Б.Эрдэнэтуяа: Би өөрийгөө маш гоё, нандин амьдралтай гэж боддог

УДБЭТ уран бүтээлийн 55 дахь улирлаа Ж.Вердийн “Аида” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар нээхээр бэлтгэл сургуулилалт хийж байна. “Аида” дуурийн гол Аидагийн дүрд шинэхэн Гавьяат Б.Эрдэнэтуяа өдөр дараалан тоглох гэж байгаа юм. Дуучин яагаад хоёр тоглолт дамнан гол дүр бүтээх болсон тухай болон уран бүтээлчийн ажил, амьдралын сонин сайхнаас сонирхож ярилцлаа.

-Та Аидагийн дүрийг Монголдоо гурав дахиа бүтээх гэж буй юм билээ. Энэ улирлын нээлтийн хоёр тоглолтын ачаалал тань дээр илүү бууж байх шиг. Яагаад тэр вэ?

-Театрын удирдлагууд, уран бүтээлчид хамтарч ярилцаж байгаад шийдсэн юм. Энэ дуурийг удирддаг маэстро Н.Туулайхүү өвдсөнийг хүмүүс мэдэж байгаа байх. Нөхцөл байдлаас үүдэн ОХУ-аас “Аида”-г найруулсан удирдаач А.П.Чепурнойг урьсан. Удирдаачийн ажлын хуваарь шахуу учраас хоёр бүрэлдэхүүнтэй ажиллах хугацаа байхгүй, нэгээр хоёр орой тоглох боломжтой гэвэл очъё гэсэн юм билээ. Уг нь гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг бид хоёр гол дүрд тоглохоор бэлтгэж байгаа юм.

-Таны бүтээх энэ удаагийн Аида өмнөх хоёроос  өөр байх болов уу?

-Уран бүтээлчид дүр бүтээхдээ жүжгээс жүжигт сайжруулаад явдаг. Би ч гэсэн, хааны охин байж харь нутагт боол болж амьдрахдаа хайр сэтгэлдээ үнэнчээр амиа золин эх орон, газар шороо, дайн дажингүй амьдралын төлөө эцсийн үгээ хэлсээр үхэх хүртэл тэмцэхдээ огтхон ч бууж өгөөгүй хүчирхэг хар арьст эмэгтэйн дүрийг илүү тод томруунаар бүтээхийн төлөө ажиллаж байна.

-“Аида”-г дэлхийн том дууриудын нэг, гранд гэж онцолдог. Ямар үзүүлэлтээр ингэж хэлдэг вэ?

-Зөвхөн гол дүр гэлтгүй, хамтрагч болоод бусад дүрийн дуучид дуулсаар байгаад дуусдаг жүжиг Гоцлол дуучид нүсэр бүрэлдэхүүнтэй найрал дуучдын тэр их дуу, найрал хөгжмийн нүргээнийг давж дээд өнгөөр дуулдаг, хоолойн чадал, биеийн тэнхээ, ухааны цараа ч шаарддаг дуурь. Манай театр энэ дуурийг тоглохдоо өөрийн найрал дуучид дээр гаднаас Цэргийн дуу бүжгийн чуулга, Хөгжим бүжгийн коллежийн найрал дуучдаар хүч нэмж ирсэн. Гол дүрийн дуулах хэсэг олон, хүнд. Ялангуяа гуравдугаарүзэгдэл их хэцүү. Аида ари дуулмагцаа аавтайгаа хоршино, араас нь шууд сэтгэлтэй залуу Радаместэй хоршиж дуулаад залгуулан гурвалд дуулдаг. Гэхдээ бас учиртай. Ж.Верди дуурийн дуучин эхнэртэй байснаас тэр байх дуучдын физиологийг их сайн мэддэг хөгжмийн зохиолч. Гол дүрийн дуучныг хаана удаан дуулуулаад, хаана амраахаа тун нарийн тооцоолж бичсэн байдаг. Аида дөрөвдүгээр үзэгдэл буюу үхлийн хэсэгт гарч ирэхдээ их сайхан амарчихсан байдаг. Энэ хэсэгт дуучин удаан, маш сайхан дуулдаг. Хоолой халаад амарчихсан, бүх булчин жигдрээд юуг ч ямар ч дээд өнгөөр дуулахад торохгүй сайхан болчихсон байдаг. Машиныг ханатал халааж байгаад явуулахад сайн байдагтай адил. 

-Таны дуулахыг сонсох гэж ирдэг үзэгч олон. “Энэ жижиг биеэс ямар их хүч гарна вэ, хоолой нь цуцах гэж байхгүй юм аа” гэж ярьж байхыг олонтаа сонссон. Нээрэн тэр их хүч таны хаанаас гардаг вэ?

-Дуучин хүний хоолойн байна уу, ер нь хүч гэдэг авьяас, ур чадвар, мэдлэгийн нийлбэр юм болов уу гэж боддог. Дуурийн дуучид зөвхөн хоолойгоор дуулдаггүй. Балетчид ч гэсэн адилхан. Өлмий дээрээ зогсдог балетчин бүр 32 эргэж чаддаггүй. Хэн өөрийгөө зөв удирдаж, залж чадаж байгаа нь эргэдэг болов уу гэж хардаг. Дуучид бол юун тухай дуулж байгаагаа сайн мэдэхээс гадна нэмэлт мэдлэгээр тархиа цэнэглэх шаардлагатай. Авиаг нисгэх гэдэг ойлголт байдаг. Физик талаас нь жаахан судлах юм бол ойлгомжтой. Авиа шулуун биш, эргэх хөдөлгөөнөөр тархдаг. Дуурь авиа дээр тогтдог урлаг. Хоолой, булчингуудаа зөв ажиллуулж авиаг амнаасаа хөдөлгөөнийх нь зүй тогтлын дагуу гаргаж чадах юм бол тэгж хүчтэй, нисч гардаг. Үүний учрыг олсон байхад хоолой хүчтэй байж, нисэлт дуучинд ч, үзэгчдэд ч мэдрэгдэж сайхан сонсогддог.

-Та Италид олон жил суралцсан, тус улсад дуурьт дуулж ч байсан. Ер нь амьдралын европ хэв маягтай хүн санагддаг. Дуурийн өлгий Итали орноос тээж ирсэн ямар эрдэм, олз тань Монголын дуурьт, дуурийн дуучдад нөлөөлсөн бол? 

-Олон урлаг нийлж дуурь болдог. Юуны түрүүнд дуурь гэдэг бол хөгжим, хэл хоёр юм. Миний тээж ирсэн эрдэм гэвэл итали хэл юм даа. Үг болгоныг мэдэж байвал зөв, гоё дуулна. Хөгжмийн зохиолч яагаад энэ үгэн дээр, үсэг дээр өргөлт тавьсан бэ гэдгийг харж, ойлгож, илэрхийлж дуулбал дүр илүү тод болно. Санаа алдах, мэгших, уйлах зэргийг үгнээс, тэмдэглэсэн өргөлтөөс ойлгох ёстой. Италиар анно гэдэг нь он жил гэсэн үг. Харин ано гэхээр бүсэлхийнээс дооших эрхтэн болно. Нэг үсэг, авиа дутуу хэлэхэд л утга дутдаг. Тийм болохоор дуурийн дуучин хүн гадаад хэл сурах нь хамгийн чухал. Манай театрын залуу дуучид гадаад хэл сурах гэдэг болсонд баяртай байдаг. Өмнө нь үнэнийг хэлэхэд манайхан италиар хэцүүхэн дуулдаг байлаа. Одоо бол бүгд италиардуулдаг. Гадаадаас ирсэн итали хүн “Монголд итали хэлтэй хүн байдаггүй гэсэн чинь тайз дүүрэн байна шүү дээ” гэж дуу алдаж байлаа. “Италиас тээж ирсэн эрдмээс тань монгол үндэсний дуурьт юу шингэсэн бол” гэж асууж байна. Монголдэлхийн түвшний дуурьтай улс. Тийм болохоор миний нэмэр гэж юу байх вэ. Жишээ нь Х.Билэгжаргалын “Ламбугуайн нулимс” дуурийг хаанахын ямар ч том театрт тоглож болно.

-Танд одоо тоглохсон, дуулахсан гэсэн ямар дуурь байна вэ?

-Ж.Пуччинийн “Турандот”.

-Одоо театрт ямар дуурь дутаж байна вэ?

-Ж.Пуччинийн “Турандот”. Манай театр дэлхийн театруудын урын сангийн дууриудыг тоглосоор ирсэн. Одоо ч тоглож байна. Гэхдээ дуурийн театр “Турандот” тоглодог бол уран бүтээл, урын сан, уран бүтээлчид сайтайн үзүүлэлт.

-Энэ их өндөр шалгууртай дуурь юм аа...

-Тийм ээ. Гол нь маш сайн тенор шаарддаг. Калафын аринуудыг ихэнхдээ 35 хүрсэн тенор сайхан тултал дуулдаг.

-Тэгэхээр манай театр дуучдын байгаль, физиологийн шалтгаанаар энэ дуурийг тавихгүй байгаа юм байна, тийм үү?

-Үндсэндээ тийм.

-Танай гэрт сайхан уран зураг нэмэгджээ. Энэ ямар хайрхан бэ?

-Ховдын Жаргалант хайрхан. Аав минь Ховд аймгийн Чандмань сумын хүн. Жил бүр очихсон, явахсан гэж боддог байсан ч амждаггүй байлаа. Энэ жил зорьж хүмүүсийн ярьдгаар авга нутаг, нагац нутгаараа явлаа. Сэтгэл сэргэж, хэдэн жилийн энерги хуримтлуулах шиг болсон. Дундговь аймагт хийдийн нээлтэд очиж дуулахдаа нагац нутагтаа саатсан. Манай ээж Дундговь аймгийн Дэлгэрхангай сумынх.

-Ардын жүжигчин Г.Хайдав, Н.Норовбанзад гуай нарын нутаг биш үү?

-Мөн.

-Энэ ямар “учир жанцантай” нутаг орон бэ, их авьяастнууд төрдөг...

-Мэдэхгүй ээ (инээв). Дундговь аймаг, тэр дундаа Дэлгэрхангай сумыг дуу хуурын өлгий нутаг гэдэг. Аавынхаа шугамаар бол дуурийн гоцлооч Д.Ганбат бид хоёр Ховд аймгийн Чандмань сумынх. Хөөмийн нутгийн хүүхдүүд.

-Тэгэхээр хөөмий, уртын дууны өлгий нутгийн уугуул эцэг эхийн охин болж төржээ. Сонирхолтой юм.

-Намайг “П.Ганбат бид хоёр нэг сумын уугуул юм билээ” гэж ярихыг сонссон нэг хүн “Тэр нутаг ямар устай болохоор авьяастнууд төрдөг байна аа” гэж байсан.

-Нээрэн тэгж хэлмээр юм байна. Уран бүтээлийн 55 дахь улиралд та эх орондоо суурин ажиллах уу. Гадаадад жүжигт урилгаар тоглодог, дуурийн дуучдын уралдаанд шүүгчээр ажилладаг болохоор тань ингэж асуулаа.

-Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит уралдаанирэх арваннэгдүгээр сардболно. Би Урлагийн ажилтны холбооны ажилтны хувиар, мөн хөгжмийн зохиолчийн гэр бүлийнхний хүсэлтээр энэ уралдааны зохион байгуулалтад голлох үүрэгтэй оролцдог. Аравдугаар сард Оросын алдарт дуучин Лхасаран Линховоины (Буриад Монголын автономит улсын ардын жүжигчин, 1951, Зөвлөлт Оросын гавьяат жүжигчин 1954, Зөвлөлт Оросын ардын жүжигчин 1954, ЗХУ-ын ардын жүчигчин 1959 он) нэрэмжит уралдаанд шүүгчээр ажиллахаар явах юм. Манай театр Ж.Россинийн ”Севилийн үсчин” дуурийг шинээр тавьж байгаа. Найруулагч Стефано маргааш (9 сарын 29) бууна. Би хажууд нь байж орчуулах ажилтай. Театрт арваннэгдүгээр сард Ж.Вердийн “Травиата” дуурьтай. Нэг тоглолтод нь би дуулна. Энэ жил Зул сарын баярыг Италид өнгөрүүлэх сонирхол маш их байна. СУИС-д багшилж байгаа болохоор театрын ажлын ачаалал бага үед ч чөлөө аваад гадагшаа тэр бүрявж чадахаа байсан.

-Багшийн ажил таалагдаж байна уу?

-Маш их таалагддаг. Би одоо долоон оюутантай. Хоёр нь ирэх хавар бакалавраар төгсөнө. Оюутан сургах нь өдөрт хуудсаар урагшлуулдаг ажил. Нэг л өдөр завсарлах юм бол удаашраад ирдэг учраас удаан хугацаагаар орхих аргагүй. Өөртөө нэг ийм чөдөртэй болсон(инээв).

-Дуурийн урлагт дуртай үзэгчид таныг андахгүй. Үүний зэрэгцээ бас таныг мэдэхгүй хүн олон байгаа болов уу. Тийм болохоор та өөрийнхөө тухай товч танилцуулж болох уу. Гэр бүл, төрж өссөн орчин, урлагт хөл тавьсан түүхийг тань сонирхоё.

-Би Улаанбаатарт төрсөн. Аав Я.Балгансүрэн физикч, математикч мэргэжилтэй. Ээж Ц.Цэцэгмаа мөн физикч, математикийн мэргэжилтэй хүн. Нэг ах, хоёр эрэгтэй дүүтэй. Тэд маань мөн математикч, мэдээллийн технологийн чиглэлийн залуус. Аав ээж хоёр маань урлагт, тэр дундаа сонгодог урлагт их дуртай хүмүүс. Бага байхад аав цөмийн физикчдийн хот ч гэдэг ЗХУ-ын Дубнад ажиллахаар гэр бүлээ аваад очсон юм. Тэнд би ерөнхий боловсролын дунд сургуульд олон жил суралцаад төгсөх жилдээ Улаанбаатарын орос есдүгээр сургуульд шилжин суралцаж төгссөн. Дубнад байхад аав ээж хоёр намайг хичээлээс гадуур ямар нэг дугуйланд явуулъя гээд найрал дуунд оруулсан байлаа. Жаахан сурагч байж их идэвхтэй явдаг байсан. Энд тэндхийн арга хэмжээнд гоцолж хүртэл дуулдаг хүүхэд байлаа. Монголд ирээд бас л дуулж байв.

-Дуурийн дуучин болох замд яаж орсон бэ?

-Нэг удаа би “Шинэ Пионерийн ордон” гэж нэрлэдэг Хүүхдийн ордонд болсон орос дууны уралдаанд түрүүлэхэд шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан Ардын жүжигчин Г.Хайдав багш “Чи дуулаачаар сурах хүүхэд байна даа” гэсэн юм. Дунд сургуулиа  төгсөхөд манай багш нар намайг “Политехникийн чиглэлээр сураарай” гэж захиж байхад зөвхөн дуу хөгжмийн багш “Үгүй, чи дуучин болох хүүхэд” гэсэн. Би өөрөө дуртай болохоор СУИС-д шалгалт өгсөн юм. Тэгтэл Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж багш “Чи 17 нас хүрээгүй болохоор элсүүлж авах боломжгүй. Дүрмээр 20 хүрсэн хүн авах ёстой, хоёр жилийн дараа ирээрэй” гэсэн. Би гуниглаж гүйцсэн л дээ. Тэр жил СУИС анхны төлбөртэй анги нээсэн байлаа. Шалгалтад улаан шугамын дор үлдсэн хоёр хүүхдэд төлбөрөө төлөөд элсэх боломж олгоход нь тэр хүүхдүүд өөрсдөө орохгүй гэснийг мэдсэн болохоор “Тэгвэл би орно” гээд дайрчихсан. Тэгж дуулаачийн ангид орж, Гавьяат жүжигчин М.Найдалмаа багшийнхаа шавь болсон доо. СУИС-ийн багш нар надад их сайн. М.Найдалмаа багш маань гологдон, хөөгдөн байж өөрийн сайнаар орж ирсэн гээд намайг эрхлүүлж “Гадкий утёнок” буюу “Нугасны муухай дэгдээхэй” гэж өхөөрдөж дууддаг байлаа. Магтсан ч, зэмлэсэн ч “Гадкий утёнок” л гэнэ. Би багшийнхаа гэрт бараг амьдардаг байлаа. Миний гэрийн шаахай тэднийд байж байдаг. Багшийнхаа бас нэг охин нь юм шиг л дураараа дургидаг оюутан байлаа.

-М.Найдалмаа багш танд дуулахыг ч, амьдрахыг ч заажээ...

-Тийм ээ. Гэртээ унтах л гэж очдог, бусад цагт нэг бол сургууль дээр, үгүй бол багшийнд байж байдаг байлаа. Багшаасаа би их юм авсан. Наад зах нь эмэгтэй хүн биеэ яаж авч явах вэ, үг хэл яриагаа хэрхэн цэгцлэх вэ гээд л. Бидний түүх адал явдлаар дүүрэн. Нэг удаа багш бид хоёр хөглөж билээ. Гуравдугаар курст байхдаа анх удаа дарс ууж үзэв ээ. Нэг өдөр багш сургуулийн бусад багш нартай баяр тэмдэглэж дарс задлаад байж байхад нь би ороод ирлээ. Тэгэхэд багш “За, Туяашка, чи том болсон, үүнийг уучих. Хүн амьдралд бэлтгэлтэй байх ёстой. Хэзээ хаана дарс ууж сурна гэж явах вэ. Одоо уучих” гээд өгөхөөр нь залгичихсан юм. Удалгүй ээж намайг авахаар ирлээ. Машинд оронгуут өнөө дарс нь ханхийтэл үнэртэж л дээ. Ээж их уурлажээ. Маргааш нь ирж багштай уулзахдаа “Энэ хүүхэд өнөөдөр дарс ууж байна, маргааш хэн болох юм, ер нь энэ хүүхэд сургууль дээр өнжихдөө юу хийдэг юм”  гэх зэргээр ар араас нь асуулт тавьж байна. Тэгэхэд багш концертмейстер багш Энхтуул руу дохиод “За, гадкий утёнок,  “Тоска” дуул” гэлээ. Би дууллаа. Тэгэхэд ээж бүр гайхчихсан. “Ямар гоё юм бэ. Миний охин ингэж дуулдаг болсон юм уу” гээд бараг нүдэнд нь нулимс цийлэгнэх нь ээ. Тэгэхэд нь М.Найдалмаа багш маань нүүр бардам “Бид энэ сургуульд өдөржин ийм л юм хийж суудаг улс” гэж хэлсэн юм. Ээж гэртээ очоод аавд хэлсэн байсан. Тэр өдрөөс хойш манай аав ээж хоёр миний фэн болсон доо. Сургууль дээр, ангидаа дуулна уу гэхээс гэртээ дуу гарахгүй болохоор аав ээж хоёр мэддэггүй.

-Багш нь мад тавьсан байна шүү дээ.

-Харин тийм. Ёстой бахархалтайгаар мад тавьсан. Ер нь хүний амьдрал их гоё юм. Би өөрийгөө маш гоё, нандин амьдралтай гэж боддог.Эцэг эх, эрдэмт багш нартайгаа нэгэн цаг үед амьдраад, аав ээжийн сургааль, ачит багшийнхаа үгийг удаа дараа сонсож, болох болохгүйгээ цэгнэж дүгнэж суух шиг жаргал хүнд байдаггүй юм байна. М.Найдалмаа багш маань одоо арваннэгдүгээр сарын 7-нд 80 нас хүрэх гэж байна. Сая Г.Хайдав багш 90 хүрлээ. СУИС-ийнхан ойг нь ямар сайхан тэмдэглэв. Энэ бүхэн амьдралын амт юм даа.

-Яагаад ч юм таныг гавьяат цолны найр гэж сүр дуулиан ихтэйгээр хийхгүй хүн дээ гэж бодож байлаа...

-Сүр дуулиантай юм хийгээгүй ээ. Дууны урлагт хамтран зүтгэж яваа үе үеийн уран бүтээлчидтэйгээ, ах дүү нартайгаа нэгэн үдшийг хамт баярлаж өнгөрөөсөн. Энэ тэр хүмүүст зориулсан талархлан үдэш байсан юм. Би ууц тавьж, өндөр таваг зассангүй ээ. Ширээ бүр дээр амьд цэцгийн баглаа л тавьсан. Таван эрхэм хүн, багш нар маань үг хэлсэн. Тэгээд л бүгдээрээ бүжиглэсэн. Чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар ах “Эрдэнэтуяа, чи найрын дэгийг эвдлээ. Гэхдээ маш их таалагдлаа” гэж хэлж байсан. Монгол найрын дэгийг эвдсэн хэрэгт орох вий гэж бодсонгүй, зүгээр л би тэр үдшийг тийм л байлгахыг хүссэн.

-Ярилцаж суух үнэхээр сайхан байлаа. Цаг зав гаргасанд баярлалаа.

-Би ч бас баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)