Бүтээн туурвих ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭЗЭД

“Бөртэ” хамтлагийнхан сонор мялааж, сэтгэл гижигдсэн бүтээлүүдээрээ Монголын үндэсний хөгжмийн урлагт хөгжлийн шинэ шан татсаар Европоос Монголоо зорин ирсэн нь саяхан мэт. Одоогоос тав хоногийн өмнө буюу шинэ уран бүтээл “Алтай” клипээ олонд хүргэсэн өдөр нь тэдэнтэй ярилцаж байхдаа хамтлаг байгуулагдаад 19 жил болсныг мэдлээ.

Тэртээ 2002 оны өвөл Улсын филармонийн тайзан дээр гарамгай уран бүтээлчдийн “Виртуозо гала концерт”-оор тоглохыг нь анх сонсоод “Морин хуур, ятга, ёочин, их хуур, бишгүүр гэсэн хэдхэн хөгжим л байх юм. Ийм гоё дуугарах гэж байх уу” хэмээн гайхсан ч, ямар гээчийн төрөл жанраар тоглоод байгааг нь ойлгоогүй юм. Тэгэхэд уг концертыг зохион байгуулагчид “Этник жааз. Германд тоглохыг нь сонссон хөгжим судлаачид ингэж тодорхойлсон” гэж байлаа. 

Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн мэргэжлийн залуухан хөгжимчид уран бүтээлийн ч, амьдралын ч олз хайж Баруунд зориглон гарч байсан халуухан насных нь дурсамжит өдрүүд ард үлдсэн ч, хамтлаг өнөөдөр дахин Барууныг зорих гэж байна. Тэд өдгөө “Boerte: world music” хөтөлбөртэйгөөр Герман, Франц, Швейцар, Чех улсад тоглох нь. Уран бүтээлийн судалгаа хийж, гэрээ байгуулахаар довтолгох нь. Хөгжимчид үл зогсох хөдөлгүүр мэт үргэлж урагш тэмүүлэн зүтгэж, судалж, дүгнэн, туршиж, тоглож, фэнүүддээ уран бүтээлийн тансаг бэлгүүд барьсаар, хөгжимд дурлагсдын зүрх, сэтгэл рүү байнга довтолж байдаг соён гэгээрлийн талбар дахь онц “дайчид” билээ.

Мэндлээд удаагүй “Алтай” клип нь үзэгч, сонсогчдын талархлыг хүлээж байна. Эх орны баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд очиж, Алтай Таван богд ууланд зураг авахдаа тэр орчмын байгалийн үзэсгэлэнт газрууд, тэр дундаа 13 цаст хайрхан, Бага түргэний хүрхээ, Потанины мөсөн гол, Хурган нуурыг дурандаа буулгажээ. Үлгэрийн өвөө мэт цагаан сахалт урианхай өвгөн, Таван богд уулын орчимд голчлон аж төрж буй казах түмний аж амьдралын зах зух, бүргэдчин охин Айшолпан, ятга, алтай ятгын эгшиг, эвэр бүрээний “урамдаан”, бөмбөрийн зөөлөн нүргээн сэтгэл уяраана. 

Эр бор харцага дэвэх нь үү гэтэл, эсрэгээрээ бий биелж, нутгийн уугуул ястнуудын зан төрхийг илтгэх нь сонирхолтой. Алтайгаа магтан хархирч, хөөмийлнө. Хөгжимчид Монголынхоо баруун хязгаарын үзэсгэлэнт байгалийг хажууд байгаа мэтээр ийнхүү зураглав, дуулав. Хамтлагийн ахлагч, их хуурч, хөөмийч, алтай ятгач Д.Ганпүрэв “Алтайн магтаал”-аас сэдэвлэн бичсэн аялгууг хамтлагийн гишүүн, хөгжмийн зохиолч О.Чинбат найруулжээ. Тэрбээр хоолойн бичлэгийг өөрийнхөө EB студид хийсэн аж. Орон нутаг дахь зургийн ажлыг “TJ энтертайнмэнт” хариуцсан бол хөгжмийн компьютерын найруулга дээр Г.Даваахүү ажиллажээ.

Клипний, студийн бүхий л ажлыг хариуцсан О.Чинбат “Алтай”-г есөн сарын турш хийсэн бүтээл хэмээв. Эвэр бүрээч, хөгжмийн зохиолч, продюсер О.Чинбат нэгэн үе хамтлагийнхаа отгон хөгжимчин байсан бол өдгөө зөвлөхийн үүрэгтэй ажиллаж байгааг ахлагч Д.Ганпүрэв хэлсэн. Түүнийг ингэж хэлэхэд Чинбаа “Бид бүгдээрээ бие биедээ зөвлөж байна. Жаахан илүү дуугарч байгаа нь би болов уу. Яагаад гэхээр компьютерын программ дээр сууж, студийн ажлуудыг авч яваа болохоор дуу авиа, хөгжмийн зохиомжийн талд санаа тавьдаг. Хөгжмийн дуугаралтыг цаг үетэй нийцүүлэх нь их чухал болоод байна. Одоо бидний тоглох хэв маяг, барих чиг шугам бол дэлхийн хөгжим. Хөгжмийн бүхий л төрөл, урсгал, хөгжил энд байдаг болохоор бид алийг нь ч бариад явахад болно” хэмээсэн.

“Бөртэ” дараа жил 20 нас хүрнэ. Уран бүтээлчид сүүлчийн арваад жилд тус бүртээ өөр өөрийн замаар ихийг амжуулжээ. Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ ХБК-д багшилж, шавь төрүүлж, заримыг нь сургууль төгсгөж, гарыг нь ганзгаганд хүргэв. Ятга хөгжим сонирхогчдод зориулсан дугуйлан байгуулж, нас насны хүүхдүүдийг хамруулан олон нийтийн хөгжмийн боловсрол чиглэлд давхар ажилласан. Уран бүтээлээ тасралтгүй хийсээр, цомог гаргасан. 

Тэрбээр хүндээр өвдөж, мэс засал хийлгээд эргэн тэнхэрснийг түүнийг шүтэн бишрэгчид, олон нийт мэдэж байгаа. Түмэн олны сэтгэлийн дэмээр эдгэж буй бөгөөд “ясны” хөгжимчин тэрбээр ятгаа тавихгүй хөгжимдөн, хэн хүний сэтгэлийг түгшээх нь бий. Гэхдээ түүний бие хөнгөрсөөр байгаа тул өөрөө “Одоо дажгүй ээ” гэдэг. Ч.Мөнх-Эрдэнэ Монголын үндэсний урлагийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж явааг нь төр үнэлж Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоо хүртээсэн. Тэрбээр гэр бүлийн хүн, хамтлагийн ахлагч Д.Ганпүрэвтэй хамтарч монгол үндэсний ахуй, алтай ятгыг сэргээн хөгжүүлж, хөг, хөглөгөөг тавьж, хөгжмийн урлагийн ертөнцийн хэрэглээнд оруулж буй урлагийн зүтгэлтэн юм.

“Бөртэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, ахлагч, их хуурч, алтай ятгач, хөөмийч, хөгжмийн зохиолч, найруулагч, соёл судлаач Д.Ганпүрэв зохиол бүтээл туурвихын зэрэгцээ монгол үндэсний ахуй, алтай ятгыг судалж, дахин сэргээн ард түмнийхээ язгуур өв соёлд нийцүүлэн хөгжүүлэх их үйлсийг санаачлан, манлайлан ажилласаар явна. Монголчууд тэртээ 1400 жилийн өмнө ятга мэт хөгжим тоглож байсныг нотлох цорын ганц хөгжмийн олдворыг археологичид арав гаруй жилийн өмнө олоход Д.Ганпүрэв мэргэжлийн хөгжимчний хувиар олзуурхан судалж, олдсон газрын нэрээр нь алтай хэмээн нэрлэж, шинжлэх ухааны олон салбар байгууллагын эрдэмтэд, хөгжим урлаач, хөгжимчин, угсаатан судлаачтай хамтран ажиллахдаа нэг ч өдөр зүгээр суулгүй зүтгүүлсээр, сэргээн хөгжүүлсээр монголчууддаа болон дэлхийгээр тархан суурьшсан монгол, түрэг угсаатнуудад танил болгов.

Д.Ганпүрэв саяхан Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Театрын музейд гаргасан “Алтай ятга” үзэсгэлэнгийнхээ нээлтээр тэрбээр археологийн олдворыг сайтар судалснаар хэлбэр, галбир, хийц, утас ямар байхыг тогтоосны үндсэн дээр хөгжим урлаачид захиалж хийлгээд, ятгачин гэргийгээрээ хөг тавиулан дуугаргаж, анхлан эгшиглүүлж байлаа. Алтай ятгыг Монгол Улсад болон олон улсад танилцуулах зорилгоор “Алтай ятгыг дуурьсуулах их ёслол” хүндэтгэлийн тоглолтыг АСА циркт зохион байгуулсныг тод санаж байна. Энэхүү хөгжмийн зэмсгийг ирээдүйд өвлүүлэх эртний өв соёл болгон сэргээн хөгжүүлэх зорилгоор судалгааны зориулалттай лаборатори хамтлагийг байгуулж “Алтай” хэмээн нэрлэсэн. Тус хамтлагийг улс орондоо төдийгүй, гадаадад амжилттай тоглуулж ирснийг уншигчид мэднэ. Д.Ганпүрэвийн зүтгэлийг соёл хариуцсан яам, Засгийн газраас үнэлсэн. Тэрбээр хоёр жилийн өмнө Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан болсон юм.

“Бөртэ” хамтлагийн гишүүн, анхдагчдын нэг нь цохивор хөгжимчин, бөмбөрчин Б.Ганхөлөг адтай, аатай нэгэн. Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ хамтлагийнхаа уран бүтээлийн алсын харааг тодорхойлж хэлэхдээ “Бид цаашид аливаа чиглэлд баригдахгүй, юунд ч хязгаарлагдахгүй тоглох юм. Гадаадын чадварлаг хөгжимчидтэй хамтдаа тоглох болно. Дөрвүүлээ ч юм уу, магадгүй хосоороо, ганц ганцаараа ч тоглох шаардлага гарна. Аль ч улс, үндэстний ямар ч хөгжимчидтэй ч таарч болно. Тэр үед шууд хамтарч тоглох ур чадвартай байх нь чухал” гэсэн. Түүний хэлснийг баталж, нотлох хамтран зүтгэгч нь бөмбөрч Б.Ганхөлөг юм. 

Түүний тоглодоггүй бөмбөр гэж үгүй. Дэлхийн улс үндэстэн бүрийн бөмбөр түүнд хамаатай мэт. Барьж үзэлгүй, дуугаргаж амжилгүй үлдээчих вий гэх шиг шунан дурладаг уран бүтээлч. Японы тайкогоос авхуулаад энэтхэг, араб, африк гээд явж өгнө. Монгол бөмбөр өөрөө урласан. Тэрбээр өнөө цагийн шилдэг бөмбөрчин залуусыг нэгтгэсэн “UB drum”хамтлаг байгуулаад нэлээд хэдэн жил болж байна. Хэн “өндөр хэмжээний” тоглолт зохион байгуулна, залуусын “гал гарсан” тоглолтыг заавал урьдаг. Б.Ганхөлөг Америкт аудио инженерээр суралцаж, Малайзад мэргэжил дээшлүүлснээр олон баримтат киноны хөгжим дээр ажилласан туршлагатай. Тэрбээр ийм үнэ цэнтэй боловсон хүчин ч, мань хүн өнөөх хэдэн бөмбөрөө “нүдсээр”, өнөөдөр бараг л унтах завгүй уран бүтээлтэй ноцолдож явна.

“Бөртэ” хамтлагийн гишүүн, эвэр бүрээч, хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер О.Чинбат элдэвтэй эр. Гоцлол хөгжимчний хувиар Европт оркестртой тоглож байлаа. Ухаа ягаан өнгөтэй монгол дээлээ өмсөж байгаад л, монгол үндэсний эвэр бүрээ хөгжмөө европ кларнеттай ана мана хослуулан тоглож, үзэгчдийн халуун алга ташилтаар шагнуулж байсан. Тэр тоглолтоор эвэр бүрээгээрээ уулын буга урамдуулж, ойн гүн дэх нам гүмийг эвлэх мэт авиа, чимээ гаргаж монгол хөгжимчин ур чадвартай, хүссэнээ тоглодог гэдгийг харуулсан. Үүний дараа тэрбээр нийслэлийн “Улаанбаатар” чуулгад хөгжимчнөөр ажиллахын сацуу ХБК-доо хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцсан юм. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд багшийн удирдлагад сургуулиа төгссөн. Оюутны ширээнээс босоод удаагүй байхдаа “Шүүдэр дундуур” уран сайхны киноны хөгжим бичих захиалга авчихсан суусан. Энэ бол хөгжмийн зохиолчийн хувиар туурвисан хэд хэдэн бүтээлийнх нь дээж. Тэрбээр зөвхөн хөгжмийн бүтээл туурвиж суудаг тэвчээртэн бас биш юм. Мэргэжлийн шилдэг хөгжимчдийг нэгэн баг болгож уран бүтээлийн EB нэгдэл үүсгэсэн. Урьд өмнө байгаагүй мэргэжлийн өндөр түвшний тоглолт өргөн барих дөхөж байгаа болов уу. Тэдний зорилго зөвхөн монгол үзэгчдэдээ тоглох бус, гадаад орнуудын тайзнаа монгол үндэсний хөгжмийн зэмсгүүд хэрхэн дуугардгийг, ямар идтэй, чадалтай болохыг, ямархан хөгжим, бүтээл төрүүлж, туурвиж болдгийг харуулахыг зорьдог.

Гар, сэтгэл нийлсэн, ур чадвар төгс ийм дөрвөн хөгжимчний бүрэлдэхүүнтэй “Бөртэ” хамтлагийнхан уран бүтээлийн дараагийн үе шат, “шинэ эрин”-д хөл тавьж байна.

Дэлхийтэй хөгжим, ур чадвар хэмээх хэлээр ярьж, нэгэн түвшинд сэтгэж, бүтээн туурвиж чаддаг хөгжимчин, судлаач, продюсер, хөгжмийн урлагийн зүтгэлтнүүд эгнээнд нь жагссан “Бөртэ” эхний ээлжид Европт тоглоно. Дараа жил 20 жилийн ойгоороо монголчууддаа шинэ, “World music” тодотголын доор бэлтгэсэн бүтээлүүдээсээ өргөн барина. Бүтээн туурвих эрх чөлөөний эзэд тэд ямар ч гэнэтийн бэлэг барьж мэднэ. Онцлог нь хэдий хэр хэмжээтэй ямар ч бүтээл байсан хөгжимд дуртай хүн бүрийн сэтгэл, зүрхийг эзэмдэх туурвил байх нь гайхамшиг. Хамтлагийн гишүүн Б.Ганхөлөг даруухан хэлнэ билээ. Тэрбээр “Бид чинь зүг чиггүй явдаг, мэдрэмжээрээ тоглодог хүмүүс. Одоо Европт очоод 45 хоногийн турш хамт байхдаа дахин бие биеэ ойлгож, мэдрэмжээ нэгтгэх болно. Хамтлагаа байгуулсан Герман улс бидний хувьд хоёр дахь эх орон маань, төрсөн гэрээс ялгаагүй орчинд тав тухтай ажиллаад, бас амраад, судалгаа хийгээд ирнэ. Бид 1999 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр нэгдсэнээ зарлаж байлаа. Долоо хоног бэлдээд тайзнаа гарч, “Boerte-1” “амьд” тоглолтын CD гаргаж байсан “танхай” хамтлаг. Цомгоо 2000 оны нэгдүгээр сарын 18-нд гаргасан. Тэр үед бидний тоглохыг сонссон хүмүүс, хөгжим судлаачид “Та нарын тоглолтоос этно жааз “үнэртээд” байна гэсэн. Харин одоо бараг 20 жилийн дараа биднийг сонсоод хэн юу гэж хэлэх бол. Уран бүтээлчид өөрсдийнхөө ажилд дүн тавиад, хэв маягаа тодорхойлоод байх нь утгагүй. Энэ нь хамгийн том шүүмжлэгч үзэгчдийн мэдэх хэрэг. Бид сайн тоглохыг л хүсэж байна” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)