Бэлчээрт худаг байгуулаагүй атлаа хөрөнгийг нь завшсан гэв үү

Төрөөс мал аж ахуйн салбараа дэмжих бодлогын хүрээнд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор инженерийн хийцтэй худаг байгуулахаар ХХААХҮЯ-наас сонгон шалгаруулалт зарласан байдаг. Гэвч төсвийн хөрөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд луйвардаж, завшсан, хоосон баримтаар төлбөрөө авч мөнгө угаасан нь шалгалтаар тогтоогдож, өдгөө хууль сахиулах байгууллагынхан нарийвчлан нягталж буй аж.

Уг нь Монгол орны бэлчээрийн аж ахуйд инженерийн шийдэлтэй худаг маш их хэрэгтэй байгаа юм. Манай улсад 2017 оны байдлаар хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах зориулалттай 43.8 мянган худаг байна гэсэн тоон мэдээлэл бий. Эдгээрийн 13.6 мянга нь инженерийн хийцтэй худаг гэнэ. Бэлчээрт ашиглаж буй худгийн 70 гаруй хувь нь хүчин чадал багатайгаас болж нэг цэг дээрх малын бөөгнөрөл хэт их болсон, инженерийн хийцтэй худгийн хүрэлцээ муу байгаагаас шалтгаалан мал сүргийг усаар хангах боломж тааруу гэнэ.

Тиймээс ХХААХҮЯ-наас 2017, 2018 онд бэлчээр, отрын бүсийн усан хангамжийг сайжруулах зорилгоор 20 аймгийн нутагт 3.3 тэрбум төгрөгөөр 180 худаг байгуулах тендер зарласан юм билээ. Үүнд нь 25 компани шалгарч, ажил гүйцэтгэжээ. Гэвч сонгон шалгаруулалтад шалгарсан зарим аж ахуйн нэгжийнхэн инженерийн хийцтэй худаг шинээр барих ажлаа огт хийгээгүй, цооног ухаад орхисон атлаа ажлаа бүрэн гүйцэтгэсэн мэтээр баримт бүрдүүлж, тайлангаа ХХААХҮЯ болон худгийн барилга хүлээн авах комисст хүргүүлэн төсвийн хөрөнгийг залилан мэхэлж авч, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэрэг өдүүлснийг нь цагдаагийн байгууллагынхан илрүүлэн шалгаж буй юм. Шалгалтын явцад зарим компанийнхан инженерийн хийцтэй худгийг тогтоосон цэгт буюу малын бэлчээрт бариагүй, сумын төвийн айл, аж ахуйн нэгжийн хашаанд гаргасан нь ч тогтоогдсон сурагтай.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)