Бүртгэлгүй галт зэвсгээр гэмт хэрэг үйлдсэн дөрвөн тохиолдол гарчээ

ЦЕГ-аас улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого явагдаж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.  Иргэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэгийн тооллогыг жил бүрийн дөрөвдүгээр улиралд багтаан явуулдаг билээ.

 Энэ жилийн галт зэвсэгийн тооллого улсын хэмжээнд  аравдугаар сарын 30-наас эхэлсэн байна.  Арванхоёрдугаар сарын 4-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Галт зэвсэг эзэмшигч иргэн галт зэвсгээ жил бүр харьяа дүүргийн хэлтэс дэх цагдаагийн хэлтсийн тооллогод оруулах шаардлагатай байдаг байна.

Иймд иргэн, хуулийн этгээд товлосон хугацаанд цагдаагийн байгууллагад ирж, галт зэвсгээ тоолуулах, бүртгэлгүй буугаа бүртгүүлэх хэрэгтэй гэдгийг цагдаагийн газраас анхааруулж байна. Цагдаагийн байгууллагад бүртгүүлэхээсээ өмнө гал зэвсэгт ногдуулах жилийн албан татвараа төлсөн байх шаардлагатайг мөн хэлж байлаа.

Галт зэвсэгийн албан татвар бууны төрлөөсөө шалтгаалан өөр өөр байдаг байна. Тодруулбал, Үрлэн сумтай буу 4000, 6.4 мм хүртэлх калибрийн бүх төрлийн буу 4000, 6.5 ба түүнээс дээш мм-ийн калибрийн бүх төрлийн буунд 6000 төгрөгийн татвар ногдуулдаг ажээ

Иргэд галт зэвсгээ цагдаагийн газарт бүртгүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэх болон галт зэвсгээ сумнаас тусад нь салган зориулалтын гэрэнд хийн авч очно. Нийслэлийн иргэд харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст, орон нутгийн иргэд харьяа аймгийн цагдаагийн газартаа очиж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ Галт зэвсэг эзэмших гэрчилгээний 14 дүгээр хуудсанд байх цагдаагийн байгууллагын бүртгэл, 15 дугаар хуудасны татварын байгууллагын бүртгэлийг бөглүүлэх хэрэгтэй.

Бууны албан татварын тухай хуулийн дагуу иргэд 2014 оны татвараа наймдугаар сарын 1-ний дотор төлсөн байх ёстой байна.. Галт зэвсгээ бүртгүүлээгүй тохиолдолд Монгол Улсын галт зэвсгийн тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч, торгуулийн шийтгэл ногдуулдаг юм байна.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Энэ онд галт зэвсгээр үйлдэгдсэн хэрэг 22 бүртгэгдсэнээс бүртгүүлээгүй зэвсгээр гэмт хэрэг үйлдсэн 4 хэрэг гарсан. Тодруулбал, хүний амь нас хохироосон хэрэг нэг, гэмтсэн хүн 5, хууль бусаар авч явсан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад хураагдан шалгагдаж байгаа хоёр, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг нэг, танхайрах төрлийн гэмт хэрэг хоёр, мал хулгайлахдаа ашигласан нэг, хууль бус ан хийсэн хоёр хэрэг бүртгэгдсэн” гэж ярилаа

Мөн хэдхэн хоногийн өмнө галт зэвсэгтэй болгоомжгүй харьцсанаас болж амь насаа хохироосон хэрэг энэ сарын 4-нд Архангай аймгийн Их тамир суманд гарчээ.

М.Болорцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)