БҮСГҮЙЧҮҮДИЙН МАРАФОН

 Бүсгүйчүүд эрчүүдтэй зэрэгцэн сонгуулийн гараанд зогсчээ. Эрчүүдтэй адил хөрөнгөөр “зодох”, хүчээр далайлгах боломж тэдэнд үгүй. Гэхдээ эзэмшсэн мэдлэг, боловсрол, эх орноо гэх сэтгэлээр давна уу гэхээс дутахгүй. Ядаж байхад бүсгүйчүүдийг дэмжих дорвитой хууль эрх зүйн орчин үгүй. Гэвч эрэгтэйлэг шийдвэрийг зөөллөх, хуулийг хөрсөн дээр буулгах том зорилготойгоор хүч тэнцвэргүй тулаанд бор зүрхээрээ өрсөлдөхөөр зэхсэн байна. Тэгээд хэн өрс өлдөх гээд байгаа юм гэж үү. Шийдвэр гаргах төвшинд бүсгүйчүүдийн оролцоог нэмээч, квотыг хуульчлаач гээд цөөхөн эмэгтэй дуугараад байгаа нь үнэн. “Чадвартай эмэгтэй олоон” гээд л байдаг. Гэтэл МАН-аас Д.Арвин, Д.Оюун хорол, Т.Ганди, Б.Долгор, Д.Алтай, АН-аас Б.Дэлгэрмаа, Ц.Оюунгэрэл, Б.Мөнхтуяа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, ИЗ-НН-аас С.Оюун гээд олны мэдэх улстөрч бүсгүйн нэрс дуусна. Гэхдээ Б.Дэлгэрмаа иймэрхүү шударга бус өрсөлдөөнд оролцохгүй гэдгээ хэлсэн.

Бусад нь хуучин өрсөлдсөн, эсвэл намаас л гял тайлгасан тойрогт хүч үзнэ. Эд УИХ-ын гишүүн байсан, эсвэл намынхаа дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлдэг, үгүй ядаад өмнөх сонгуульд нэр дэвшиж өөрийгөө бага боловч таниулсан учраас тэргүүн эгнээнд нэр нь гарч буй юм. “Байгаа” гээд буй олон чадварлаг бүсгүй нь хөшигний цаана үлдчихжээ. Тэгээд л бүсгүйчүүдэд нэр дэвших квот олгох тухай яриа гарахаар эрэгтэй гишүүд “Тэр тоонд чинь хүрч нэр дэвших эмэгтэй хаана байна” хэмээн ам тагладаг. Үнэндээ Сонгуулийн хуульд дээрх хэдхэн бүсгүйд зориулж квот тусгах гээд байгаа биш. Хөшигний цаана байгаа чадварлаг бүсгүйчүүдээ таниулах хэрэгтэй гэдгийг Эмэгтэйчүүдийн байгууллага нь ойлгоод байдаг. Гэтэл намын удирдлагад суугаа эрчүүд тэдэнд суудлаа алдахаас айсан уу дэмжиж өгдөггүй. МАН дүрэмдээ 25, АН 30 хувийн квот оруулснаа л их том гавьяа хийсэн гэж ойлгов бололтой. Тэдэнгүйгээр сурталчилъя гэхээр санхүүгийн асуудал байдаг гэдгээ ч бүсгүйчүүд нуудаггүй юм билээ.

30 БҮСГҮЙГ ТАНИУЛАХ АЯН

Дээгүүрээ л мартчихсан болохоос манайх бүсгүйчүүдийн оролцоог дэмжих тухай олон улсын хэд хэдэн гэрээ конвенцид нэгдчихсэн. Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын оргилуун хүслийг дэмжихээр шийджээ. Тэд Төрийн байгуулалтын байнгын хороо, Жендерийн тэгш байдлын үндэсний хороотой хамтраад “Эмэгтэйчүүд чадна” хэмээх аян өрнүүлж буй. Үүгээр хөшигний цаана байгаа улстөрч бүсгүйчүүдийг нийгэмд таниулах, сонгогчид, улстөрчдөд давуу талыг нь ойлгуулахыг зорьсон аж. АН, МАН, ИЗ-НН-аас 30 бүсгүйн нэрийг тус багийнханд өгсөн гэх. Нэг ёсондоо тэднийг нийгэмд таниулах юм. Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдчихээд байдаг.

Дээрх байгууллагууд, бүсгүйчүүд ч идэвхтэй ажиллаж, өөрийгөө таниулах хэрэгтэй болжээ. Нөгөө талаас намын удирдлагууд ч эмэгтэйчүүдийн чадвар, нөөцийг ашиглах талаар бодох учиртай. Мөнгөтэй л бол чадваргүй байсан ч хамаагүй хүмүүсийг УИХ руу түлхэж байхаар бүсгүйчүүдээ дэмжиж, ашиглах хэрэгтэй. Эмэгтэй удирдагч алс хэтийн зорилго тавьж, үүргээ найдвартай биелүүлдэг, уян хатан арга тактик хэрэглэдэг, аливаад гярхай хандаж жижиг зүйлийг ч анхаарч тооцож шийдвэр гаргадаг, энэрэнгүй, хүнлэг, шударга сэтгэлээр ажилладаг, боловсрол, эрүүл, мэнд, нийгмийн халамж, хамгаалал, гэр бүлийн асуудлаар хууль, бодлого түлхүү гаргадаг аж. Тэдний оролцоог нэмэх гээд буйн шалтгаан нь энэ.

КВОТЫГ 20 ХУВЬ БОЛГОХ НАЙДВАР

Сонгуулийн хуулийн төсөлд тусгасан бүсгүйчүүдийн 15 хувийн квотыг 20 болгож нэмэх хүсэлт МАН-ын Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос УИХ дахь бүлэгтээ тавьжээ. УИХ-ын дарга, Сонгуулийн хуулийн ажлын хэсгүүдэд ч хандсан юм билээ. Тэд ам тагладгаараа тагласан уу “20 хувь болгох талаар санал хураалгаж өгнө” хэмээн амлажээ. Гэхдээ “Бид бүсгүйчүүдэд 15 хувийн квот олгох талаар тохиролцчихсон” хэмээн МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд хэлсэн. Нэр дэвшигчдийн 15 хувь нь бүсгүйчүүд байна гэдэг нь УИХ-д 11 бүсгүй сонгогдох боломж олгож байна гэсэн үг. Оргүйгээс охинтой нь гэдэг шиг огт квотгүй байснаас энэ нь дээр л дээ. Гэхдээ зөвхөн бүсгүйчүүд өрсөлдөх, өөрөөр хэлбэл, гарцаагүй эмэгтэй хүн сонгогдох тусгай тойрог гаргах мэтийн зохицуулалт хийхгүй бол квот байгаад ч нэмэргүй.

2008 оны сонгуулиар МАХН буюу одоогийн МАН 10-аад бүсгүй сойжээ. АН 12 эмэгтэйн нэр дэвшүүлсэн байна. Бу сад нам ч 3-4 бүсгүй өрсөлдүүлсэн байх юм. Мөн бараг 15 эмэгтэй бие даан өрсөлджээ. Бүсгүйчүүд өрсөлдсөн тойргийг сонирхвол нийслэлд голдуу ногдсон байна. Ялангуяа Баянзүрх дүүрэгт бүсгүйчүүдийн “алалцаан” болдог байх нь. 2008 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт АН-аас л гэхэд Б.Мөнхтуяа, И.Нарантуяа хоёрыг, МАН-аас Т.Ганди, ИЗН-аас Ч.Базар, МОНАРХН-аас улс төр судлаач Л.Эрдэнэтуул, бие даагчдаас Г.Баасан, Н.Оюунцэцэг нар өрсөлдсөн байна. Гэхдээ энэ тойргоос нэг ч бүсгүй сонгогдоогүйг бид мэднэ. Иймэрхүү байдлаар хүчтэй эрэгтэй улстөрчтэй тойрогт бүсгүйчүүдийг давхар “сойх” замаар хооронд нь л талцуулж, эцэст нь юу ч үгүй үлдээх тактикийг нам нь хэрэглэжээ.

Уг нь гишүүн байсан Б.Мөнхтуяа, Т.Ганди нарыг өөр сул эртэй тойрогт өрсөлдүүлсэн бол тухайн намд нь ашигтай байж ч болох гэдгийг эрчүүд дутуу тооцоолсон бололтой. Тэгэхээр наашаа харж инээж, цааш харж уйлж байж квотыг бага хувиар ч болов хуульчлах гэж буй бол зөвхөн эмэгтэйчүүд өрсөлдөж, эмэгтэй хүн сонгогдох тусгай тойрог гаргах талаар ч бас УИХ бодоосой. Эрчүүд гал унтраах хуучин так тикаа хэрэглэх байсан ч хамаагүй бүсгүйчүүд бор зүрхээрээ сонгуулийн марафондоо бэлдсээр байна. Гэхдээ тэдэнд чадвар, сэтгэлээс өөр зэвсэг алга.

С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)