Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо цөөрчээ

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад өнгөрсөн сард ажилгүй 5.2 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.3 мянган хүнийг ажилд зуучилжээ. Энэ хугацаанд 5.4 мянган иргэнийг ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хассан аж. Үүнээс Улаанбаатарт 1.6 мянган иргэнийг нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 433 хүнийг ажилд зуучилсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Улсын хэмжээнд шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд өмнөх оны мөн үеийнхээс 1.1 мянга (17.6 хувь), ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан хүн 0.3 мянгаар (4.5) цөөрчээ. Тэгвэл нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеийнхээс 4.4 мянга (19.5 хувь), өмнөх сарынхаасаа 1.5 мянган (7.7 хувь) хүнээр буурсан аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.3 мянга (51.5 хувь) нь эмэгтэй гэнэ. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй хүмүүсийн 55.7 хувийг 15-34 насны залуус эзэлж буй юм байна.

Бэлтгэсэн: Б.Цэндмаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)