Бүрэнгийн дэд бүтэц бүрэн болов

Зарим сумын төвийнхөн Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдээс ч тохь тухтай, эрүүл цэвэр орчинд аж төрөх боломж бүрджээ. Ийм газруудын нэг нь Төв аймгийн Бүрэн сум болж, найман настай балчираас 80 настай буурлынх нь магнай тэнийгээд байна. Тус суманд инженерийн шугам сүлжээ тавьж, эхний ээлжинд нийгмийн үйлчилгээний байгууллагууд болох сургууль, эмнэлэг, цэцэрлэг, дотуур байр мөн гурван айлыг холбожээ. Сумын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдүүд, өвчтөнүүд өвлийн хүйтэн байсан ч гадаа гарч бие засдаг, хүйтэн усаар гараа угаадаг цаг ард хоцорч буй нь энэ. Хүн ам өсөхийн хэрээр хот, суурин газарт нягтрал ихсэж, инженерийн дэд бүтцийг хурдацтай хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Энэ нь зөвхөн хөдөөгийн биш, Улаанбаатар хотынхонд ч тулгарч, агаар хөрсний бохирдлын эх үүсвэр гэгдэж буй том асуудал болчихоод буй. Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар Барилга, хот байгуулалтын яамтай хамтран уг төслийг хэрэгжүүлсэн бөгөөд БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг болох КОИКА-гаас санхүүжүүлжээ.

Төсөвт өртөг нь 2.2 сая ам.доллар аж. Уг мөнгөөр манай улсын 300 гаруй сумаас наймыг дэд бүтэцтэй болгосны нэг нь Бүрэн. Тус сумын дэд бүтцийг сайжруулах ажлыг “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газрынхан гүйцэтгэжээ. Улаанбаатар хот дахь хүн амын төвлөрлийг сааруулж, энэ нутаг руу иргэдийг дуудаж, үйлдвэрлэл, үйлчилгээ бүсчилж хөгжих нэг гарц болж буй гэж “Төв чандмань”-ийн гүйцэтгэх захирал Г.Цогтсайхан онцлоод “Бүрэн сумыг иж бүрэн дэд бүтэцтэй болгох ажлын хүрээнд усны даралтат цамхаг барьж, цэвэр усны 720 метр, бохир усны 1.1 км шугам татсан. Мөн дулааны нэгдсэн халаалтын зуух, 620 метр цахилгаан дамжуулах шугам, өдөрт 50 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барилаа. Уг ажлаа энэ оны зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 31-нд гүйцэтгэсэн” гэсэн юм.

ШИНЭ ОРОН СУУЦ, ДОТУУР БАЙР

Инженерийн дэд бүтэц тавьсныг дагаад цөөнгүй давуу тал бий болжээ. Наад зах нь дотуур байранд хүүхдээ суулгах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж, шинэ барилга барих төлөвлөгөө гаргахад хүргэсэн тухай сумын удирдлагууд дурдаж байв. 10 тасагтай, 50 хүүхдийн багтаамжтай дотуур байранд нь одоогоор 54 хүүхэд амьдарч байна. Ор нь хүрэлцэхгүй, нэг гэр бүлийн хүүхдүүд хамт унтах тохиолдол байхад нэмэгдэж ирэх хүсэлтэй хүүхэд одоогоор 20 орчим байгаа гэнэ. Зөвхөн тус сумын иргэд биш, зэргэлдээ сумынхан ч нэгдсэн ус, дулаантай болсныг нь дуулаад хүүхдээ авчирч суулгах хүсэлтэй болсон байна. Суманд орон сууц барих хүсэлтээ илэрхийлсэн аж ахуйн нэгж бий бөгөөд төвийн шугам сүлжээ ойр газар олгох хүсэлтээ ЗДТГ-т нь тавьжээ. Мөн энд өдөрт 50 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барьсан. Уг байгууламж усыг Герман технологийн дагуу 98 хүртэл хувиар цэвэршүүлдэг аж. Цэвэрш үүлсэн усаа одоогоор хиймэл нууранд цутгаж буй бөгөөд энэ зунаас сумынхан түүнийгээ мод услахад ашиглах болсон байна.

СҮҮЛИЙН 10 ЖИЛ БУУРСАН ХҮН АМЫН ТОО ЭНЭ ОНД ӨСЧЭЭ

Бүрэнд бүтээн байгуулалт өрнүүлснээс үүссэн хамгийн том давуу тал нь хүн амын тоо өссөн явдал гэж сумын удирдлагууд хэлсэн юм. Хүн амын тоо сүүлийн 10 жил эрс буурч байгаад энэ жил өссөн нь үүний баталгаа. “Хэн ч дулаан, тухтай газар байхыг хүсэх учраас сумын иргэд гэрээ төв шугамд холбуулах хүсэлтээ илэрхийлсээр байна. Боломжтой бол сумын 300 гаруй өрх холбуулах саналтай байна шүү дээ” гэж тэд хэлж байв. Бүрэнд өдөрт 1.5-1.7 тонн, нийт долоон тонн орчим нүүрс “иддэг” уурын таван зуух байжээ. Харин инженерийн дэд бүтцийн шинэчлэлийн хүрээнд уг зуухнуудаа “халж”, нэгдсэн халаалтын зуухтай болсон. Ингэснээр нэг өдөрт зарцуулдаг нүүрсний хэмжээ даруй дөрөв дахин багасаж, хамгийн ихдээ хоёр тонныг хэрэглэх болжээ. Мөн өмнөх зуух шүүлтүүргүй байснаас өтгөн хар утаа гардаг байснаа одоо шүүлтүүр сайтай болсноор агаар дахь хорт хийн ялгарал багасаж байгаа гэнэ. Соёлын төвийнх нь дулааныг цахилгаанаар шийддэг байсан бөгөөд сард 1.5 сая төгрөгийг зардалд нь төлдөг байсныг одоо 100.000 орчим төгрөг болгож бууруулжээ.


ЭНЭ ОНД 50 СУМЫН ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛНА

НҮБ-ын суурин зохицуулагч бөгөөд Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу уг ажлын талаар “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлсэн нэг сум нь Бүрэн. Усан хангамж, ариун цэврийн байгууламжийг нь сайжруулсан нийт найман сум бий. Эдгээр суманд зөвхөн ариутгах татуургын нэгдсэн шугам сүлжээ тавих ажлыг эхл үүлж байна. Тэгвэл яваандаа Засгийн газар, аймаг орон нутгийн хөрөнгө оруулалт болон Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагатай нийлээд сумыг бүхэлд нь хөгжүүлэх, зөвхөн усан хангамж ариутгах татуурга бус, халаалтын систем болон дэд бүтцийн бусад бүтээн байгуулалтын ажил хийсэн. Энэ төслийн хүрээнд нийгмийн үйлчилгээний байгууламж дотор усан хангамж, ариутгах татуургын системийг эмнэлэг, сургууль, дотуур байранд суурилуулсныг үзлээ.

Хүүхдүүд гадаа гаралгүй сургууль, дотуур байр, цэцэрлэг дотроо бие засаж, гараа угаах боломж бүрдүүлснийг үзээд их баяртай байна. Энэ ажлыг гүйцэтгэхэд оролцсон бүх хүн болон хөрөнгө оруулагч БНСУ-ын Засгийн газар, Итгэлцлийн сангаас өгсөн хоёр сая ам.доллараар хэрэгжүүлсэн төсөл маань үр дүнгээ өглөө. Найман сумаас өмнө нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн Ховд, Өмнөговь аймгийн зарим сумын дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг загвар болгож гүйцэтгэсэн. Үүнийг Монголын Засгийн газар цааш нь өргөжүүлэх юм байна. Өргөжүүлэхэд шаардлагатай дүрэм, стандартыг бэлдэх, аймаг, сумын болон улсын хэмжээнд хэрэгтэй бодлого, хууль эрхзүйн орчин бий болгоход манай хөтөлбөрөөс дэмжинэ. Мөн БНСУ-ын Засгийн газар болон бусад хөрөнгө оруулагч үлдсэн сумдад ч ийм хөрөнгө оруулалт хийх юм бол бид туслахад бэлэн. Гэсэн ч хөрөнгө оруулалтын хэмжээ одоохондоо хязгаарлагдмал байна” гэв. Дашрамд дурдахад, тэдний уг ажлыг дэмжиж манай Засгийн газар энэ онд концессын гэрээгээр 50 суманд инженерийн дэд бүтэц тавихаар жагсаалтыг нь гаргаад буй аж.

Ч.МӨНХЗУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)