Бүсээ чангалж чадсангүй

Монгол хэмээх айл 2018 оны төсвөө яаран сандран баталлаа. Уг нь улсын төсвийг 45 хоногт хэлэлцэн батлах боломжтой. Тодруулбал, аравдугаар сарын 1-нээс өмнө төсвийн төслөө УИХ-д өргөн бариад, арваннэгдүгээр сарын 15-наас урьтаж батлах ёстой юм. Төсвийг хэлэлцэх хуулийн хугацаанд Засгийн газар огцорч, дахин эмхлэн байгуулснаас шалтгаалаад энэ удаагийн төсвийг 14 хоногт хэлэлцэв.

Эдийн засагчид болон зарим улстөрч ирэх оны төсвийг тун удахгүй тодотгох нь гарцаагүй гэж таамаглаж байна. 2018 оны эхний хагас жилд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн орлого, зарлагаа дахиж тооцох болов уу. Магадгүй УИХ-ын гишүүд бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болж, богино хугацаанд төсвөө сайжруулж чадахгүй гэж болгоомжилсон байх.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар төсвийн орлого 7.23, зарлага 9.65 их наяд төгрөг байх төсөл өргөн барьсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ төсвийн төслийг хэвээр нь баталсан гэж мэдэгдлээ. Зарлагыг 400 сая төгрөгөөр л бууруулснаас өөрөөр Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн боловсруулсан төсвийн тоог өөрчлөөгүй гэсэн үг. Ингэснээр ирэх оны төсөв 7.23 их наядын орлоготой, 9.65 их наяд төгрөгийн зарлагатай байх нь.

Төсвийн орлогыг өнгөрсөн жилийнхээс 694, зарлагыг 497 тэрбум төгрөгөөр нэмжээ. Ингэснээр төсвийн алдагдал 2.42 их наяд төгрөгтэй дүйв. Өөрөөр хэлбэл, Засгийн газар төлөвлөсөн зарлагаа санхүүжүүлэхийн тулд 2.42 их наяд төгрөг хэн нэгнээс зээлнэ гэсэн үг. Сохор аз тохиохгүй л бол Монгол Улсын төсвийн орлого ийм хэмжээгээр нэмэгдэх тамир тэнхээ эдийн засагт алга. Тиймээс ямар нэгэн хэмжээгээр мөнгө зээлэх нь гарцаагүй юм.

Төсвийн тухай хуультай хамт ирэх жилүүдийн төсөөллийг УИХ баталдаг. Үүнд 2019 онд төсөв 2.1, 2020 онд 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төсөөлжээ. Тэгэхээр ирэх гурван жилд манай Засгийн газар 6.1 их наяд төгрөгийн өр нэмж тавих юм байна. Ирээдүйд ийм их өр тавих гэж байгаа юм биш, УИХ өнгөрсөн жилүүдэд ч их хэмжээний алдагдалтай төсөв баталсаар ирсэн. Ингэснээр Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр “үржив”. Засгийн газар 2011 онд 3.1 их наяд төгрөгийн өртэй байжээ.

Тэгвэл ирэх онд өр нь 24.3 их наяд төгрөгт хүрнэ. Сүүлийн долоон жилд найм дахин өссөн байгаа биз. Засгийн газар авсан зээлийнхээ хүүнд ирэх онд 1.1 их наяд төгрөг төлнө. Зээлийн хүүгийн төлбөр 2012 оноос хойш бараг 10 дахин өсөж, нийт төсвийн зарлагын 8 гаруй хувийг эзэлдэг болжээ. Эндээс төсвийг алдагдалтай батлах тусам Зээлийн хүүгийн дарамт нь нэмэгдэж байгааг харж болно (зээлийн хүүгийн төлбөр хэрхэн өссөнийг А1 нүүрний инфографикаас харна уу).

Монголбанкны өмнөх ерөнхийлөгч Н.Золжаргал Засгийн газар алдагдалгүй төсөв батлах шаардлагатайг удаа дараа сануулж байсан. Үүний цаад санаа нь өр “үйлдвэрлэх”-ээ зогсоо гэсэн утга байлаа. Эдийн засагчид ч төсвийн алдагдлыг бууруулахын тулд бүсээ чангалахыг сануулдаг.

Тэд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бүтээн байгуулалтуудыг хэрэгцээ шаардлагаар нь эрэмбэлж, хамгийн чухлыг нь санхүүжүүлэх ёстой гэж үздэг юм. Гэвч Засгийн газар төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашгаар нь эрэмбэлэхгүй, лообий сайтар хийсэн УИХ-ын гишүүний санаачилсан төслийг санхүүжүүлсээр байгаа нь нууц биш.

Төсвийг сахилга баттай байлгахын тулд улсын жишгийн дагуу алдагдлыг нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй байх хууль баталсан удаатай. Тэгвэл өдгөө төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай дүйж байна. Алдагдал нь хоёр жилийн өмнө дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувьд хүрч байсан тохиолдол ч бий. Монголын улстөрчид төсвийнхөө сахилга батыг аль хэдийнэ умартсан.

Аминд тулаагүй, шаардлагагүй зардлаа танаж, бүсээ чангалахыг сануулсаар байдаг ч улстөрчид төсвийг зоргоороо тэлдэг гажиг хэвээрээ л байна. Шинэ Засгийн газар эмхлэн байгуулах бүрт сахилга бат сайжирна гэж найддаг. Гэвч аль нь ч төсвийн алдагдлыг бууруулах бодлого баримталсангүй. Үр дүнд нь Засгийн газрын өр “таргалсаар”. Сангийн сайд бүр л “Төсвийн алдагдлыг бууруулахын тулд чармайн ажиллалаа” гэж худал хэлдэг заншил нэгэнт хэвшжээ.

Дээр төсвийн зарлагыг 497 тэрбум төгрөгөөр нэмснийг дурдсан. 400 орчим мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийг өсгөхөд 119.5, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 72.6, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулахад 44.6, хүнс тэжээлийн дэмжлэгийг хоёр дахин нэмэхэд 42.2 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.

Нийгмийн халамжийн зардлыг нэмж, төсвийг тэлсэн байгаа биз. Энэ бол эрх баригч нам сонгуулийн амлалтаа биелүүлж буй хэрэг. УИХ-ын дараагийн сонгууль болоход намууд иргэдийн саналыг авахын тулд нийгмийн халамж амлана. Тэгэх тусам нь төсвийн зардал тэлж, алдагдал нь өссөөр байх болно. Эрх баригчид нийгмийн халамж тараахын тулд өр тавихад санаа зовохгүй. Монгол Улсын сан хөмрөг ийм л “чөтгөрийн тойрог”-т орчихоод байна.

Улстөрчид төсвийн алдагдлыг бууруулъя гэж ярихгүй хэрнээ өрөнд орж, өтөнд баригдлаа гэж хашхирах дуртай. “Монгол Улсын иргэн бүр төдөн төгрөгийн өртэй боллоо” гэж тунхаглана. Үнэн хэрэгтээ Засгийн газрын тавьсан өрийн дийлэнхийг нийгмийн халамжид зарцуулсан. Иргэддээ бэлэн мөнгө тараахад гурван их наяд төгрөг үрсэн. Оюутнуудыг автобусаар үнэгүй зорчуулахад жилд 100 орчим тэрбум төгрөг зарцуулсаар ирсэн.

Сүүлийн 15 жил ийм бодлого хэрэгжүүлсэн гэхээр нэг их наяд төгрөг болно. Өнөөгийн өр ингэж л үүссэн. Тавьсан өрийнхөө хүүг төлөх нь сүүлийн жилүүдэд “толгойн өвчин” боллоо. Хүүг төлөх гэж яс махтайгаа хатаж байгаа улс яаж өрөө төлөх вэ. Монголын улстөрчид хувийн ашиг хонжоогоо бодоод бүсээ чангалж чадахгүй, иргэд нь ингэхийг шаардаж мэдэхгүй байна. Нийгмийн халамж нэмж санаачлахыг тэвчиж, төсвийн зарлагаа танан, тансаглалаас татгалзаж, алдагдлыг нь багасгахгүй бол өрийн хямрал айсуй ирж явна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)