Буух эзэн, буцах хаяггүй амбаарууд

Манай улс дэлхийд тамхины хэрэглээгээрээ тэргүүлдэг 10 орны нэг. Нийт хүн амын 47 хувь нь тамхи татдаг бөгөөд Казахстан, Украин, ОХУ, БНСУ, Сингапур зэрэг 30 гаруй орноос тамхи импортолдог. Монгол Улс 2005 онд Тамхины хяналтын тухай хууль баталсан. Уг хуулийн есдүгээр зүйлд тамхи татахыг хориглосон цэгүүдийг тодорхой заасан. Тодруулбал, нийтийн тээврийн автобусны буудал, цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын гадна, орон сууцны орц, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газарт тамхи татахыг хориглодог. Гэвч уг хуулийг төдийлөн хэрэгжүүлсэнгүй, иргэд хаа сайгүй тамхи татдаг хэвээрээ л байна.

Тамхины хяналтын тухай хуулийг баталсантай холбоотойгоор 2015 онд нийслэлд тамхи татах хэд хэдэн цэг байгуулсан. Тус бүр 16 сая төгрөгийн үнэтэй 20 ширхэг хуванцар амбаар үүргээ биелүүлж байгаа, эсэхийг сурвалжиллаа. Нийслэлийн гудамжаар нэлээд хайсны эцэст Сүхбаатарын талбайд байрлах цэгт ирлээ. Хаалга нь онгорхой байсан ч иргэд дотогш орсонгүй, гадна нь хоёр хүн тамхи татаж байв. Тэднээс яагаад дотор биш, гадна тамхи татаж байгаа талаар асуухад “Агаар орж ирдэггүйгээс болоод үнэр гэж авах юмгүй” гэлээ. Үнэхээр ч тийм байлаа. Хааш, хаашаа гурван метр хүрэхгүй энэ цэг агааржуулах системгүй бөгөөд хогийн саван доторх тамхины нэгширсэн үнэр хамар цоргиж байв. Халуун үед ийм үнэртэй газар удаан зогсоно гэдэг бүтэшгүй даваа мэт санагдана. Дотор орох эцэсгүй учир хүмүүс тамхиныхаа ишийг голдуу гадна нь хаяж, эсвэл цэг дотор байрлах хогийн сав руу сагсан бөмбөгийн тамирчин шиг чулуудах аж.

Агааржуулалтгүй ийм битүү орчинд тамхи татах нь ямар хор хөнөөлтэй талаар ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн их эмч Б.Азжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Тамхи татсанаар 6000 орчим хорт бодис хүний биед хуримтлагддаг. Тэдгээр бодисын тодорхой хувь нь урвалд орж илүү хортой болоод хүний биеэс гадагшилдаг. Тамхины утаанд 4000 гаруй хорт бодис агуулагддаг. Тэдгээрийн 50 гаруй нь хүний биед хорт хавдар үүсгэдэг юм. Агааржуулалт муутай, битүү орчинд тамхи татсан тохиолдолд хоёр дахин их хордоно. Албан газар, усан сан, үйлчилгээний байгууллагууд тамхи татах тусгай өрөө гаргадаг. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд илүү сөрөг үр дагавартай гэсэн үг” хэмээв. Төв талбайн ойролцоох цэгийн хажууханд нийтийн бие засах газар байдаг бөгөөд тэнд хүүхэд, хөгшчүүд цөөнгүй харагдана. Бие засах газрын үйлчилгээний ажилтан П.Урангоо “Энэ цэгийг хариуцаж цэвэрлэдэг хүн алга. Би сайн дураараа хааяа нэг цэвэрлэдэг. Тэмдэглэлт баяр, наадмын өдрүүдэд гадна нь хүмүүс шавсан харагддаг. Ойрын өдрүүдэд халуун байгаа болохоор хүмүүс үнэрээс нь дайжаад үзэгдэхгүй байна. Өвөл цоожилж орхихгүй бол архичид, орон гэргүй хүмүүс ороод дотор нь бие засчихдаг. Хоёр жилийн өмнө тамхи татах цэг гэсэн улаан бичиг “урсдаг” хаягтай байлаа. Даанч тэр нь алга болжээ” хэмээсэн юм.

Цааш явсаар нийслэлийн засаг захиргааны “Хангарди” ордны хажууд байрлах цэгт ирлээ. Хуванцар амбаарын дээвэр нь бараг нурах шахжээ. Мөн л өмнөх цэгийн адил үнэр гэж авах юмгүй байв. Уг нь нарны зайгаар ажилладаг “урсдаг” гэрлэн самбартай байж. Харин өдгөө “Тамхи татах цэг” гэх бичиг нь нар, салхинд гандаад харагдахгүй болжээ. “Урсдаг” самбар нь ч ажиллагаагүй болсон харагдана.

Нийт 320 сая төгрөгөөр хотын хэмжээнд 20 цэг байрлуулсан талаар дээр дурдсан. Тэдгээрийн зарим нь ор сураггүй алга болжээ. Өөрөөр хэлбэл, анх байрлуулсан газраас нь хайгаад олсонгүй. Жишээлбэл, XIII хорооллын “Номин электроникс” дэлгүүрийн гаднах цэг алга. Зогсоолын хамгаалагчаас асуухад “Нэг өдөр л алга болчихсон, мэдэхгүй” гэлээ. Барилгачдын талбайд байрлуулсныг нь мөн л олсонгүй. Ийнхүү 16 сая төгрөгийн амбааруудын нэлээд хэд нь алга болж, өдий хүртэл “тэссэн” хэд нь ч өнөө, маргаашгүй нурж унахад бэлэн байна.

Тэдгээрийг хэн хянаж шалгах ёстой талаар холбогдох байгууллагынхнаас тодруулсан ч эзэн олдсонгүй. Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Худалдаа, үйлчилгээний хэлтсийнхнээс эхлээд тодруулахад “Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүдээс асуу” гэв. Тус хэлтэст мөн л хариуцсан, мэддэг хүн байсангүй. Цэгүүд хэдийн эзэнгүй болж, хэзээ нэг өдөр хог дээр хаягдахаа л хүлээж байгаа аж.

Нөгөөтээгүүр, төр, засгаас тамхи татах цэг нэхээд сууж байгаа хүмүүсийн ухамсар тартагтаа тулссан байна. Нэгдсэн цэг байхгүй гэж өөрсдийгөө өмөөрөх тэд автобусны буудалд байрлах хогийн савыг хэдийн тамхи татах цэг болгожээ. Зүгээр ч нэг тамхи татах биш, нус, шүлс, цэрээ хаядаг нь ой гутмаар. Олон нийтийн газар байтугай агааржуулагч болон агаар сорогч төхөөрөмж, салхивч, үнэр дарагч зэрэгтэй өрөө тасалгаа ч тамхины хорыг багасгаж чаддаггүй гэнэ.

Тиймээс иргэд бусдад буруугаа тохон, таарсан газартаа тамхи баагуулдаг зуршлаа хаях ёстой мэт санагдана. 

Гадаадын зарим улс орон тамхичдыг хэрхэн “хазаарладаг” талаар сонирхуулъя.

Япон Улс энэ оны долдугаар сарын 1-нээс Тамхины хяналтын хуульдаа өөрчлөлт оруулжээ. Энэхүү шинэчлэлээр төрийн болон хувийн байгууллагууд дотор тамхи татах өрөө гаргахыг хориглосон бөгөөд тамхины цэгүүдээ олшруулсан байна. Үүнээс гадна зам дээр тамхи татахыг хориглсон тэмдэглэгээг олон газарт байрлуулж, жуулчдад зориулан хаягийг нь багадаа 2-3 орны хэлээр бичсэн байдаг. Түүнчлэн хамгийн ойр байрлах цэгийг олоход туслах зорилгоор байршил заах аппликэйшн хүртэл бүтээжээ. Хориглосон цэгүүдэд тамхи татсан тохиолдолд хувь хүнд 20-45 ам.долларын торгууль ногдуулахаар тогтоосон байна.

БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас жилд нийт 10 их наяд воныг уушгины эмгэг болон хавдрыг эмчлэхэд зориулдаг. Тиймээс тамхины хэрэглээг хзягаарлахын тулд тамхинаас гаргах эмчилгээний үнийг бууруулжээ. Мөн тамхиа хаясан тохиолдолд улсаас урамшуулал болгож 50 000-150 000 вон олгодог байна. Хориглосон газар тамхи татсан тохиолдолд хувь хүнийг 100 000, албан байгууллагад таван сая хүртэлх воны торгууль ногдуулахаар заажээ.

Бэлтгэсэн Ж.Отгонтуул, Э.Намуунцэцэг, Н.Хүслэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)