Бүрхэг хуулийн “будилаан”

0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн, нийлэг бүх төрлийн хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар хэрэглэхийг энэ оны гуравдугаар сарын 1-нээс хориглосон. Гэвч гялгар уутны хэрэглээ буурсан, эсэх нь эргэлзээтэй. Дэлгүүр, хоршоо, цайны газарт гээд хаа сайгүй нимгэн уут “тараах” нь энгийн үзэгдэл хэвээр байна. “Бөмбөгөр” худалдааны төвөөр өнгөрсөн баасан гарагт ороход цэнхэр, улаан судалтай уутнууд лангуу дээр өрөөстэй л байсан. Худалдагчаас нь зарж болох, эсэхийг асуухад “Энэ уутыг зарахгүй гэж гарын үсэг зураад худалдааны төвийнхөө байцаагчид өгсөн. Гэхдээ бидэнд хяналт, шалгалт хийсэн хүн одоогоор байхгүй” гэлээ. Түргэн үйлчилгээний цэг, цайны газруудад ч ийм л байгаа.

Уг нь Мэргэжлийн хяналтын болон Гаалийн ерөнхий газрын байцаагч нар үүнд хяналт тавих ёстой. Тэд хяналт, шалгалтаа хэрхэн явуулж буйг тодруулав. Гаалийн ерөнхий газрынхнаас лавлахад тус газрын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир “Гадуур гялгар уут худалдаж байгаа нь үнэн. Гялгар уутыг хориглох тухай зургаан сарын өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Энэ сургаар аж ахуйн нэгжүүд хямдыг нь бодоод нийлэг уут маш их хэмжээгээр авч нөөцөлсөн байх магадлалтай. Түүнийг худалдахгүй байхад мэргэжлийн хяналтын байгууллагынхан хяналт тавьж, худалдсан этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө гялгар уут хилээр оруулахыг зөвшөөрч байсан. Нийлэг уут оруулж ирэхийг завдсан тохиолдол эхний зургаан сарын байдлаар бүртгэгдээгүй” гэв. 

Гааль дахь үйл ажиллагаа яаж явагддагийг тус газрын Хяналт, шалгалтын газрын хэлтсийн дарга С.Отгонпүрэвээс асуухад “Хилээр оруулж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнийг шалгах дэс дараалал гэж байдаг. Гялгар уут бол мэргэжлийн хяналтынхантай холбоотой бараа учраас тэд эхэлж шалгаад мэдүүлгийн хуудсаа манайд өгдөг. Мэдүүлгийг бид дахиж шалгах шаардлагагүй. Гэхдээ иргэд хориглосон, хязгаарласан бараа нууж, хилээр оруулсан тохиолдлыг Гаалийн ерөнхий газрын байцаагч нар илрүүлж болно. Энэ тохиолдолд Зөрчлийн хуульд зааснаар тухайн иргэнд хариуцлага хүлээлгэх эрх бидэнд байгаа. Гэхдээ бүтэн чингэлэг дотор бага хэмжээгээр нийлэг уут хийчихсэн байвал илрүүлэхэд хэцүү. Нийслэлд зарж байгаа нийлэг уутанд мэргэжлийн хяналтынхан хяналт тавих ёстой” гэсэн юм.

Ганц, хоёр боодол гялгар уутыг их хэмжээний бараан дотор нуугаад хилээр оруулахад тэд анзаарахгүй гэдгээ шулуухан хэлчихлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн байцаагч Х.Чимгээгээс нимгэн гялгар уутанд шалгалт хийж байгаа, эсэхийг асуухад “Нийслэлийн хэмжээнд хяналт, шалгалт хийж байна. Дүн нь долдугаар сарын дунд үе гэхэд гарна” гэж өнгөрсөн сард мэдээлсэн юм. Энэ тухай дахин лавлахад хариуцсан мэргэжилтэн нь байхгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй гэж тус газрын хэвлэлийн төлөөлөгч С.Дариймаа хэллээ.

Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд хэн ч анхаарахгүй байна хэмээн иргэд шүүмжилж байна. Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны иргэн Б.Цэрэнханд “Би дэлгүүр ажиллуулдаг. Нэг удаагийн гялгар уутны хэрэглээ өндөр. Ахуйн зориулалтаар нимгэн уут ашиглахыг хориглоогүй юм билээ. Өөрөөр хэлбэл, таслагчтай гялгар уутыг ахуйн зориулалтаар ашиглаж болно. Улавч, хогийн уутыг ч гэсэн хэрэглэхийг хориглосон заалт тус тогтоолд байхгүй. Тиймээс борлуулж болох нь. Ийм төрлийн гялгар уутыг зөвхөн сав, баглаа, боодлын зориулалтаар л худалдахыг хориглосон гэж тогтоолд тусгасан байна лээ. Тэгэхээр энэ тогтоолыг хэрхэн дагаж, мөрдөх нь маш ойлгомжгүй. Хууль нь дэндүү бүрхэг. БОАЖЯ-ны шийдвэр гаргагчид нарийвчилсан заалт гаргаагүй учраас энэ мэт асуудал үүсэж байна” гэсэн юм.

Африкийн 15 улсад нийлэг уутыг хориглох хууль тогтоомж болон татварын бодлого үйлчилж байна. Кени улсад нимгэн гялгар уут импортолсон, хэрэглэсэн аж ахуйн нэгж, иргэнийг 40 мянга хүртэл ам.доллароор торгох, дөрвөн жилийн хугацаанд хорих ял эдлүүлэх хуультай. Европын улс орнууд нийлэг уутны хэрэглээг бууруулахад идэвхтэй ажиллаж буй аж. Дани улсын эрх бүхий албаныхан 1995 онд нийлэг уутны хэрэглээнд татвар ногдуулснаар жилд 800 сая ам.доллар зарцуулдаг байсан энэ төрлийн бүтээгдээхүүний хэрэглээг ганцхан жилийн дотор 400 сая болтол бууруулж чаджээ. Харин Ирланд улсад татвар төлөх хууль 2002 онд баталсан байна. Үүний үр дүнд гялгар уутны хэрэглээ 90 хувь буурчээ. Мөн Америкийн муж улсууд нийлэг уутнаас татгалзах хууль, дүрэм, журам гарган мөрдөж буй аж. Тус улсын Чикаго хотын удирдлага 2017 онд нийлэг уутны үнийг зургаан цент буюу ойролцоогоор 1680 төгрөгийн үнэтэй болгожээ. Энэ мэт зүйл, заалтуудыг тодорхой заасан нь манайд “үйлчилж” буй тогтоолоос ялгаатай байна.

Гялгар уутыг хориглох тухай тогтоолд бусад орны жишгээр өөрчлөлт оруулах шаардлагатай санагдлаа. Энэ талаар БОАЖЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Р.Сарангоогоос асуухад “Хууль тогтоогчид үүнийг иргэдэд нөлөөлөх зорилгоор баталсныг л онцолдог. Иргэд аажим, аажмаар гялгар уутнаас татгалзаж сурна. Тэр тохиолдолд гялгар уутыг бүрмөсөн хориглох юм. Одоогоор хогийн уут, улавч зэрэг бараа, бүтээгдэхүүн 0.035 мм-ээс нимгэн байсан ч зарж, борлуулж болно. Эхний ээлжид 0.035 мм-ээс нимгэн гялгар уутыг зөвхөн сав, баглаа, боодлын зориулалтаар худалдаж, хэрэглэхийг л хориглосон юм. Хууль санаачлагчид энэ тогтоолд өөрчлөлт оруулах тухай яриагүй” гэв.

Иргэд хэзээ ухамсарлаж, хэдийгээс гялгар уутыг бүрмөсөн хориглож, хэрэглэсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй хэвээр. Энэ байдлаараа тус тогтоол цаашид цаасан дээр бичсэн “мөрөөдөл” хэвээр үлдэхгүй гэх баталгаа алга.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)