Бусдын тарьсан гайг өөрийнх мэт үүрэх хамгийн гашуун

Сэтгүүлчийн ажил гоё. Хийж буй ажлаараа хүнд, нийгэмд тус болж, хийсэн ажлынхаа үр дүнг харж, мэдэрч, түүндээ урамшин хөөрч, овоо юм хийчихжээ гэж хүн хэлбэл хэд хоногтоо л жигүүртэй мэт “нисэж” явах ямар сайхан гээч. Тийм л учраас цалин пүнлүү багатай, ахуй хангамж тааруухан, хүний зовлонг л сонсохоос, өөрийнхийгөө ярих эрхгүй энэ ажилд дурлан тэмүүлдэг хүн олон бий.

Гэвч, “Анхны алхам” киноны Базар хэмээх ёжтой өвгөний хэлдгээр “хэн ч хийчихээр, биед амар” ажилд биш, сэтгүүлчийн цаг наргүй албанд татагдсан хүмүүст урам хугалам, таагүй зүйл олон тааралдана. Энэ бүхнээс хамгийн гашуун нь, бусдын тарьсан гайг өөрийнх мэт үүрэх. Яг үнэндээ ганц бүтэн өгүүлбэр зөв бичиж чадахгүй, дөнгүүрхэн мэдээ бэлтгэж үзээгүй нөхөд өөрийгөө сэтгүүлч хэмээн нэрлэж, салбарыг маань шавартай гутлаараа гатчих болоод багагүй хугацаа өнгөрлөө. Сэтгүүлчдийн нэрийг барьсан маш олон холбоо, төрийн бус байгууллага бий. Одоо ч шинээр байгуулагдсаар л байгаа.

Үзээд, буцаагаад өгье гэсэн ч ур чадвар, ёс зүй гээчийн хэлтэрхийгүй нөхөд тэдгээр холбоодыг тэргүүлэх нь элбэг. Тэд нэрний минь өмнө овгоос ч илүү дуудагддаг сэтгүүлч хэмээх тодорхойлолт, сэтгүүл зүйн салбарыг зүгээр л мөнгө хураах талбай болгож буйг бид бүгдээрээ л харж байна. Өөрийн, байгууллагын, салбарын нэр хүнд унах нь тэдэнд огт падлийгүй. Угаасаа хайрлаж, хамгаалаад байх нэр төр, үнэт зүйл ч тэдэнд үгүй гэмээр. Сэтгүүлчид ийм өөдгүй хэмээн нэр холбодог шантааж, худал хуурмаг, ёс зүйгүй үйлдлийн олонх нь тэр хавиар эргэлдсэн нөхдөөс л гарсан байдаг. Ийм нөхдөөс болж ажилдаа дуртай, хайртай, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, үнэндээ сэтгүүл зүйн салбарыг нуруундаа үүрч яваа олон сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд шавартай хутгалдсаар байна.

Энэ бол манай салбарыг муухай харагдуулж байгаа хир буртгийн нэгээхэн хэсэг. Үнэнийг хэлэхэд сэтгүүл зүйн салбарт их цэвэрлэгээ хэрэгтэй болжээ. Хамгийн наад зах нь редакцгүй, ажилтангүй, зүгээр л хэн нэгний халаасанд хэд хэдээрээ “явж” байдаг, шантааж хийхээс өөр ямар ч үүрэг, зорилгогүй сайтанцаруудыг цэгцэлчихвэл нэмэртэй сэн. Хогийн ургамал шиг энэ сайтанцарууд нийгэмд хэрэгтэй нэг ч зүйл хийж чадахгүй хэрнээ сэтгүүл зүйн нэр хүндийг унагахад том үүрэг гүйцэтгэж байгааг бүгдээрээ харж, мэдэрч суугаа. Салбарынхаа нэр хүндийг өсгөх, сэтгүүлчдийн үнэлэмжийг дээшлүүлэх талаар тогоонд нь буцалж яваа сэтгүүлчид өөрсдөө дуу хоолойгоо гаргаж, зөвд зөөлөн, бурууд хатуу байх цаг нь аль хэдийнэ болсныг өмнө сануулахад илүүдэхгүй болов уу. МСНЭ-ийн их хурал ч болох гэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)