Б.Чойжилсүрэн: 36 сарын тэтгэмжийг яг хуучнаар нь олгохоор сэргээж тусгасан

Өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай төслийг хэлэлцлээ. Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, гадаад хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийг солонгоруулах замаар ДНБ-д эзлэх бодит өсөлтийг 2017 онд гурав, 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувьд хүргэх, татварын орчныг тогтвортой байлгах, “Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр тусгажээ.

Эдгээрийг баримтлан төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг тооцон үзэхэд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 22.8, 2018 онд 23.4, 2019 онд 22.7, нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 32.7, 2018 онд 30.9, 2019 онд 28.2 байхаар тооцож, алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2017 онд 9.9, 2018 онд 7.5, 2019 онд 5.5 хувь байхаар тооцсон байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд төсвийн алдагдлыг ямар эх үүсвэрээр нөхөх, гадаад өрийн эргэн төлөлтийг хэрхэн санхүүжүүлэх, концессын гэрээний үнийн дүнгийн талаар тодруулж байлаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Төсвийн алдагдал, өрийн эргэн төлөлтийг хийх бэлэн эх үүсвэр байхгүй учир бондоор санхүүжүүлэхээс өөр аргагүй. 2017 онд манай улсын нийт орлого 5.9 их наяд төгрөг байх бол гадаад зээлийн үндсэн болоод хүүгийн төлбөрт 6.6 их наядыг төлөхөөр байгаа. 2018 онд ч гадаад өрийн төлбөр төсвийн орлогоос давсан хэвээр байна. 2019 онд төсвийн орлого 7.5 их наяд, гадаад өрийн төлбөр 6.5 их наяд төгрөг байх дүр зураг харагдаж байгаа” гэх хариулт өгч байсан юм.

Мөн энэ өдөр 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр С.Чинзориг (УИХ-ын гишүүн): -Нийгмийн хамгааллын бодлоготой холбоотойгоор “Босго шугам” гэсэн ойлголт оруулж ирэх шаардлагагүй. “Орлого орлуулан тооцох аргачлал” гэх зүйлээр иргэдээ хөргөгчтэй, хөргөгчгүйгээр нь ялгах болж. 36 сарын тэтгэмжийг ажилласан жилтэй нь уялдуулж олгохыг дэмжихгүй. УИХ-аас өгсөн чиглэлээс эсрэгээр ажиллаж байна.

Д.Ганбат (Сангийн яам): -Төсөлд “босго шугам” гэх нэр томъёог нь тайлбарласан байгаа. Үүнийг хуульд заавал оруулахгүй бол зөрчилдөнө. Халамжийн тухай хуульд арай өөр ойлголт байгаа. 36 сарын тэтгэмжийг тодотголын өмнөх байдлаар буюу буцаан сэргээхээр оруулж ирсэн. Юуг ч өөрчлөөгүй.

Н.Учрал (УИХ-ын гишүүн): -Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд, “Насны хишиг”-ийг 65-аас дээш насныханд өгмөөр байна. Өөр эх үүсвэрээс хөрөнгө дайчлах боломж бий. Жишээ нь, төмөр зам гэж “том айл”, бусад өндөр төлбөртэй хувийн дунд сургууль, цэцэрлэгт хувьсах зардал нэрээр их хэмжээний хөрөнгө гаргах шаардлага байна уу.

Б.Чойжилсүрэн (Сангийн сайд): -Ийм шүүмжлэл байгаа. Хууль, эрх зүйн орчныг судалж үзээд, шаардлагатай бол төсөл санаачлан өргөн барих бодолтой байна.

Д.Эрдэнэбат (УИХ-ын гишүүн): -Огт мөнгөгүй гэж яриад байгааг нь ойлгохгүй юм. Төсөвт мөнгө орж, гарж л байдаг. Чойжилсүрэн сайд та, амны билигтэй зүйл яримаар юм. Төсвийн орлого талыг шүүмжилмээр байна. Зэсийг үнийг одоогийн ханшаас 66 ам.доллароор дутуу үнэлжээ. Нүүрсний үнэ 60-70 ам.доллар байхад та бүхэн 50 ам.доллароор тооцсон байна.

Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож болохгүй. Өнөөдөр 18 настай байгаа хүүхдэд 2019 онд уг мөнгийг яаж олгох юм. Амьдрал баян учраас эрсдэж, үхэж үрэгдсэн хүүхдэд мөнгийг нь яаж олгох юм бэ. Монголчуудын дундаж нас 69 байхад 70 наснаас насны хишиг олгоно гэж буй нь бараг доромжлол шиг санагдаж байна. “Хишиг” гэж олгох гэж байгаа бол тэтгэвэрт гарсан хүн болгонд өгөх ёстой.

Б.Чойжилсүрэн: -ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагаас барьж буй дунджаар зэсийн үнийг тооцсон. Нүүрсний үнэ Цагаан сарын хэрд эргээд бууж магадгүй гэж байгаа. Магадгүй түүхий эдийн үнэ өсөж, орлогын биелэлт давбал төсвөө дахиж тодотгоод орлогоо дахин хуваарилж болно шүү дээ. 36 сарын тэтгэмжийг яг хуучнаар нь сэргээж байгаа. Цаашид ч тогтвортой үргэлжилнэ. Хүүхдийн мөнгөнд өгөх эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа учраас арга ядахдаа зорилтот бүлэгт олгож байна.

Насны хишиг ч мөн адил. Байгаа эх үүсвэртээ тааруулаад л эхний ээлжинд ахмадууддаа өгч байгаа юм. Хөнжлийн хэрээр хөлөө жийх гэсэн санаа шүү дээ. Хүүхэд эрсдэлд орвол яах вэ гэдэгт одоо хэлэх хариулт алга. Өнөөдөр 18 настай хүүхдэд хуульд заасан нас хүртэлх хугацааны мөнгийг тооцож нөхөж олгоно.

Л.Болд (УИХ-ын гишүүн): -Зовлон байхгүй газар зориуд зовлон бий болгоод байх юм. Хүүхдүүддээ битгий хэмнэлт хий л дээ. Хүүхдийг ялгах хэрэггүй. Бид ялгаж олгох шийдвэр гаргаад сонгуулийн өмнө засаж байсан. Мөнгө авах, авахгүйгээ хүүхэд, гэр бүл нь шийдэг. Энэ хуулиа татаад авчих. Ахмадуудаа ч бас ялгах хэрэггүй. Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгосондоо шатаад “насны хишиг” гэж зүйл гаргаж ирсэн. Үр удмаар нь хэлмэгдүүлдэг зүйл энэ Засгийн газрын үед эргэн ирж байна.

Б.Чойжилсүрэн: -Энэ чинь одоо хувь заяаны тоглоом уу, шоглоом уу. Ганцхан жилийн өмнө та хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь өгөх ёстой гэж байсан биз дээ. Ахмадуудыг азтай, азгүйгээр нь хувааж, битгий улстөрж. Та нар улс орныг ийм болгоогүй бол бүгдэд нь өгөх бололцоотой байх байсан.

Д.Тэрбишдагва (УИХ-ын гишүүн): -Эрүүл мэнд, спорт, соёл урлагийн салбарыг дэмжих сан байгуулж, гурван тэрбум төгрөгийн зарлага нэмэх бололтой. Ингэж зарлагаа өсгөх шаардлага байна уу.

Б.Чойжилсүрэн: -Төсөв хүнд байгаа ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтуудыг эхнээс нь хэрэгжүүлэхээр зорьсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)