Б.Чойжилсүрэн: 2017 оноос зорилтот бүлгийн гэр бүлд хүүхдийн мөнгө олгож, цалинг хэвээр хадгална

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай  хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.

Үүний дараа Сангийн яамны удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлаж, ирэх онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.5 их наяд төгрөг, зарлага 8.5 их наяд төгрөг байхаар тооцон эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөртэй уялдуулсан хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “Төсвийн төслөөр 2017 онд Тавантолгой, Гацууртын орд болон Оюутолгойн далд уурхайн ажлыг эрчимжүүлэх зэргээр том төслүүдийг хэрэгжүүлснээр 2017 онд эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэхээр тооцоолсон" хэмээлээ.

Мөн түүний хэлж буйгаар 2017 оны  татварын бодлогыг тогтвортой байлгаж, шинээр татвар бий болгохгүй.  2017 оноос зорилтот бүлгийн гэр бүлд хүүхдийн мөнгө олгоно. Харин 2019 оноос эхлэн бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор төсвийн төсөлд суулгасан гэнэ. 

  • Түүнчлэн Боловсролын зээлийн санг 101.5 тэрбум,  
  • "Насны хишиг" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 20.5 тэрбум, 
  • Ноос, хүнсний улаан буудайн урамшуулалд  54 тэрбум төгрөг, 
  • “Соёл урлагийг дэмжих сан”, “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”-г шинэчлэн байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхэд тус бүрт нь 3.0 тэрбум төгрөг тусгажээ.

Мөн Засгийн газар 2017 онд цалинг хэвээр хадгалж, хэмнэгдсэн зардлыг нь, бас давсан орлогыг нь тухайн байгууллагад үлдээж байгаа аж. Үүнийгээ зөвхөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, орлогыг нэмэгдүүлэхэд зориулах хатуу болзолтой. Ингэхдээ  ажилчдын цалин хасах, орон тооо цомхотгох байдлаар орлогоо хэмнэхийг  хориглож байгаа.  Харин эдийн засгийг тогворжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлснээр 2018 оноос цалин, тэтгэврийг нэмэх бололцоо гарч ирнэ гэж Засгийн газар тооцож байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)