Бүжигчид олон улсын өдрийг тэмдэглэв

Өнөөдөр олон улсын бүжгийн өдөр. СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, Урлагийн ажилтны холбоо, Бүжгийн нийгэмлэг хамтран энэ өдрийг цахимаар тэмдэглэж байна.

СУИС-иас санаачлан нийслэл дэх мэргэжлийн урлагийн байгууллагууд, орон нутгийн театр, чуулгууд, нийгэмлэг, холбоод болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, коллеж, бүжгийн клубүүдийг ч хамруулан хамтарсан 15 минутын цахим мэндчилгээ бүтээж цацсан нь бүжгийн урлагт зүрх сэтгэлээ өгсөн уран бүтээлчид төдийгүй үзэгчдэд ч өндөр сэтгэгдэл төрүүлжээ. Богино хэмжээний баримтат кино мэт болсон уг мэндчилгээний эхэнд дээрх их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баяр -баатар үг хэлж, Монголынхоо нийт бүжигчдэд баярын мэнд хүргэсэн байна. Түүний араас улсын хэмжээний өнөө цагийн алдарт бүжигчид хүндэтгэлтэй ёслов. Харин дараа нь эх орны наран ургах зүгийн нутаг Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчдийнхээс авхуулаад орон нутгийн бүх л театр, чуулгын уран бүтээлчдийн өөр өөрсдийн ололт, амжилтыг багтаасан товч мэдээлэл бүхий мэндчилгээг цувуулсан нь сэтгэл татам болжээ.

Сүхбаатар аймгийн “Жаахан шарга”, Дорноговийн соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит “Саран Хөхөө”, Дундговийн Төв халхын дуулалт жүжгийн гэх мэтчилэн театр, чуулга бүр өөр өөрийн тодотголтой байдаг нь бүр ч сонирхолтой.

Цахим мэндчилгээнд ЮНЕСКО-гийн Олон улсын бүжгийн зөвлөлийн гүйцэтгэх хорооны гишүүн, доктор Константин Контажанис нэгдэж үг хэлэхдээ “Энэ бэрх цаг үед Монголын бүжигчид санаа нэгтэйгээр олон улсын бүжгийн өдрийг тэмдэглэж байгаад туйлаас баяртай байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)