БҮГДИЙГ ЗӨВ ХИЙХ АЛБАГҮЙ

Эмили Жин Стоун буюу Америкийн жүжигчин Эмма Стоун өдгөө 30 настай. Өнгөрсөн жил “Алтан хүн”-тэй учирч, бас өчнөөн шагнал хүртсэн. 29 нас нь түүний хувьд амжилтын оргилд гарсан онцгой үе байв. “Оскар”, BAFTA, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн, жилд багцаагаар 20 гаруй сая “ногоон” халаасалдаг, онцгой хөөрхөн, сайхан хоолойтой гээд энэ бүсгүйг тодорхойлох зүйл мундахгүй.

Театрын тайзнаа 11 настайдаа анх гарч, 16 жүжигт дүр бүтээсэн, 2007 онд дэлгэцийн уран бүтээлд дебютээ хийж “Залуу Холливуд” шагнал хүртсэн, дуучин Тейлор Свифтийн сайн найз Эмма Стоуныг “Esquire” онцолсон байна.


  • Би ярилцлага өгөх болгондоо айж, сандарч, чичирдэг болохоор нэг өрөөнд ганцаараа хэсэг байж, өөрийгөө тайвшруулдаг.
  • Залуу ээжүүдэд зориулсан цахим хуудсаар сүүлийн үед “орж, гардаг” болсон. Миний насны бүсгүйчүүдийн олонх нь ээж болжээ. Тэд бие биедээ ахуйн ажлаа хэрхэн амжуулдаг, хүүхдийн асаргаа сувилгаанд юу хэрэгтэйг маш энгийн, сайхан тайлбарладаг юм билээ. Гэтэл би орон гэрээ яаж цэвэрлэхийг ч мэдэхгүй л явна.
  • Намайг Эмили Стоун гэдэг юм, уг нь. Тэгтэл надаас гадна ийм нэртэй нэг жүжигчин байсан учраас би Райли болох шийдвэрийг 16 настайдаа гаргасан. Түүнээс хойш зургаан сар гаруй энэ нэрээр явсан ч нэг л дасахгүй байсан. Тэгэхээр нь Эмма Стоун нэрээр явах болсон.
  • Кино бол мөнхийн урлаг.
  • Өөрийн тоглосон киног үзэхээр нүүр минь таталдаад байдаг учраас үзэх дургүй.
  • Райан Гослинг “Twizzlers” чихэрт нугасгүй. Байнга л халаасалж явдаг. Тэр чихрийн талаар яривал цаадах чинь ёстой зогсохгүй чалчина даа.
  • Ер нь бүгдийг зөв хийх албагүй.
  • Долоон настай байхдаа би гэр минь шатаж байна гэж зүүдлээд сэрсэн юм. Тэр бол зүүд төдий зүйл байгаагүй. Яг л бодит мэдрэмж байсан. Би бүр амьсгалж, хөдөлж чадахгүй болсон байлаа. Яг тэр зүүдийг дараа нь хэдэнтээ харсан. Үүнийг пааникийн довтолгоо гэдэг юм билээ. Тиймээс өөрийгөө зоригжуулахын тулд тэмдэглэлийн дэвтэртээ “Би зоригтой. Харин түгшүүр айдас бол бороо шиг зүйл” гэж бичиж билээ. Том болсон хойно ч тэр зүүд байнга бодогдоод байхаар нь зүүн мөрөн дээрээ мангасын жижигхээн зураг шивүүлсэн. Намайг айх болгонд тэр амьтан “Эмили, дэмий юмнаас айх хэрэггүй. Бүх зүйл тайван, сайхан байна” гэж хэлэх шиг болдог. Үүнээс гадна миний зүүн бугалганы дотор талд шувууны мөр шивсэн. Ээж минь хүнд өвдөх үед гэр бүлийнхэн минь бүгд бэлгэдлийн үүднээс ийм шивээс хийлгэсэн юм.
  • Би төрөхдөө л гэдэсний ивэрхийтэй байсан. Заавал мэс засал хийлгэх шаардлагагүй гэдэг. Тиймээс халуун ногоо ихтэй хоол иддэггүй. Багаасаа л өөрөө тэгж шийдсэн, яг л настай хүн шиг, айхтар байгаа биз.
  • Би 11 нас хүртлээ эрхий хуруугаа хөхдөг байлаа. Тэгэхээр яагаад ч юм бэ, тайвширчихдаг байсан.
  • Театр бол өдөр бүр шинэ боломж нээдэг онцгой газар.
  • “Алтан бөмбөрцөг”-ийн ёслолд би ээжтэйгээ очсон юм. Бид А.Жоли, Б.Питт нартай нэг ширээнд таарсан. Ээж тэднээс “Та хоёр хүүхэдтэй юү. Ямар ажил эрхэлдэг вэ, продюсер уу” гэхчлэн “тэнэг” зүйл их асуусан даа. Тэр болгонд нь ичээд ширээн доогуур орох шахаж билээ.
  • Ер нь мэдэмхийрэх хэрэггүй. Тэрний оронд чимээгүйхэн суугаад хуруугаараа оролдсон нь дээр.
  • Итгэл найдвар, уран бүтээл бол амьдралд хамгийн чухал зүйл.
  • Муу киног хөгжим нь аврах боломжтой.

     

Бэлтгэсэн: Э.Хана 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)