“Бүртгэлгүй эм худалдаж, үнэтэй борлуулж буй, эсэхийг тусгай агентлаг хянана”

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүд санал хэлэв.

Ч.Ундрам (УИХ-ын гишүүн): -Амар тайван, аюулгүй нийгэм бий болгох хэсэгт гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг тусгаагүй байна. Тэгэхээр үүнийг оруулах хэрэгтэй. Орон нутагт нэг цагдаа томилогдож ажиллахад эхнэрт нь ажил олддоггүй, орон байргүй болох хүндрэл үүсдэг. Уг нь орон нутгийн удирдлага тухайн алба хаагчийн эхнэр, нөхрийг ажлын байраар хангах үүрэгтэй. Хэрэв ажлын байраар хангаагүй бол цалингийнх нь 40 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө нэмж олгох ёстой атал хэрэгждэггүй. Тэгэхээр тэдний нийгмийн асуудлыг нэмж тусгах хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх чиглэлд дорвитой анхаарах шаардлагатай байна.

Ц.Сандаг-Очир (УИХ-ын гишүүн): -Орон нутгийн иргэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахаар бичиг баримтаа бүрдүүлдэг. Зээл олгох, эсэхийг нь ХХААХҮЯ-ны хэдхэн хүн шийддэг юм байна. Өөрөөр хэлбэл, жирийн иргэний бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, ажлын байраа хадгалах гэж гаргасан хүсэлтийг хол амьдарч буй, тэдний аж амьдралыг мэддэггүй хүн шийддэг. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөхийн тулд аймаг, нийслэлийн холбогдох газарт нь үүнийг шилжүүлэх хэрэгтэй гэв.

Дээрх саналуудыг тусгаж, Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Дараа нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Налайх, Багануур дүүрэг дэх дулааны станцыг шинэчлэх ажлыг уг хөтөлбөрт тусгах санал гаргасан бөгөөд үүнийг гишүүд дэмжлээ. Эцэст нь 2020 оны төсвийн тухай болон бусад дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад асуудлаар гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.

Л.Энх-Амгалан (УИХ-ын гишүүн): -Эрүүл мэндийн салбарт реформ хийх хэмжээний төсөв тусгажээ. Одоогийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо их ойлгомжгүй, үүнээс болж иргэдэд чирэгдэл учруулдаг. Эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж буй 100 төгрөг тутмын 32 хувийг иргэд халааснаасаа төлж байна. Энэ асуудлыг шийдээсэй гэж Т.Мөнхсайхан таныг сайдаар томилсон. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эмнэлгийг хагас бие даасан байдалд шилжүүлэх хэрэгтэй байна. Мөн гурван эм тутмын нэг нь хуурамч, шаардлага хангаагүй гэх судалгаа бий. Гадаадаас 10 мянган төгрөгөөр худалдаж авсан эмийг 168 мянгаар иргэнд борлуулдаг гэнэ. Тэгэхээр шинэчлэлийг чанартай хийх хэрэгтэй.

Ч.Хүрэлбаатар (Сангийн сайд): -Хөнгөлөлттэй үнээр эм худалдаж авахаар өглөө эрт очиж хүлээдэг, урт дараалал үүсдэг, тэр нь хүрэлцэхгүй дуусчихдаг, эрүүл мэндийн салбарт дутуу санхүүжилт олгодог, гэр бүлийн нэг гишүүн өвдөхөд санхүүд нь хүндрэл учирдаг байдлыг шийдвэрлэх ёстой. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүний тулд санаачилга гаргаж, ажиллаж байгаа. Мөн эмч мэргэжилтэй бусад гишүүн хамтран ажиллах байх.

Л.Энх-Амгалан: -Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэхээр гурван эмнэлэгт туршилт хийсэн юм билээ. Үр дүнтэй болсон. Дараагийн эмнэлгүүдийг хэзээ хагас бие даасан байдалд шилжүүлэх вэ?

Т.Мөнхсайхан (Эрүүл мэндийн сайд): -АӨСҮТ, Улсын нэг болон гуравдугаар төв эмнэлгийг хагас бие даасан байдалд дөрөвдүгээр сард бүрэн шилжүүлсэн. Түүнээс хойш тэдгээр эмнэлгийн зарим нь үр дүнтэй ажиллаж, цалин урамшууллаа нэмж олгож байгаа. Гэхдээ дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд хэрэгжүүлэх туршлага манайд дутмаг байна. Ирэх жилээс үүнийг 10 эмнэлэгт хэрэгжүүлнэ. 2022 оноос үлдсэн эмнэлгүүдийг хагас бие даасан байдалд шилжүүлэхээр төлөвлөсөн. Нэгэн зэрэг шилжүүлэх нь эрсдэлтэй.

Б.Бейсен (УИХ-ын гишүүн): -Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийн танилцуулгад нийт эмийн 68 хувь нь хуурамч гэжээ. ЭМЯ, МХЕГ ажлаа хийж чадахгүй байгаа юм уу. Тэдгээрийг хураан авч, хохирол барагдуулсан уу. Эм, эмнэлгийн хэрэгсэл хариуцсан агентлаг байгуулснаар төсөвт ямар ачаалал үүсэх вэ?

Т.Мөнхсайхан:-Нийт эмийн 19 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, 14 хувь нь стандарт бус гэсэн дүгнэлт бий. 68 гэдэг тоо бол эмийн үнийг өсгөдөгтэй холбоотой хувь хэмжээ. Эм, эмнэлгийн хэрэгсэл хариуцсан агентлаг нь стандартын шаардлага хангаагүй, бүртгэлгүй эм худалдах, үнийг нь хөөрөгдүүлэхэд хяналт тавих чиг үүрэгтэй байх юм. Тус агентлагт жилд 4.2 тэрбум төгрөгийг төсөвлөх ч эргээд гарах үр өгөөж нь их.

С.Чинзориг (УИХ-ын гишүүн): -Төрийн сангийн зээлийн санхүүжилтийг төсөвт тусгасан уу. Хоёроос гурван цагаар хичээллэнэ гэхээр олон хүүхэдтэй хүн өдөрт тэднийгээ “зөөсөөр” цагаа барах нь. Сургалтын төлбөрийг нэмэхгүй байхад хэрхэн анхаарч байна вэ?

Г.Ганбаяр (БШУ-ы дэд сайд): -Боловсролын зээлийн санд 76 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоогийн байдлаар 10 тэрбум орчим төгрөгийг нь зарцуулсан. 13 мянган оюутан зээлд хамрагдах хүсэлтээ уг санд ирүүлээд байна. Тэднээс шалгуур үзүүлэлт хангасан оюутанд зээл олгоно. Гэхдээ төсвийн тодотголд анх төсөвлөсөн мөнгөнөөс хасаж тусгасан. Гурван өдөр танхимд, хоёр өдөр нь цахимаар хичээллэнэ. Хүүхэд хүргэж өгөх, авахад хүндрэл үүснэ. Тиймээс эцэг, эхчүүдийг аль болох цахимаар ажиллуулах боломж олгох, цалинтай ээж бус, цалинтай эцэг, эх хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ХНХЯ-тай хамтран судалж байна. Сургалтын төлбөр нэмэгдээгүй. Төлбөрийг улирал, сараар нь авах чиглэлийг яамнаас өгсөн гэв.

2020 оны төсвийн тухай хууль болон бусад дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтийн хамт Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)