Бэлчээрийн төлөөх дайны золиос нь цагаан зээр болох ёсгүй


Монгол орны нийт нутгаар өнгөрсөн оны зун хэт халж, бороо хур бага байснаас зэрлэг амьтад хэдэн зуу, мянгаараа хиарсан. Байгалийн энэ гамшигт хамгийн их өртсөн нь зээр. Дорнодын Халхгол, Матад, Булган, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд гэхэд 3000 гаруй цагаан зээр харангадаж үрэгдсэн гэсэн тоог албаныхан танилцуулсан юм. Харин энэ жил эсрэгээрээ, бороо хур элбэгтэй, газрын цангаа тайлсан сайхан зун тохиож, зэрлэг амьтад усгүйдэх, харангадах зовлон бага үзэв. Зээрийн гол тархац нутаг болсон зүүн гурван аймаг болон Өмнөговь, Дундговь, Дорноговьд ч “Хамгийн их хуртай дэлгэр зун, налгар намар боллоо” гээд байгаль хамгаалагчид ам сайтай байгаа.

Зарим жил балгах усгүй болтлоо хатаж гандан, хатуурхдаг газарт тогтоол, тойром олноор үүсэж, мал, амьтны зоог тэнийлгэснийг говийнхон гайхуулан ярилаа. Энэ байдлаараа ирэх өвөл зээрийн сүрэг онд алзахгүй орно гэсэн өөдрөг төсөөлөл байгаль хамгаалагчдын айсуй өвлийн зурхайд хэдийн буучихаж. Гэтэл байгаль, цаг уурын хүчин зүйлээс ч аюултай бас нэг дайсан зээрийн сүрэгт заналхийлж эхэлсэн тухай мэдээлэл орон нутгаас ирэх болов. Тодруулбал, бэлчээр нутгаа харамлаж “чи, би”-дээ тулсан малчид зээрийн сүргийг ад үзэж, хөөж туух болжээ.

Өмнөговь аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гайхамшигт говь” төрийн бус байгууллагын тэргүүн, байгаль орчны салбарынхны эчнээ танил Х.Түмэндэмбэрэл өнгөрсөн бямба гарагт цахим хуудсаараа дамжуулан анх энэ тухай дуугарсан юм. Тэрбээр “Ихэд харамсалтай. Иргэд хэтэрхий шуналтай, амиа бодсон, харалган бодолтойд гутрав. Хүрмэн, Баяндалайн малчид болон аймаг орны цөөнгүй иргэн мотоцикл, “Жийп” хөлөглөн цагаан зээрийг өдөр шөнөгүй хөөж тууж, зарим нь буудаж, тайван бэлчээхгүй болсныг дууллаа. Аймгийн төв, Бардан чандмань, Төхөмийн хоолой орчмын цөөнгүй айл цагаан зээрийн махаар хооллож байгаа бололтой. Өнгөрөгч сарын сүүлээр Зүүн сайхан ууланд автомат буун дуу хоёронтоо гарсныг аймгийн БОАЖГ-ынханд тэр даруйд нь мэдээлсэн. Одоо ч Хүрмэн сумын Чандмань, Төхөмийн хоолойд буун дуу байнга гарч, малчид зээрийн сүргийг хөөж байна. Мал хуй нь өсөж, амьдрал нь сайжрах тусам улам шунаж, зүй бус аашилж байгаа үйлдлийг яаж зогсоох вэ” хэмээн халаглажээ.

Баяндалай сумын Зурамтай уулын орчимд нутагладаг малчин Дашням (нэрийг нь өөрчлөв)-тай эл мэдээллийн мөрөөр холбогдоход “Ийм нөхцөл байдал үүссэн нь үнэн. Өвчин тараадаг, бэлчээр сүйтгэдэг гээд малчид зээр, хар сүүлтийд хэзээнээсэээ дургүй. Буун дуу тасардаггүй нь ч үнэн шүү. Байнга сонсогддог. Гэхдээ хэн нэгэн зээр буудаад унагаж байгааг нүдээр үзсэн, барим тавим нотолгоо үгүй болохоор тэр, энэ гэж оноож хэлэх аргагүй. Харин хөөж туухын тухайд бол нүдэн дээр ил өрнөдөг учраас нутгийнхан бүгд мэднэ. Гэхдээ энэ тухай ам нээдэггүй” гэв. Харин Хүрмэн сумын иргэн Ө “Зээр энэ жил элбэг байна. Цаг агаарын тааламжтай байдал яах аргагүй нөлөөлсөн. Энэ нь малчдыг их бухимдуулж байгаа бололтой. Дөрөв, таван мотоциклтой залуу Төхөмийн хоолойд идээшилж байсан зээрийн сүргийг үргээн хөөж байхтай манай туслах малчин саяхан таарсан гэнэ лээ. Яах гэж байгааг нь асуухад “Бэлчээрээс холдуулъя” гэж хариулсан байсан” хэмээв.

“Гайхамшигт говь” ТББ-ын тэргүүн Х.Түмэндэлгэртэй өчигдөр 11.40 цагт холбогдож, нөхцөл байдал ямар байгааг тодруулахад “Хүрмэн, Баяндалай сумын малчид надад энэ тухай мэдээллийг байнга дамжуулж буй. Тэгсэн атлаа “Чухам хэн гэдэг малчин зээр хөөж, буудаж байна вэ” гэж асуухад малчид хэлэхгүй юм. Нэг нутаг усных, бүгд бие биеэ мэддэг болохоор тэр байх. Байгаль, амьтдаа гэсэн сэтгэлтэй нэгэн нь л бидэнд ханддаг. Яг газар дээр нь шөнийн цагаар “суувал” хэргийн эздийг баараггүй барина. Уг нь ийм явдал манай аймагт нэг их гардаггүй байв. Сүүлийн хоёр жил, ялангуяа энэ онд болохоо байлаа. Буруутан нь малчид. Малгай, залааны араас хөөцөлдөх мянгатууд. Тэд ханаж цадахаа мэдэхгүй байна. Зээрийг бэлчээрийн дайсан гэж үзэж, хоттой хониноосоо бус, зээр агнаж иддэг. Үнэн хэрэгтээ цөлжилтийг гааруулдаг зүйл нь мал, тэр дундаа ямаа гэдгийг тэд ойлгохгүй байна” хэмээн ярив.

Манай улс 2009 онд л цагаан зээрээ улсын хэмжээнд нэгдсэн журмаар тоолсон бөгөөд үүнээс хойш хэсэгчлэн бүртгэсээр иржээ. Тодруулбал, 2013 онд Дорнодод нэг сая, 2014 онд Сүхбаатар аймагт 300 мянга орчим, үүний дараа жил Хэнтий аймагт мөн 300 мянгаад цагаан зээр бүртгэсэн аж. 1940-өөд онд 4-5 сая, 2000-аад оны дунд үед хоёр саяар тоологддог байсан зээрийн сүргээс чухам хэд нь өргөст торонд өрлүүлэн, хулгайн анчдад олзлогдож, халдварт өвчинд нэрвэгдэн, харангадаж үхсэн бол оо. Ганцхан зуны ганд 3000 нь байхгүй болсон гэхээр дэндүү харамсалтай. Зарим судлаач “Одоо байгааг нь нарийвчлан тоолбол дөнгөн данган нэг сая хүрнэ” гэжээ.

Зөвхөн Монголд л байдаг хэмээн бахархан, гайхуулдаг, дэлхийн бусад оронд гэрэл зураг, музейн чихмэлийн дүрээр л олж харах боломжтой эл амьтны нийт нөөцийн 99 хувь нь манайд бий гэдэг. Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд түүнийг устаж болзошгүй гэж үнэлсэн. Гэвч монголчууд түүнд дэндүү харгис, сэтгэлгүй хандсаар өдий хүрснийг жирийн нэг малчин, жолооч хүртэл хэлэв.

Өмнөговь аймгийн нутгаар жуулчид тээвэрлэдэг Н.Баярсайханыг өчигдөр Сэврэй сумын нутагт саатаад байхад нь холбогдлоо. “Малчид зээртэй дайтаж эхэлсэн гэдэг нь үнэн үү. Газар дээрээ юу болж байгааг хэлж өгнө үү” гэж түүнээс хүсэхэд “Нүдээр үзлээ. Машин техниктэй хүмүүс шөнө гэрэл гялалзуулаад зээр элдэж байхтай таарсан. Энэ явдлыг харсан жуулчдад хөтөч учир байдлыг тайлбарлахад зээрийг ихэд өрөвдөж, говийнхныг зэрлэг хүмүүс байна гэж дуу алдсан. Баяндалай сумын урд хэсэг, Зурамтай уулын өвөр энгэрээр малчид цагаан зээр, бор гөрөөс элдэх, агнах зөрчил энэ сард олон гарсныг тэнд байдаг найз минь ярьсан” гэлээ. Харин өөр нэгэн хүн фэйсбүүктээ “Байгаль, зэрлэг амьтдыг хайрлаж, хамгаалахын чухлыг говийн нэг айлд өчнөөн ярьчихаад, орой нь мартсан зүйлээ авахаар ирэхэд хар сүүлтийн махаар бууз чимхээд сууж байсан. Манайхан ховор амьтдын үнэ цэнийг мэддэггүй бололтой. Одоо байтлаа бэлчээрээс болж зээрийн сүргээ хядах нь” гэж бидний бодит байдлыг “өнгөт”-өөр илчилсэн байлаа.

Энэ оны нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Тариалан, Их-Уул, Рашаант суманд зээрийн сүрэг үзэгдэхэд нутгийнхэн ихэд хөл хөөр болж, “Манай нутагт цагаан зээрийн сүрэг 70 жилийн дараа орж ирлээ” гэж байв. Хууль, хяналтын болон байгаль орчны холбогдох байгууллагынхан ч нэгэн цагт элбэг байсан ч хулжин одсон уг амьтныг үргээхгүй, тайван идээшилж нутаглахад нь саад болохгүй байхыг малчдаас хүсэж байв. Гэтэл Өмнөговь аймгийн Хүрмэн, Баяндалай сумынхан зээрийн сүргээ бэлчээрийн дайсан хэмээн үлдэн хөөж эхэлснийг орон нутгийн иргэд, малчид ийн хэлэв.

Гэтэл орон нутгийн хууль, хяналт, байгаль орчныхон энэ талаар ямар ч мэдээлэлгүй байна. Өмнөговь аймгийн БОАЖГ-ын дарга Б.Пүрэвтулга “Одоохондоо тийм мэдээлэл бидэнд ирээгүй. Би амарч байгаа. Саяхан очиход “юм” дуулдаагүй дээ” гэсэн бол Хүрмэн сумын байгаль орчны байцаагч Энхбат “Надад тийм мэдээлэл ирээгүй. Номгон, Хүрмэн сумын нутгаар 6000-7000 орчим цагаан зээр орж ирсэн гэх мэдээ л бий” гэв. Малчид цагаан зээрийг хөөж, устгаж байгаа талаар орон нутгийн иргэдээс хэдэнтээ дуулсан (иргэд түүнд хэл хүргэснээ ярив) хэсгийн төлөөлөгч залуу ч “Мэдэхгүй. Энэ тухай сонсоогүй” гэж мэлзэв. Байгаль орчны төлөө гэсэн сэтгэлтэй гэдгээрээ нутгийнхандаа үнэлэгддэг гэх тэрбээр “Ийм зөрчлийн мөрөөр хөдөөгүүр явах гэхээр санхүүгийн боломж олдохгүй юм” хэмээн иргэдэд зовлонгоо учирласан ч бидэнд ам нээхийг хүссэнгүй.

Байгаль орчинтой холбоотой зөрчил, тэр дундаа зэрлэг амьтан хамгаалах, хууль бус агнууртай тэмцэх гол үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд “хаяанд”-аа үүссэн нөхцөл байдлын тухай ямар ч мэдээлэлгүй, бүр энэ тухай сонсоо ч үгүй байгааг юу гэж ойлгох вэ. Бэлчээрийн төлөөх дайны золиос нь цагаан зээр болох ёсгүй шалтгаанууудаас нэгийг нь ч болов мэддэг болов уу, тэд.

Бэлтгэсэн: Ж.Сувд


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)