүүд, сур, шагай харваач, уяач, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулж, мэргэжлийн албан хаагчид байнгын хяналт тавьж, жижүүрлэн ажиллахаар журамласан байна.

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаал, “Дээлтэй Монгол” наадам, баяр наадмын ёслолын буудлага, өсвөрийн бөхийн барилдаан, хүүхдийн сур, шагайн харваа, төрийн дайллага, уяачдын наадам, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр, үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа явуулахгүй байхаар тогтсон. Бөхийн барилдаан, сур, шагайн харваанаас гадна зургаан насны хурдан морины уралдааныг техникийн дэвшил, технологийн шийдлийг ашиглан үзэгчдэд теле болон цахим хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх боллоо.