Б.Чингүүн: Гар утсаараа кино бүтээж болдгийг батална

Найруулагч Б.Чингүүн ухаалаг гар утас ашиглан кино бүтээж буйгаа удахгүй кино театруудаар гаргах гэнэ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Ямар нэгэн гар утасны сурталчилгаанд зориулж хийж буй кино юу, эсвэл цэвэр уран бүтээл үү. Яагаад гар утсаар киноны зураг авахаар шийдсэн бэ?

-Техник, технологи хөгжихийн хэрээр чанартай камераар зураг авбал илүү сайн бүтээл болно гэж ярьж буй. Би үүнийг үгүйсгэж, кино зохиол сайн байвал гар утсаараа ч кино бүтээж болно гэдгийг батлахыг хүссэн.

Тэгээд ч сүүлийн үеийн гар утасны дуран мэргэжлийн бус камерынхтай ижил, чанартай болсон шүү дээ. Түүнээс биш, ямар нэг гар утасны компанийн сурталчилгаа биш шүү. Киноны үйл явдалд гар утасны тухай ер гарахгүй.

-Зураглаач нь хэн бэ. Ямар утсаар дүрсээ бичсэн юм бол?

-Үүнийг одоогоор нууцалмаар байна. “Ану хатан”, “Бодлын хулгайч” киноны зураглаач Э.Очгэрэл “Хайр” бүтээлд ажиллалаа.

-Гар утсаар киноны зураг авахад ямар бэрхшээл тулгарч байв. Кино театрт гаргахад формат зөрөх үү?

-Утсаар бичсэнээ кино театрын форматад шилжүүлдэг учраас ялгаагүй. Мэргэжлийн камераар авахад “хөл” тавьж, олон дагалдах төхөөрөмж ажиллуулах хэрэг гарна. Харин гар утсаар дүрс бичихэд арай хурдан.

Зайгаа байнга цэнэглэж, дүрсүүдээ үе үе компьютерт хуулах шаардлагатай. Гар утсаар зураг авахад илүү их гэрэл тавих хэрэгтэй юм билээ.

Утасны сүлжээгээ хаахаа мартаад дүрсээ авч байхад хүн залгах тохиолдол ч гарлаа. Камер болон гар утасны дурангаар бичихэд аль алинд нь давуу, дутагдалтай тал бий.

-“Хайр” кинонд юуны тухай өгүүлэх вэ?

-Хайрын тухай өгүүлэх киноныхоо тухай илүүг яримааргүй байна. Энэ хавар нээлтээ хийхээр нь ирээд үзээрэй.

Миний хамгийн сүүлд найруулсан “Аз жаргал” кинонд тоглосон Ц.Мичидмаа охин “Хайр”- ын гол дүр. Зохиолыг нь би бичсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)