Бүх нийтээрээ субботникт гаръя

“Субботниктоо гараарай. Хүүе, чи гэртээ ороод аавыгаа дуудаад гаргаад ир!” Сэтгэлд хоногшсон киноны танил үг, өгүүлбэр байгаа биз. Бидний туулж өнгөрсөн нийгмийн содон дурсамжийн нэг нь энэ. Ажлын зургаан өдөртэй, үлдсэн ганц амралтын өдрөөрөө шүүр, шуудай, хүрз зээтүүгээ бариад бүхэл өдөржин субботник хийдэг, тэгэхдээ цэвэрлэгээ гээчийг жинхэнэ утгаар нь хийж чаддаг, бүх нийтээрээ дарга цэрэггүй энэ ажилд оролцож, үнэн сэтгэлээсээ ханддаг байсны жишээ.

Иргэншил хөгжлийн асуудал хөндөж ярихаар явж явж олон нийтийн ухамсар хэмээх зүйл дээр очоод “гацдаг” тал бий. Өмнөх нийгмийн үед нийслэл хот, амьдарч буй барилга байшин, албан газар түүний ойр орчмыг цасгүй, хоггүй байлгах нь иргэн хүн бүрийн үүрэг байлаа. Үүргээ сайн мэддэг, хамгийн гол нь гэрээ цэвэрлэдэг шигээ хот нийслэлээ гоё байлгах ёстой гэсэн иргэний ухамсар хүн бүрт байжээ гэж боддог. Өнөөдөр тэгвэл бидэнд ийм ухамсар алга. Байсан ч түүнийг нь “сэрээх” хүч алга юм уу даа.

Улс нийтээрээ амралтын өдөр тохиолоо хэмээн дээр дооргүй хөөрцөглөөд, би ч ялгаагүй, хүүхдүүдтэйгээ гэртээ өнжих нь гээд баяртай суугаа, ний нуугүй хэлэхэд. Гэхдээ нийслэл даяараа цасаа цэвэрлэх гээд чадахгүй долоо, найм хонож байгааг бүгд мэднэ. Оюутнууд, цэргүүд энэ ажилд дайчлагдсан, гэсэн ч дагтаршсан цас тийм амар алга болчихгүй эд аж. Сургууль, цэцэрлэгийн жаалууд нэг өдөр амраад дулаан гэртээ байна л биз, харин томчуудыг энэ өдөр цас арилгах субботникт дайчилъя гэж уриалсан бол Засгийн газарт, хотын захиргаанд онц дүн тавих байлаа, иргэд. Зуд болохыг дохиолж, цас их унахыг сануулсаар байхад амралтаа урьтал болгоод, бямба гаригт таарсан тэмдэглэлт ойг наашлуулж л байдаг, аргагүй залхуу улс юм аа, бид. Хэрэв төрийн бүх албан байгууллагыг энэ өдөр хагас ажиллуулаад, үдээс өмнө ойр орчмынхоо цасыг нийтээрээ цэвэрлэе гэж уриалсан бол амлалт, мөрөөдөл сонссоор залхсан хүмүүст гоё дуулдах байлаа.

“Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг тэмдэглэж байгаа юм, чи дут” гээд захаас аваад зандрах хүн бий л байх. Энэ улсыг байгуулалцсан, бүтээн байгуулалтад оролцсон өвөө эмээ нарын үед улс, хот маань харин ямар өнгө төрхтэй байсныг тэд сайн мэднэ дээ. Хэрэглээнд мартагдсан үгийг жинхэнэ утгаар нь сануулах гэж “Өнөөдөр” сонин зориуд ингэж уриалъя, “Бүх нийтээрээ субботникт гаръя, цасаа цэвэрлэцгээе!”


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)