Бярдаад хаячихлаа

Эр бяр нь тэгширсэн бөхчүүдийн аатай барилдааныг харсан хэн бүхэн “Ётой л бярдаад хаячихлаа” гэж бахархдаг даа. Яг үүнтэй утга нэгэн үйл явдал өнгөрсөн даваа гаригт болсон нь “Виртуозо-2016” нэгдсэн тоглолт байлаа.

Монголд олон гайхалтай уран бүтээлч бий. Тэдний амжилтаар Монгол төдийгүй дэлхий бахархдаг. Хэдий тийм ч гэсэн бид тэдний тоглолтыг үзэж, ур чадварыг дэргэдээс нь мэдрэх боломж тэр бүр гардаггүй. Тэгвэл “Виртуозо” академийнхан 14 жилийн тэртээгээс тухайн оны хамгийн шилдэг, гарамгай уран бүтээлчдийг нэгтгэн, тоглолт зохион байгуулж ирсэн нь үзэгчдэд тийм боломж олгодог юм. Жил бүр л энэ арга хэмжээ үнэхээр “амттай”, уулга алдуулам болдгийг жилийн турш хүсэн хүлээдэг үзэгчид мэдэх буй за.

Энэ жил “Виртуозо” урьд урьдынхаас илүү онцлогтой, бас үнэхээр “cool” байлаа. Монголчууд хүний, өөрийн хөгжмийн зэмсгийг ямар өндөр түвшинд эзэмшсэнийг утгаар нь харуулав. Бөхөөр бол ёстой л бярдаад хаячихлаа.

Уламжлал ёсоор арга хэмжээг нээж ХБК-ийн шилдэг сурагчид ур чадвараа харуулсан нь үндсэн хэсгийн тоглолтоос дутахааргүй байсныг дурдах хэрэгтэй. Д.Танхилуун, Х.Хүслэн, Э.Эмүжин нар тун удахгүй гарамгайчуудын эгнээнд орох нь тодорхой. Тэднийг “чанаж, болгож” байгаа багш нарт талархъя.

“Виртуозо”-ын тайзнаа гарах урилга хүлээн авах нь уран бүтээлчдийн хувьд нэр төрийн хэрэг. Нөгөөтэйгүүр нөр их хөдөлмөрийнх нь үр дүн байдаг. Тэгвэл ХБК-ийн бүтээгдэхүүн, хийлийн IV курсийн оюутан Б.Билгүүн тийм боломжийг гурвантаа хүртсэн гарамгай хийлч юм. Тэр утгаараа түүний ур чадвар, техник хэр өсөж буйг чухамхүү энэ тайзнаас харж болно. Тэрбээр үнэхээр чангарч байна аа.

Хэдэн жилийн өмнө аядуу намдуу байсан Б.Билгүүний эрэмгий, шийдэмгий өнгийг мэдэрлээ. Тоглолтын салхи хагалсан хийлчийг тайзнаас буулгах дургүй байгаа нь үзэгчдийн алга ташилтаас илт байсан бол Э.Батмягмар эрдүү хийлийн “тос, нүнжгийг” ёстой л нэг мэдрүүлсэн. “Виртуозо”-ын тайзнаа “эцэг” хөгжмөөр гоцолсон анхны тохиолдол энэ байлаа.

“Wow”, челист Д.Амармэнд, төгөлдөр хуурч Б.Номингуа нар тасарчихжээ. Ярих юмгүй. Тэд гарамгай уран бүтээлч гэдгээ харуулах “аймаар” бүтээл сонгосон нь Бетховений “Долоон вариац”, Шопены “Бриллиантан полонез” байлаа. Номингуагийн хуруунууд нэг секундэд хэдэн зуун удаа “нисэж, буусныг” хараа гүйцэхгүй байлаа. Нэгэнт “Виртуозо”-ын тайзнаас үзэгчидтэй уулзаж байгаа учраас уран бүтээлчид өөрийн чадвар, чансааг харуулах бүтээл сонгох нь ойлгомжтой. Энэ утгаараа тэд дэлхийн хэмжээний тоглолт үзүүлсэн.

Тэдний адил “бярдсан” хөгжимчид бол “The Solace” нэгдлийнхэн. Чавхдаст хөгжмийг “уйлуулсан” цөөхүүл хөгжимчид Монголын сонгодог урлагт гарцаагүй үгүйлэгдэж буй өнгө, хөг аялгууг мэдрүүлсэнд талархах учиртай.

Энэ мэтээр “Виртуозо-2016”-гийн тайзнаа гарсан хөгжимчин бүр наадмын түрүү бөх шиг гялалзаж, хүч чадлаа харууллаа. Тэр дундаас төгөлдөр хуурчдыг онцлохгүй өнгөрвөл алдас болох биз ээ. Тэдний гар, хурууны хөдөлгөөн заримдаа хунгийн дэвэлтийг санагдуулж, Майя Плисецкая хэмээх агуу бүжигчнийг дурсахад хүргэснийг онцолмоор байна.

С.Саянцэцэгийн талаар ярьж, дүгнэх нь илүүц биз ээ. Тэр бол зүгээр л Монголын энэ цаг үеийн нэгэн “шедевр”. Түүний тоглохыг Ф.Шопен харсан бол монголчуудын өмнө мэхийн ёслох байсан нь лавтай.

Гарамгай уран бүтээлчдийн 14 дэх удаагийн тоглолтын хоёрдугаар хэсгийг хөглөсөн “Нүүдэлчид” хамтлаг, хуучирч Э.Цэндсүрэн, морин хуурч Э.Мөнхбаяр, Р.Амарбаяр, лимбэчин Б.Мягмарцэрэн, ёочин хөгжимчин Т.Өлзийжаргал гээд үндэсний хөгжмөөрөө дэлхийн сонгодгийг тултал дуугаргасан уран бүтээлчдэд мэхийн ёсолъё.

Өвөг дээсийн минь бүтээсэн хөгжмийн цараа хэмжээлшгүйг үзүүлсэн Р.Амарбаярт тусгайлан ёслох нь зүйтэй. Учир нь тэрбээр уламжлалт ширэн цартай морин хуурыг улам амилуулах үйлсэд сэтгэл зүрхээ зориулж яваа бахархалт залуу билээ.

Энэ үдшийн тоглолт, уран бүтээлчдэд өөлөх зүйл байсангүй. Гэхдээ тэдний “барьж авсан” уран бүтээлийн сонголт хэт мэргэжлийн, өндөр түвшнийх байсан нь зарим үзэгчийг “пологтуулчих” шиг болсон. Бүр уралдааны түвшинд ур чадвараа харуулсан тэдний буруу биш л дээ. Харин зохион байгуулагчдын зүгээс жаахан “зөөлрүүлж”, энтертайнмент чиглэл оруулсан бол зүгээр байжээ гэх үзэгч ч байсан.

Ер нь “Виртуозо” тоглолтын онцлог нь гарамгай уран бүтээлчдийн ур чадварыг харуулах явдал. Ийм ч зарчмаар явж ирсэн. Энэ жилийн хувьд хэтэрхий бярдсан тоглолт болсон нь энэ мэт “шүүмжлэл” дагуулсан биз ээ.

Жирийн үзэгчийн хувьд би ингэж бодлоо. Энэ тоглолтын хамгийн гоё шигтгээ болсон чавхдаст хөгжмийн цөөхүүлээр Вивальдийн “Өвөл”-ийг захиалан тоглуулаад хөшгөө хаасан бол үзэгчдийн сэтгэлийг улам гижигдэх байсан болов уу. За, ингээд “Виртуозо”-г ирэх жил хүртэл “баяртай” гэж үдээд, зохион байгуулагчдаас нэг зүйл хүсье. Уламжлал ёсоороо энэ гайхамшигт тоглолтыг дараа жил төгөлдөр хуурч М.Цогбадрах буюу санаачлагч нь өөрөө хөтөлж, үзэгчдийг урлагийн ертөнцөөр аялуулаасай.

“Виртуозо”-ын чухал нэгэн “амт” нь түүний энгийн хэрнээ ойлгомжтой тайлбар, сонирхолтой түүх өгүүлдэгт оршдог гэдэгтэй үзэгчид санал нэгтэй байдаг юм билээ. Энэ жил анх удаа мэргэжлийн хөтлөгчтэй явуулсан нь давуу тал боловч, гадаад үгийг хазгай мурий хэлдэг тэр нөхрөөс болж “гарамгай” хэмээх тодотголтой гоё арга хэмжээний утга алдагдахад хүрэх вий гэсэн болгоомжлол олон хүнд төрүүлснийг нуухгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)