Бүх нийтийн хатуу хөл хорионы дэглэм тогтоолоо

Баянгол дүүрэг, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал. 2020.11.11. 08.10 цаг

Монгол Улс 10 сар бэлтгэсэн шалгалтаа өгөх цаг ирлээ. “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэхийн тулд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоож, халдварыг дотооддоо алдаагүй өдий хүртэл тэссэн. Харин өчигдөр дөрвөн хүн дотоодоос халдвар авсан нь илэрч, тэдний ойрын хавьтлын буюу уулзсан, харилцсан, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг нь олж тогтоон, хяналтад авахын тулд Улсын онцгой комисс (УОК)-оос Улаанбаатарт гурав хоногийн хөл хорио тогтоолоо. Үүний хүрээнд бүх шатны боловсролын байгууллагуудыг түр хааж, хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

“Амны хаалт зүү” гэж байнга сануулдаг Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг ч дагаж мөрддөг хүн үгүй болсон. Товчхондоо, дотоодод ямар нэгэн хязгаарлалт байгаагүй, халдварыг алдвал голомтлон тархах хөрс нь бүрдчихсэн байлаа.

Алтанбулагийн боомтоор өнгөрсөн сарын 14-нд орж ирсэн, улс хоорондын ачаа тээврийн автомашины жолооч “Энх саран” сувилалд тусгаарлалтын 21 хоногоо өнгөрөөчихөөд, гэртээ харьжээ. Гэтэл гэртээ ирснээс нь хойш дөрөв хоногийн дараа буюу өчигдөр 00.00 цагийн үед түүнээс коронавирус илэрлээ. “Тусгаарлалтаас гарсан иргэдийг хяналтын шинжилгээнд хамруулдаг. Үүний дагуу тухайн иргэнийг гэргийнх нь хамт шинжилгээнд хамруулахад “Ковид-19” илэрсэн” гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр мэдээлсэн. Гэхдээ яагаад гэртээ байсан хүнээс халдвар илрэв, тусгаарлах байр буюу “Энх саран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан уу, тусгаарлагдсан иргэдийг хянаж байсан хүмүүс ажлаа хийгээгүй юу зэрэг олон асуулт хариулт нэхэж буй ч УОК энэ талаар тоймтой хариулт өгөөгүй бөгөөд “Тандалт, судалгааны баг нарийвчлан судалж байна” хэмээсэн юм.

Бэлтгэсэн: М.Оч

“Хүчит шонхор” зах, 2020.11.11-ний үдэд

ГУРАВ ХОНОГ ХӨЛ ХОРИХООР БОЛОВ

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК өчигдөр 01.00 цагт шуурхай хуралдаж, дээр дурдсанчлан гурав хоног хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, 06.00 цагт олон нийтэд энэ талаар мэдээлсэн юм. Тухайн үед халдвар авсан хоёр иргэний ойрын хавьтлын 16 хүн байна хэмээсэн. Тэгвэл 11.00 цагт олон нийтэд мэдээлэл өгөхдөө уг тоо 24 болж нэмэгдсэнийг дурдаад, тэднийг ХӨСҮТ-д шинжилгээнд шуурхай хамруулж буйг уламжлав. Шадар сайд Я.Содбаатар “Бид 10 сарын хугацаанд “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан. Харин одоо нүүр тулан тэмцэх цаг ирлээ. Салбар бүр бэлтгэлээ хангасан учир тайван байхыг иргэддээ уриалж байна. Албан ёсны эх сурвалжаас бодит мэдээлэл авч, хамтдаа нэгдмэл, нэгэн санаатай байж энэ аюулт өвчнийг даван гарна” хэмээсэн юм.

Тэрхүү 24 хүнийг яаралтай шинжилгээнд хамруулсан бөгөөд 15.20 цагт дахин хоёр хүнээс коронавирус илэрлээ. Жолоочийн дүү болон гэргийнх нь ээж халдвар авчээ. Ингэснээр халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын хүмүүс нэмэгдэх нь тодорхой болов. Яг хэдэн хүн коронавирусээр халдварласан байх магадлалтайг албаныхан ихэд нууцалж “Ойрын хавьтлын хүмүүсийг олж, тандалт, судалгаанд хамруулах ажил үргэлжилж байна. Тодорхой болсны дараа нийтэд мэдээлнэ” гэлээ. Албан бус мэдээллээр бол халдвар авсан нь нотлогдсон иргэд урлагийн тоглолт үзэж, спортын тэмцээнд оролцсон, олон нийтэд үйлчилдэг ажил эрхэлдэг байсан аж. Тэгэхээр ойрын хавьтлын хүмүүсийн тоо геометр прогрессоор өсөх магадлалтай гэсэн үг.

КОРОНАВИРУСИЙГ МАРТСАНЫ УРШИГ

Манай улсад өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд “Ковид-19”-ийн анхны тохиолдол илрэхэд холбогдох албаныхан шуурхай ажилласны дүнд дотооддоо алдалгүй, барьц алдалгүй “барьж авч” чадсан билээ. Үүнд иргэд ч чухал хувь нэмэр, үүрэг гүйцэтгэсэн. Хорио цээрийн дэглэмийг улс даяараа сайн мөрдсөний ачаар, тэр дундаа бүх нийтээрээ амны хаалт зүүж сурсны үр дүнд халдварыг дотооддоо алдаагүй гэдгийг албаныхан ч хүлээн зөвшөөрч байсан.

Харин энэ удаад нөхцөл байдал огт өөр байлаа. Амны хаалт зүүсэн хүн бараг харагдахаа больж, улс даяар тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хорио цээрийн дэглэм үндсэндээ албан бусаар цуцлагдсан. Хил хаалттай л болохоос биш дотоодод ямар нэгэн хязгаарлалт байгаагүй. Боловсролын байгууллагууд хэвийн үйл ажиллагаа явуулж, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр зохион байгуулж байв. “Амны хаалт зүү” гэж байнга сануулдаг Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг ч дагаж мөрддөг хүн үгүй болсон. Товчхондоо, дотоодод ямар нэгэн хязгаарлалт байгаагүй, халдварыг алдвал голомтлон тархах хөрс нь бүрдчихсэн байлаа.

Харин өчигдөр халдварыг дотоодод алдсан сургаар иргэд үймэлдэж, амны хаалтын эрэлд гарч, зах, худалдааны төвд урт дараалал үүсгэн, бараа, бүтээгдэхүүн худалдан авав. Уг нь “Хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай бий” гэж салбарын яамнаас мэдээлсэн ч тоосонгүй. Харин оройноос хотын гудамж эл хуль боллоо. Эрүүл мэндийн яамнаас гаргасан “Шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх” зөвлөмжийг иргэд дагасан бололтой.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Дэлхий даяар тархсан коронавируст цар тахал дотоодоос илэрсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр 13.00 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдууллаа. Тэрбээр иргэддээ хандан, бүх хүн хариуцлагатай байж, амны хаалт зүүж, халдвар хамгааллын дэглэм сахихыг уриалсан бөгөөд “Төр, засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. Одоо бүх зүйл хувь хүнээс, танаас шалтгаална” гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нөхцөл байдал хүндэрвэл хорио цээрийн дэглэмийг сунгаж болзошгүйг ард иргэддээ урьдчилан сануулъя. Ард иргэд үймж болохгүй, тайван байж, бие биедээ хариуцлагатай хандаж, ахуйн ариун цэврийг сайтар сахих ёстой. Манай улс хүнсний хомсдолд орохгүй. Үүнд битгий санаа зовоорой. Хүнсний хангамжийг Засгийн газар урьдчилж бэлдсэн учраас зохиомол хомсдол битгий үүсгээрэй” хэмээсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ бол онцгой нөхцөл байдал. Үндэсний аюулгүй байдал хувь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой учраас иргэн бүр хуулиа чанд сахиж, бие биедээ шаардлага тавьж, хүндрэлтэй үеийг эв санааны нэгдлээр давахын төлөө хамтарч ажиллахыг уриалж байна. Үүний тулд хамгийн гол нь тайван байдлыг хангаж, худал хуурмаг мэдээллээр нийгмийг цочирдуулахгүй, нийгмийн дархлааг унагахгүй байж, нийтийн эрх ашгийн төлөө эв нэгдэлтэй, сахилга хариуцлагатай, өндөр ухамсартайгаар энэ цаг үеийг давахыг уриалж байна” гэв.

ОЙРЫН 73, ДАМ ХАВЬТЛЫН 2000 ХҮН БАЙНА

УОК, Засгийн газар өчигдөр 21.00 цагаас шуурхай хуралдлаа. Хуралдаан 23.20 цагийн үед дууссан бөгөөд улс даяар тав хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргав. Дотоодоос халдвар авсан дөрвөн иргэний ойрын болон дам хавьтлын хүмүүсийг энэ хугацаанд тандалт, судалгаанд хамруулах юм байна. Монгол Улсад анх удаа хатуу хөл хорио тогтоож байгааг Шадар сайд Я.Содбаатар онцолсон. Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 12-ны 06.00 цагаас 17-ны 06.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Хүнсний дэлгүүр, үйлдвэр, шатахуун түгээх станц, эмнэлэг, эрчим хүч, ДЦС, хэвлэл мэдээлэл, харилцааны холбооны байгууллагууд үйл ажиллагаа хэвийн явуулна. Төрийн байгууллагуудаас тодорхой тооны хүмүүс ажиллана. Хувийн хэвшлийнхэн бас цахимаар ажиллаарай, бүх хүн гэртээ байж, халдвар хамгааллын дэглэм сахихыг уриалъя” хэмээсэн юм. Энэхүү тав хоногийн хугацаанд нийтийн тээврийн хэрэгсэл нийслэлийн Засаг даргын өчигдөр баталсан хуваарийн дагуу буюу өглөө, оройд л зорчих аж.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Дотоодоос халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын 73 хүнийг бид одоогоор илрүүлсэн. Мөн дам хавьтлын 2000 гаруй хүн бий. Тэдний байршлыг тогтоохоор ажиллаж байна. Үүнээс гадна өвчилсөн иргэдтэй хамт тоглолт үзсэн гэх 200 гаруй хүн сайн дураараа шинжилгээ өглөө. Тэд бүгд эрүүл гэж хэлэхэд хэцүү. Тиймээс иргэд хөл хорионы дэглэмээ мөрдөж, хэцүү нөхцөл байдлыг бүгдээрээ хамтдаа даван туулъя” гэв. Тав хоногийн хөл хориог сунгах, эсэхийг дээр дурдсан 73 хүний шинжилгээний хариунд үндэслэн шийдэх гэнэ.

Хойд хилийн зарим боомтыг бүрэн хаалаа

Авто замын боомтуудаар нэвтэрсэн, улс хоорондын ачаа тээврийн автомашины жолооч нараас коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол сүүлийн 10 гаруй хоногт эрс нэмэгдсэн. Тиймээс авто замын зарим боомтыг хаах саналыг УОК энэ сарын 10-нд гаргасан юм. Энэ талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж зарим шийдвэр гаргалаа. Юуны түрүүнд хамгийн эрсдэлтэйд тооцогдож байсан Алтанбулагийн авто замын боомтоор энэ сарын 16-наас ирэх оны нэгдүгээр сарын 18 хүртэл ачаа тээврийн автомашин нэвтрүүлэхийг хориглолоо. Харин энэ сарын 16 буюу ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл өндөр хяналтын доор ачаа тээврийн автомашинуудыг нэвтрүүлэх аж.

Тус боомтыг хаасан хугацаанд Алтанбулагийн чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа, бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулах гэнэ. Ингээд ирэх оны нэгдүгээр сарын 18-наас эм, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн муудах бараа, бүтээгдэхүүнийг уг талбайгаас шилжүүлэн ачих юм. Мөн Цагааннуурын боомтыг энэ сарын 23-наас эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ажиллуулж, зөвхөн шатахуун тээвэрлэсэн автомашин нэвтрүүлэх шийдвэр гаргав. Үүнээс гадна Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцавын боомтыг энэ сарын 16, Боршоогийн боомтыг 23-наас бүрэн хааж, ачаа тээвэр нэвтрүүлэхийг хориглолоо.

Бэлтгэсэн: М.Оч

Бага насны хүүхэдтэй хүмүүс гэрээсээ ажиллана

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, 0-12 насны хүүхэдтэй иргэдийг аль болох гэрээсээ ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллагуудад үүрэг болголоо. Мөн ийм зохицуулалт хийхийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд уриалав. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг өнгөрсөн гуравдугаар сард баталсан. Уг төлөвлөгөөг өчигдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Үүний хүрээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоохоор болсон. Тиймээс бага насны хүүхэдтэй эцэг, эхийг гэрээс нь ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ.

Иргэдийн мэдээллийг цахим орчинд түгээх хориотой

“Эдгээр иргэнтэй уулзсан бол ХӨСҮТ-д яаралтай хандана уу” хэмээх тайлбартай 10 хүний гэрэл зураг өчигдөр цахим орчинд тархав. Ингэхдээ тэдний зургийн доор хувь хүний нууцад хамаарах овог, нэр, регистрийн дугаар, гэр бүлийн мэдээлэл, гэрийн хаяг, ажлыг нь тодотгон бичжээ. Эх сурвалж нь тодорхойгүй уг мэдээллийг иргэд бусдад түгээж, зураг дээрх хүмүүсийг зүй бус үгээр доромжилсон сэтгэгдэл бичсээр байлаа. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос “Олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой худал мэдээлэл тарааж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байхыг иргэдэд анхааруулъя. Таны түгээсэн сөрөг, ташаа мэдээлэл нь бусдын эрхийг бүдүүлгээр зөрчиж, нийгэмд талцал, үймээн самуун үүсгэж, ялгаварлан гадуурхахыг дэвэргэх эрсдэлтэй тул иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлан цахим орчинд соёлтой байна уу” хэмээн албан ёсны уриалга гаргав.

Бэлтгэсэн: Э.Намугун

Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгийг хойшлуулав

УОК-ын шийдвэрээр Улаанбаатарт хөл хорио тогтоосон. Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэхээр төлөвлөсөн байсан нислэгийг уг шийдвэртэй холбоотойгоор түр хойшлуулах үүргийг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст УОК-оос хүргүүлсэн байна. Үүний дагуу энэ сарын 12, 13-нд товлосон хоёр удаагийн нислэгийг хойшлуулсныг ЭСЯ-наас иргэдэд мэдэгджээ. Нислэгийг хэдий хүртэл хойшлуулах нь одоогоор тодорхойгүй байна. Ташрамд дурдахад, манай улс энэ сард 10 удаа тусгай нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Үүний зургаа нь Сөүлийн чиглэлийнх байв. Дээр дурдсан хоёроос гадна энэ сарын 18, 20, 27-нд Сөүл рүү нислэг үйлдэх хуваарьтай. Тус улсаас хамгийн олон буюу 3000 гаруй монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.

Нийтийн тээврийг тусгай хуваарьт шилжүүллээ

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр 03.00 цагт хуралдсан юм. Үүний дараа нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу олон хүн хамарсан арга хэмжээнүүдийг цуцалж, зарим байгууллагын үйл ажиллагааг зогсоон, нэг хэсгийг нь цагийн тусгай хуваарьт шилжүүлэв. Тухайлбал, хүнсний худалдаа, үйлчилгээ, цайны, зоогийн газрууд 07.00-22.00 цагт ажиллах бөгөөд согтууруулах ундаа худалдахгүй. Нийтийн тээврийг ч тусгай цагийн хуваарьт шилжүүлж, өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагт явуулахаар тогтсон төдийгүй амны хаалтгүй иргэд автобусаар зорчих боломжгүйг захирамжид дурджээ. Мөн бага насны хүүхдийг олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, байгууллага, аж ахуйн нэгжүүд ажиллагсад болон үйлчлүүлэгчдийн биеийн халууныг шалгасны дараа нэвтрүүлэх шаардлагатайг онцолжээ. Хориглосон арга хэмжээ болон үйл ажиллагааг нь зогсоосон газруудыг жагсаалаа.

  • Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан, аялал зугаалга, сургалт
  • Баар, цэнгээний, тоглоомын газар, сүм хийд, урлаг соёлын үзвэрийн газар
  • Цанын бааз, спорт заал, саун, бассейн, фитнес, бүжиг, иогийн клуб
  • Амралт, жуулчны бааз, дэн буудлууд
  • Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын болон өдөр өнжүүлэх төвүүд ч үүнд хамаарна.

Нэг удаагийн амны хаалт 300-800 төгрөгийн үнэтэй байна

Улаанбаатарт өчигдрөөс эхлэн хөл хорио тогтоосноор сандарсан иргэд эмийн сангуудаас амны хаалтыг бөөнөөр нь авч, урт дараалал үүсгэж эхлэв. Эмийн сангуудад худалдаж буй амны хаалт өнгө, том, жижгээс хамааран нэг ширхэг нь 400-800 төгрөгийн үнэтэй байлаа. Зарим эмийн санд нэг удаагийн амны хаалт дууссан байв. Үүнээс үүдэн үнэ нь хоёр дахин өсөөд байна. Тухайлбал, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд нэг удаагийн амны хаалтын үнэ 120 төгрөг байснаа өчигдөр 300-д хүрлээ. Худалдагчид амны хаалт сонирхож буй иргэдэд “Хэд хоногоос хомсдож мэднэ, олныг аваад хадгалчих”, “Үнэ нь нэмэгдэх байх” хэмээх аж. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уг нь “Бараа, бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэж, үнийн хөөрөгдөл бий болгохгүй байх”-ыг анхааруулж, зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийг торгох хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн. Гэтэл бодит байдалд энэ нь төдийлөн хэрэгжихгүй байгааг худалдагч хэлэв. Мөн 50 ширхгээр нь багцалсан, нэг удаагийн амны хаалтыг “Нарантуул” худалдааны төвд 15-20 мянгаар борлуулж байлаа.

Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг

ХӨСҮТ-ийн 119, 80086829 утсаар зөвлөгөө аваарай

Алтанбулаг боомтоор орж ирээд, “Энх саран” сувилалд 14 хоног тусгаарлагдаад гарсан иргэнээс өчигдөр “Ковид-19” илэрсэн. Түүний ойрын хавьтал хэмээн 24 хүнд өчигдөр шинжилгээ хийхэд хоёрынх нь шинжилгээний хариу эерэг гарч, манай улс халдварыг дотооддоо алдлаа. Эрүүл мэндийн яамнаас иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх дараах зөвлөгөөг хүргэж байна.

  • Сэтгэл санаагаа тайван байлгаж, дархлаагаа дэмжих
  • Хувийн ариун цэврээ сахиж, гараа сайтар угаах
  • Амны хаалт тогтмол зүүх
  • Онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй, гэртээ байх
  • Агааржуулалт муу орчинд удаан байж болохгүй
  • Хүн олноор цугларсан газарт бүү оч
  • Бусадтай харилцахдаа 1.5 метрийн зайтай зогсох
  • Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах
  • Зөв хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
  • Эрт унтаж, амрах
  • Архи, тамхи хэрэглэхгүй байх
  • Хэрэглэсэн амны хаалтаа зөв эвхэж, хаях
  • Ханиалгаж, найтаалгахдаа ам, хамраа дарж хэвших
  • Халдварын шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаран очихгүйгээр ХӨСҮТ-ийн 119, 80086829 дугаарын утсаар зөвлөгөө аваарай

Бараа, бүтээгдэхүүний үнийг нэмбэл 20 хүртэлх сая төгрөгөөр торгох нь

Цар тахлын үед аж ахуйн нэгжүүд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй, тогтвортой байлгах шаардлагатай гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр мэдэгдэв. Уг мэдэгдлээ аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж эхэлжээ. Мөн үндэслэлгүйгээр үнэ нэмбэл иргэнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгохыг анхаарууллаа. Бүтээгдэхүүнийхээ үнийг хэт хөөрөгдсөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн талаар 115 дугаарын утсанд мэдэгдэж, хамтран ажиллахыг тус газрынхан олон нийтэд уриалжээ.

Түүнчлэн УОК-оос улсын хэмжээнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нөөц хангалттай бий учир үнэ нэмэх үндэслэл байхгүй гэдгийг мэдэгдсэн. Ингээд улсын нөөцөөс 50 тонн мах гаргаж, зах зээлд нийлүүлэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Хүнсний нөөц хангалттай байгаа. Дэлгүүр, зах, худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Тиймээс иргэд хөл хорио тогтоосон хугацаанд зохиомол дараалал үүсгэхгүй байхыг хүсье” хэмээсэн юм.

“Спутник V” вакцин хийлгэсэн эмч нараас халдвар илэрчээ

  • ОХУ-ын Алтайн хязгаарт “Спутник V” вакцин хийлгэсэн гурван эмчээс шинэ төрлийн коронавирус илэрчээ. Гэхдээ тэдний хоёр нь эмчилгээ хийлгээд эдгэрсэн бол гурав дахь удахгүй эмнэлгээс гарах гэж байгаа гэнэ. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар эхний тарилгыг хийснээс хойш гурван долоо хоногийн дараа хоёр дахийг хийх ёстой. Хоёр тарилгыг хийснээс хойш гурван долоо хоногийн хугацаанд дархлаа тогтож, халдварын эсрэг хамгаалалттай болох гэнэ.
  • Москва болон Санкт-Петербургт халдварын нөхцөл байдалтай холбогдуулан авсан нэмэлт хязгаарлалтыг ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл сунгав. Үүнд зочид буудал хамаарахгүй. Харин ресторан, кафе, баар 23.00- 06.00 цагийн хооронд ажиллахгүй. Гэхдээ энэ журам хүргэлтийн үйлчилгээнд хамаарахгүй. Их, дээд сургуулийн оюутнуудыг зайны сургалтад шилжүүлж, тээврийн хэрэгслээр зорчих оюутнуудын картыг түр хугацаагаар хааж, гэрийн дэглэм баримтлахыг зөвлөв. Театр, концертын танхимууд суудлынхаа 25 хувьд нь үзэгчдийг хүлээн авч, үйл ажиллагаа явуулж болно. Спортын арга хэмжээнд үзэгчдийг оруулах болбол зөвшөөрөл авах ёстой. Соёл, зугаа цэнгэл, боловсролын арга хэмжээ, хүүхдийн зуслан, өдөр өнжүүлэх болон тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоов. Гэхдээ хүүхдэд зориулсан үйл ажиллагааг ил задгай талбайд зохион байгуулж болох аж.
  • Вануатуд “Ковид-19”-ийн анхны тохиолдол бүртгэгдэж, халдвар илэрсэн улс, нутаг дэвсгэрийн тоо 217 боллоо. Тус улс өнгөрсөн гуравдугаар сард хилээ хаагаад, саяхнаас иргэдээ эх оронд нь авчрах нислэгүүдийг хатуу хяналттайгаар хийж эхэлсэн юм. АНУ-аас ирсэн, тусгаарлалтад байсан иргэнээс нь вирус илэрчээ.
  • Европт коронавирусээр нас барсан хүний тоо 300 мянгыг давжээ. Вакцин гарах найдвар байгаа ч өвөл болж буйтай холбоотойгоор халдварын тохиолдол, нас барсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүйд эрх баригчид нь түгшиж байна. Манай гаргийн хүн амын 10 хувь нь оршин суудаг тус тивд дэлхийн нас баралтын нийт 1.2 сая тохиолдлын дөрөвний нэг нь ногдож байна.
  • Японы нийслэл Токиод халдварын 317 тохиолдол илэрчээ. Энэ нь хоногт бүртгэгдсэн халдварын тархалт оргил үедээ хүрсэн (200 давсан) энэ оны наймдугаар сарын 20-ноос хойш 300 давсан анхны тохиолдол юм.

Бэлтгэсэн: З.Гал