“Бэлэг” үү, балаг уу

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах “операц” УИХ-ын дарга, төрийн эрх барих байгууллага дахь олонхын бүлгийн удирдлагыг ч хөлдөө чирч мэдэх нөхцөл үүсгэлээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах саналыг хэлэлцэхээр зарласан УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаас завсарлага хүссэн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, түүний хүсэлтийг ёсоор болгож, хуульд заасан хугацаанд товлосон асуудлаа хэлэлцээгүй УИХ-ын дарга М.Энхболд нар Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөн тул хариуцлага тооцох ёстой хэмээн Ж.Эрдэнэбатын эсрэг нэгдсэн гишүүд байр сууриа илэрхийлээд эхэллээ. Олонх, цөөнх гэлтгүй УИХ дахь бүлгүүд удирдлагаа дотроосоо сонгодог тул түүнийг сольж, өөрчлөх нь гайхаж, гаслах зүйл биш байж болох ч гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах гэсэн алхам нь хууль тогтоох засаглал, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг толгойлж буй хүнд хариуцлага тооцох хүртлээ хурцдаж буй нь халаглам, харамсалтай. 

“БЭЛЭГ”

Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан 31 гишүүн, түүнийг дэмжсэн АН-ын бүлгийн есөн гишүүн өчигдөр бүгд 10.00 цагт танхимд хүрэлцэн ирж, ирцээ бүртгүүлсэн бол хуралдааныг эхлүүлэхэд шаардлагатай 39 гишүүн (нийт гишүүний 50-иас дээш хувь)-ий босгыг түвэггүй давах боломж байсан. Гэвч гишүүд гарын үсэг зурсан, зураагүй, АН, МАН гэлтгүй хэд хэдээрээ хэлхэлдэж, орж, гарсаар товлосон цагаас хоёр цагийн дараа буюу 12.00 цагт хуралдааныг эхлүүлсэн нь МАН-ынхан аанай л ойлголцож чадаагүйг илтгэсэн. Ингээд 45 гишүүн танхимд хүрэлцэн ирж, 59.2 хувийн ирцтэйгээр хуралдааныг эхлүүлсэн УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал нь зөвхөн эрх баригч намын дотоод хэрэг биш гэдгийг тэмдэглээд, гишүүн бүр нухацтай, хариуцлагатай хандан, төр, засаг тогтвортой байх нөхцөл бүрдүүлэн, улс орны өмнө хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн илүү чухал зүйлд анхаарах ёстойг онцолсон юм. Залгуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийг нь Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан гэх мэдээлэл огцруулах, эсэх асуудлаарх олон нийтийн санаа бодолд ямар нэг хэмжээгээр нөлөөлж буй тул УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд дээрх асуудлыг хэлэлцэн, үүссэн нөхцөл, байдлыг тодорхойлж өгнө үү хэмээн албан бичгээр хандсаныг нь хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас хүссэн. Улмаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхий сайд, Шадар сайд нарын нэр холбогдоод буй асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэн, түүнд үндэслэн Ж.Эрдэнэбатыг огцруулах, эсэхийг шийдвэрлэх шаардлага байгаа тул Тусгай хяналтын дэд хороо хуралдах хүртэл хугацаанд завсарлага хүссэнийг УИХ-ын дарга ёсоор болгов. Ингээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын болон гарын үсэг зураагүй гишүүд даруй танхимыг орхин гарахад бусад нь үлдэж хоцорсон ч төд удалгүй танхим хоосорсон. Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд болсон үйл явдал ердөө л энэ. Хуульд зааснаар завсарлага хүсэх, өгөх эрхтэй хүмүүсийн санаа нэг тул Ерөнхий сайдыг огцруулахгүй гэсэн байр суурьтай байгаа нөхөд бусдадаа ийм “бэлэг” барив. 

БАЛАГ

Гэвч энэ нь “бэлэг” үү, балаг уу. Учир нь Т.Аюурсайхан гишүүн УИХ- ын дарга М.Энхболдод Үндсэн хууль болон бусад хууль зөрчигдөж байгаа талаар мэдэгдэл хүргүүлсэн юм. Т.Аюурсайхан нарын 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналаа өнгөрөгч сарын 23-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тэдний саналыг хэлэлцэх шийдвэрлэх хугацаа өчигдөр дууссан гэж үзэж буй. Харин УИХ-ын дарга нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагаас үргэлжлүүлэхээр товлосон билээ. Т.Аюурсайхан нарын гишүүдийн зүгээс шийдвэрлэх хугацааг хуулиар тусгайлан заасан асуудлаар завсарлага өгөхдөө хууль зөрчихгүй байх ёстойг тэд онцолж байна. Үүнээс гадна ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөгүй, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах үндэслэлд огт дурдаагүй, Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан гэх асуудалд хамаатуулан завсарлага өгсөн нь УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэж үзэхэд хүргэж буй аж. Эдгээр нь Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл болж буй тул түүний талаар Цэцэд гомдол гаргах үндэслэл болж байгааг мэдэгдэлд дурджээ. Мөн тэрбээр “Монгол төрийг МАН бус Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж удирдан чиглүүлж, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нараар гүйцэтгүүлж, улс төрийн нам дамнасан бүлэглэлийг дэмжиж, төрийг мафижсан хэлбэрт орууллаа” хэмээн байр сууриа илэрхийлээд амжсан юм.

АН-ын бүлгээс мөн УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүлсэн. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах, эсэхийг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж, улмаар хариуцлага тооцох нөхцөл үүсэж болзошгүйг анхааруулж, албан тоот хүргүүлэв.

Гэнэт гарч ирсэн “дүр” болох Тусгай хяналтын дэд хороо дугаар шилжих мөчид хуралдаагүй л байв. Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан гэх асуудалтай холбоотойгоор шаардлагатай мэдээлэл, баримттай Тусгай хяналтын дэд хорооныхон танилцаж байгаа талаар дарга С.Батболд мэдээлсэн юм. Тус дэд хороо таван гишүүнтэй бөгөөд Н.Энхболд, Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Я.Санжмятав нар багтдаг. Тэдний олонх нь буюу Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Я.Санжмятав нар Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж буй. Мөн С.Батболд Ж.Эрдэнэбатыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан гэх мэдээлэл бий. Энэ нь тус дэд хороо хуралдахгүй гэж таамаглахад хүргэж байсан юм. Нөгөө талаас Ерөнхий сайд, УИХ-ын болон намын бүлгийн даргын зүгээс Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах сэдэл гэнэт гаргасан нь Засгийн газрыг тогтвортой байлгах ёстой байр суурь баримталж буй хүмүүсийн цаг хожиж, бусдыгаа бүхий л талаар ятгаж, сэнхрүүлэх арга, заль хэмээн үзэх үндэстэй. 

Юутай ч хуралдааныг завсарлуулж чадсан хэсэг нь бүлгийн дарга, гарын үсэг зурсан нөхөд нь Шадар сайдын албан өрөөнд өдөржин бүгж, ярилцсан Ардын намынхан өөр хоорондоо ойлголцсон, эсэх нь өнөөдөр тодорхой харагдах биз ээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар үлдэх үү, эс үлдэх үү гэдэгт ч хариулах боломж бүрдэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)