Б.ЭРДЭНЭДАЛАЙ: НАМУУД САНХҮҮЖИЛТЭЭ НЭЭЛТТЭЙ, ХЯНАЛТТАЙ БАЙЛГАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

Улс төр судлаач, доктор (Ph.D) Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.

-Ер нь улс төрийг мөнгөнөөс аль болох хараат бус байлгах гол хүчин зүйл нь юу юм бэ?

-Улс төр дэх мөнгөний хэт хамаарал нь өндөр түвшний авлигыг үүсгэдэг. Манайд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан нам, бүлгээрээ хамтран үйлддэг авлигын гэмт хэрэг нэмэгдэх хандлагатайн зэрэгцээ сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилттэй холбоотой авлига нэн тулгамдсан асуудал болж байна. Энэ нь манай намууд хатуу гишүүнчлэлтэй, хэт данхар бүтэцтэй байдагтай холбоотой.

Нөгөө талаас Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй ч сүүлийн сонгуулиудад улс төрийн нам, нэр дэвшигчдийн зарцуулж буй зардлын хэмжээ асар их нэмэгдэж байна. Улмаар зөвхөн мөнгөтэй, бизнес эрхэлдэг хүмүүс засгийн эрхэнд гарах хандлагаас болж дээрх зөрчил үүсэж буй гэхэд болно. Эрх мэдлийн төлөө их хэмжээний хөрөнгө зарцуулсан бол эргээд түүнээсээ хэд дахин ихийг олж авахын төлөө бизнес, аж ахуйн нэгждээ ашигтай хууль, шийдвэр гаргах, нөлөөлөх зэргээр улс төрийн хүрээний авлига буурахгүй байна.

Тэгэхээр улс төрийн санхүүжилтийн асуудлыг сайн зохицуулж чадвал ардчиллыг бэхжүүлэх, сонгогчдын төлөө ажилладаг намыг төлөвшүүлэхэд эергээр нөлөөлнө. Нөгөө талаас иргэд улс төрийн мэдлэг, боловсролгүй байх тусам авлига, хээл хахуульд автсан улстөрчдөд ашигтай.

-Сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилт гэдэг хоёр ойлголтыг ангид авч үзэх ёстой юу?

-Улс төрийн намын сонгуулийн бус үеийн санхүүжилтийн асуудлыг Улс төрийн намын, кампанит ажлын санхүүжилтийн асуудлыг Сонгуулийн тухай хуулиар зохицуулдаг. Намын өдөр тутмын үйл ажиллагаа, орон нутгийн салбар, нэгжийг санхүүжүүлэх, бодлого, мөрийн хөтөлбөр боловсруулах зэрэгт маш их мөнгө хэрэгтэй. Энэ бүхнийг намын байрны түрээсийн орлого, гишүүдийн татвар, хандив, дэнчин, төрөөс олгож буй санхүүжилт зэрэг эх үүсвэрээс бүрдүүлж буй.

Харин сонгуулийн санхүүжилт нам, нэр дэвшигчдийн өөрийн хөрөнгө, хандив, сонгуулийн сурталчилгаа явуулахад зориулж төрөөс үзүүлэх дэмжлэг зэргээс бүрдэж байна. Ер нь бол нам улс орны хөгжил, иргэдийн сайн сайхан амьдрах боломж, нөхцөлийг бүрдүүлэх бодлого, мөрийн хөтөлбөр боловсруулан, засгийн эрхийн төлөө өрсөлддөг институт учраас намын болон сонгуулийн санхүүжилтийг тусад нь авч үзэх учиргүй.

Өөрөөр хэлбэл, үүнийг цогцоор нь шийдсэн Улс төрийн санхүүжилтийн хуультай байх ёстой. Одоогоор Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн төсөл санаачлаад байна. Мөн оны өмнөхөн Сонгуулийн шинэ хуультай болсон. Эдгээрт санхүүжилттэй холбоотой утга давхардсан, огт зохицуулаагүй, тодорхойгүй зүйл олон бий.

-Энэ жилийн сонгуулийн зардлыг бууруулсан ч хандивын хэмжээ нэмэгдэхээр болсныг юу гэх вэ?

-Нам, нэр дэвшигчид бизнесийн бүлэглэлүүдээс хараат болох, мөнгө дагасан улс төрийн нөхцөл байдал бий болохоос сэргийлэх алхам нь сонгуулийн зардлыг бууруулах явдал юм. Зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтоохоор хуульчилсан нь сайшаалтай. Гэхдээ нам, нэр дэвшигчид зардлын дээд хэмжээнээс давсан санхүүжилт гаргаж байна уу, далд сурталчилгаа, хяналтгүйгээр санхүүжүүлж байна уу гэдэгт кампанит ажлын үеэр иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус мониторингийн байгууллагууд маш сайн хяналт тавих хэрэгтэй.

Улс төрийн намын тухай хуулийн төсөл болон Сонгуулийн тухай хуульд санхүүжилттэй холбоотой анхаарал татсан зүйл байна гэж дээр дурдсан. Жишээ нь, Сонгуулийн тухай хуульд нэг хуулийн этгээд 15 сая төгрөгийг намд өгч болохоор заасан. Харин Улс төрийн намын тухай хуулийн төсөлд нэг хуулийн этгээд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү хандив өгөхийг хориглохоор тусгасан байгаа юм.

Тэгэхээр нэг хуулийн этгээд улс төрийн намд дөрвөн жил дараалан хандивын дээд хэмжээгээр буюу 38.4 сая төгрөгийн хандив өгчихөөд байхад, кампанит ажлын үеэр хандив өгөх, эсэх, өгөх тохиолдолд ямар хэмжээтэй байх зэргийг анхаарах шаардлагатай. Дээрх хууль болон төсөлд зааснаар бол нийлээд нэг хуулийн этгээд 53.4 сая төгрөгийн хандив өгч болох нь.

Үүгээр нам, нэр дэвшигчдэд нэг иргэн, хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээг зааж өгөхийн зэрэгцээ авч болох нийт хандивын дээд хэмжээг ч зааж өгөх ёстой гэж хэлэх гээд байгаа юм. Ингэж тодорхой зааж өгөхгүй бол танил ихтэй, олон гишүүн, дэмжигчтэй нам, нэр дэвшигчдэд томоохон хандивлагчид их хэмжээний хандивыг олон жижиг хэсэг болгож өгөх аюултай. Энэ нь улс төр дэх тэгш, шударга байдлыг алдагдуулах том жишээ шүү дээ.

-Сонгууль болдгоороо болж, хуульд заасны дагуу нам, эвсэл, нэр дэвшигчид тайлан гаргана. Гэвч тайланг бодитой, үндэслэлтэй, эсэхэд зарим талаар эргэлздэг юм. Сонгуулийн зардлын тайланг илүү “шилэн” болгоход юу хамгийн чухал вэ?

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд “Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг дараах байгууллагад хамаарна” гэж заасан хэрнээ уг хуулийн үйлчлэх хүрээ хэсгийг заасан гуравдугаар зүйлд улс төрийн намыг оруулаагүй байдаг. Гэтэл хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуульд зааснаар парламентад суудалтай намууд төрөөс суудлынхаа тоогоор их хэмжээний мөнгө авч байгаа шүү дээ. Ардчилсан тогтолцооны гол шинж болсон тэгш эрхийн зарчим, Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох, мэдээлэл олж авах зэрэг олон эрх энд зөрчигдөж байгаа юм.

Дээрх хуулиас гадна иргэд, олон нийтийн байгуулагууд, судлаачдын дунд хүлээлт үүсгээд буй зүйл бол Шилэн дансны тухай хууль юм. Уг нь улс, орон нутгийн төсөв, хөрөнгийг үр ашигтай зарцуулах, төсвийн удирдлагыг хэрэгжүүлсэн шийдвэр, үйл ажиллагааг ил тод, нээлттэй, ойлгомжтой байлгах, түүнд олон нийт хяналт тавих тогтолцоо бүрдүүлэх гэж л энэ хуулийг баталсан. Харамсалтай нь уг хуулийн үйлчлэх хүрээнд улс төрийн нам бас л ороогүй. Энэ нь улс төрийн намууд санхүүжилтээ олон нийтэд нээлттэй, хяналттай байлгахыг хүсэхгүй байна гэсэн үг.

Мөн Улс төрийн намын тухай хуульд нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн, баталгаажуулж нийтэд мэдээлэхээр заасан. Зарим нам аудитын дүнгээ цахим хуудсандаа байрлуулсан гэдэг ч энэ чиглэлээр дагнасан судлаачид түүнийг олж харсан нь тун цөөн. Намын холбогдох удирдах албан тушаалтнуудаас асуухаар “Манай нам аудитын дүнгээ цахим хуудаснаасаа авчихдаг” гэдэг. Энэ бол улс төрийн санхүүжилтийн асуудал нээлттэй бус, намууд хууль зөрчиж байна гэсэн үг.

-Сонгуулийн зардлаас гадна зөвхөн нэр дэвших эрх олж авахын тулд намдаа хандив нэрээр хэдэн саяар тоологдох “дэнчин” гэх зүйл хураалгадаг зүй тогтол, жишиг Монголоос өөр газар байна уу?

-Энэ бол Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг л дээ. Нэр дэвшигчид кампанит ажлын зардлаа босгохоос урьд нэр дэвших эрх олж авахын тулд өөрийгөө санхүүжүүлэх хандивлагчдыг хайхгүй гэсэн баталгаа өнөө хэр алга. Нээлттэй нийгэм форум, “Сант марал” сан хамтран 2014 онд гүйцэтгэсэн намуудын санхүүжилтийн талаарх олон нийтийн санал бодлын судалгаанд хамрагдагсдын 80.7 хувь нь “Томоохон хандивлагчид улстөрчдөд хэт их нөлөөлж байна” гэж хариулсан байдаг.

Энэ нь эргээд сонгогдсон гишүүд нь ард түмэндээ бус, хандивлагчдадаа үйлчлэх буруу тогтолцоо бүрдэхэд хүргэсээр байгаа. Үүнийг хязгаарлах үүднээс аль болох олон хандивлагчаас бага хандив авч, аль нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх, санхүүжилтэд иргэдийг олноор татан оролцуулах, хуулийн этгээдийн хандивыг хориглох зэрэг олон төрлийн арга хэмжээ авч болно.

Улс төрийн санхүүжилтийн зохицуулалт сайн хийсэн орнуудад бидний “дэнчин” гээд буй зүйлийг хуулиар хориглодог. Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд дэнчин, барьцаа, мөнгөн тусламжийг хориглосон байна лээ.

-Сонгуулийн тухай хууль дахь санхүүжилттэй холбоотой сайн заалтууд нь юу вэ?

-Шинэ хуулиар нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс гаргах мөнгөнд хязгаар тавьсан. Хандивлагчдын мэдээллийг нийтэд мэдээлэх, мөнгөн бус хандивыг хэрхэн тооцох тухай заасан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд сонгуулийн сурталчилгааны үеэр нам, нэр дэвшигчтэй хийдэг “хаалтын гэрээ”-г хориглож, тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн сүүлийн зургаан сарын дундаж үнэ, тарифыг мөрдөх зэрэг дэвшилттэй заалт орсон.

Б.НОМИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)