БШУЯ-ныхан 29 дүгээр сургуулийн сурагчдыг басамжилсан гэв

Сонсголгүй иргэд нэгдэн энэ сарын 5-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн болон холбогдох албан тушаалтнуудад хандан 29 дүгээр тусгай сургуулийн удирдлагад хариуцлага тооцох болон сургалтын чанарыг сайжруулах асуудлаар албан бичиг хүргүүлсэн билээ. Тэд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, стандартын хүрээнд 29 дүгээр сургуульд хөндлөнгийн шалгалт хийж, үр дүнг нь олон нийтэд зарлах (уншиж ойлгох, ойлгосноо бичих, бичсэнийг дохионы хэлээр илэрхийлэх гэх мэт), захирлын албан тушаалын шалгуур, шаардлагыг сонсголгүй иргэдийн өнөөгийн нөхцөл байдалд уялдуулан дахин шинэчлэх, сонсголгүй захирлыг сонгон шалгаруулж томилох зэрэг дөрвөн шаардлага тавьж буй. Шаардлагын хариуг БШУЯ-ныхан хугацаанаас хэтрүүлж өгсний зэрэгцээ сонсголгүй иргэдийг хүлээн авч уулзаагүй юм. Тодруулбал, албан бичгийн хариуг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээр дамжуулан бичгээр хүргүүлжээ. Түүнчлэн хариу мэдэгдэлд сонсголгүй иргэдийн шаардсан дөрвөн зүйл заалтыг дорвитой шийдэх талаар дагуу хариу огт дурдаагүй байна. Харин албан бичигтээ дохионы хэлний сургалттай холбоотой хийсэн ажлаа тайлагнасан нь 29 дүгээр сургуулийн сурагчдыг басамжилсан үйлдэл гэж сонсголгүй иргэд үзэж буй аж. Тиймээс Л.Цэдэвсүрэн сайдыг өөрийн биеэр сонсголгүй иргэдийн төлөөлөлтэй уулзахыг шаардаж байгаа гэнэ. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)