Бууруулж тооцсон ч бусдын гар харахааргүй ургац авах нь

Энэ онд улсын хэмжээнд 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364 мянгад нь улаан буудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийт 536.6 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны, 109.4 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарч буй. Өөрөөр хэлбэл, улаан буудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой гэсэн үг. Үүнийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаан буудай 80, төмс 46.2, хүнсний ногоо 19 мянган тонноор нэмэгдэх төлөвтэйг өчигдөр болсон Улсын ургацын комиссын хурлын үеэр холбогдох албаныхан танилцууллаа.

Гэхдээ зургадугаар сард тариалалтын ихэнх бүс нутгаар 7-14 хоног үргэлжлэн хэт халсан, долдугаар сарын 5-наас эхлэн бороо их, бага хэмжээгээр тасралтгүй орсоор буй, зарим бүс нутагт таримлын болц орой, хяруунд өртөх нөхцөл үүсэж болзошгүйг албаныхан хэлж байсан. Энэ мэт хүчин зүйлийг харгалзан гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх буудайг 20 хувиар бууруулан тооцжээ. Тодруулбал, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой 398 мянган тонн буудайг 20 хувиар бууруулж тооцоход 314.4 мянган тонн болох юм. Энэ нь жилийн 230 мянган тонн гурилын хэрэгцээтэй манай улсын хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахад 306 мянган тонн улаан буудай шаардлагатай тул ийн бууруулж тооцоход ч хангалттай хүрэлцэх дүн гэсэн үг.

520 МЯНГАН ТОННЫН ЭЛЕВАТОР БИЙ

Энэ жил ургац хураах нийт талбайн 70 хувь орчим нь болцын хувьд аарцан, бусад нь сүүн болцын төгсгөл шатанд байгаа аж. Үр тарианы чийглэгийн хэмжээ багасаж, гүйцэд боловсрохын өмнөх үеийг аарцан болц гэдэг бөгөөд үүний өмнөхийг сүүн болц хэмээдэг. Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Увс, Ховд, Дорнод, Хэнтий аймгийн ургац бүхэлдээ хэвийн, жигд сайн байгаа бол Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар аймгийнх хэт халалт, гангийн улмаас бага зэрэг буурахаар байгааг тус Комиссын нарийн бичгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга В.Үнэнбат хэлэв. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 520 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182, хувийн хэвшлийнхэнд 341 мянган тонн агуулах бий гэнэ. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас таван байршилд байгаа 146 мянган тоннын элеваторт ариутгал, засвар хийжээ. Түүнчлэн ургацыг тээвэрлэх гол 16 чиглэлд 394 км зам засварлахад нийт 592 сая төгрөг шаардлагатай юм байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Ургацын комиссын дарга З.Мэндсайхан “Ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологи боловсруулж тариаланчдад хүргэх, хугацаанд нь үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагууд уялдаатай ажиллахыг үүрэг болгосон. Ургац хураалтад оролцох оюутан, цэргийн алба хаагчид болон ажиллах хүчний судалгаа, захиалгыг орон нутгаас авч, шаардлагатай зохицуулалт хийх гэнэ. Юутай ч ХААИС-ийн 1992, Дотоод хэргийн их сургуулийн 500 оюутныг ургац хураалтад оролцуулах юм байна.

УРГАЦ ХУРААЛТЫГ 20-25 ХОНОГТ БАГТААХ БОЛОМЖТОЙ

Техникийн хувьд нийт 1020 ширхэг комбайн ажиллах бөгөөд үүний 300 нь дэвшилт технологи бүхий, 2-6 жил ашиглаж буй, өндөр хүчин чадалтай аж. Төмс хураах комбайн 70, төмс ухагч 410, үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 ширхэг техник, тоног төхөөрөмж бэлэн болсон байна. Түүнчлэн үр тариа хураах зориулалттай 30 комбайн ОХУ, төмс хураах 50 трактор, төмс ухагч 30, төмсний комбайн гурвыг Беларусаас ойрын үед авахаар ажиллаж байгаа юм байна. Эдгээрийг ашиглан ургац хураалтыг технологийн хугацаанд буюу 20-25 хоногт багтаан хийх боломжтой аж.

Улаанбаатарт төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдыг дэмжих зорилгоор нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран бүх дүүргийн 45 байршилд борлуулалтын цэг ажиллаж буй. Тэгвэл төмөр замын “Улаанбаатар” өртөөний баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ыг ирэх арваннэгдүгээр сар хүртэл орон нутгийн ногоочдод бөөний худалдаа хийх зориулалтаар ашиглуулах талаар холбогдох байгууллагуудтай нь ярилцаж байгаа юм байна.

Дээрх комиссын хуралд газар тариалангийн гол бүс болох Сэлэнгэ, Төв, Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар оролцож, мэдээлэл өгсөн. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 161 мянган га-д үр тариа тариалснаас 153.7 мянган тонн улаан буудай хураан авахаар байгаа аж. Цаг агаарын хүндрэл гарахгүй бол 24-28 хоногт хураах боломжтой бөгөөд наймдугаар сараас хойш бороо их орсон тул болц алаг цоог байгаа, хураалт оройтож мэдэхээр гэнэ. Мөн техник, хүн хүч бэлэн ч газар чийгтэй байгаа тул жиндэх төдийд төмс хөрсөндөө хөлдөх эрсдэлтэйг Төв аймгийнхан хэлэв. Булган аймгийн зүгээс ургац хураалтад 230 оюутан хуваарилж өгөхийг хүсэж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)