“Бурхан өршөөг” гэж хэлдэг болсны учир

Өнөөгийн бидний мэддэг юм шиг хэрнээ өдөр ирэх тусам бүдгэрч буй олон ёс заншил бий. Нүүдэлчин монголчуудын ахуй амьдралаас урган гарсан, өдгөө мартагдах шахсан тэдгээр өв уламжлал, зан заншлаас бид долоо хоног бүр цувралаар хүргэж байна.


Эрт цагт нэгэн хувилгаан холын замд явж байгаад овжин чөтгөртэй тааралдаж гэнэ. Гэтэл тэр чөтгөр нэгэн айлын гурван настай хүүгийн сүнсийг авахаар зорьж явааг мэджээ. Хувилгаан өнөөх чөтгөртэй хамт явахаар шийдэж, зам зуурт элдэв яриа дэлгэтэл чөтгөр түүнээс “Чи юунаас айдаг вэ” хэмээн асууж. Хувилгаан “Би аагтай цай, тарган хонины махнаас айдаг даа. Харин чи юунаас айдаг вэ” гэхэд чөтгөр “Би алтан харганаас айдаг” гэжээ.

Ийнхүү тэд явсаар өнөөх айлын гадаа ирэхэд чөтгөр “Энэ айлд сууж байх зуур хүүхэд нь найтааж магадгүй, тэгвэл “Чөтгөр өршөөг” гээд хэлчихээрэй” хэмээн хувилгаанд захижээ. Хувилгаан, чөтгөр хоёр хоол, цайгаар дайлуулан байх зуур гэрийн хойморт аавынхаа өвөр дээр сууж байсан хүүгийн царай барайж ирснээ найтааж орхив. Тэр үед хувилгаан самбаачлан “Бурхан өршөөг” гээд хэлчихэв. Чөтгөр уцаарлангуй сууж байтал хүү дахин нэг найтаах нь тэр.

Яг энэ үед хувилгаан амандаа цай балгачихсан суусан тул чөтгөрт боломж олдож тэр “Чөтгөр өршөөг” гэж хэлтэл өнөөх хүү ухаан алдаж, сүнс нь чөтгөрийн мэдэлд иржээ. Чөтгөр өнөөх айлаас ухасхийн гарахад хувилгаан ч мөн адил дагаж гараад “Сүнсийг нь авч чадав уу” гэхэд чөтгөр “Авах нь авлаа. Чи харин түрүүн яагаад “Бурхан өршөөг” гээд хэлчихэв ээ. Түүнээс чинь болж олон бурхан хүүг тойрч суучихаад сүнсийг нь өгөхгүй нэлээд зовоолоо” гэж.

Хувилгаан арга сэдэж “Аль вэ, хүүгийн сүнсийг би харъя” гэхэд чөтгөр түүнд харуулж. Тэгэхэд нь хувилгаан хүүгийн сүнсийг булааж аваад, бутан дунд орж суун, хувилгаан шидээрээ өнөөх бутнуудыг алтан харгана мэт харагдуулахад чөтгөр ойртож чадалгүй хий дэвхцэн уурлаж, бутыг тарган хонины мах, цайны идээгээр бүрхэж орхиод, хувилгааныг гарч ирэхийг нь хүлээн суужээ.

Тарган хонины мах шарж идээд, хажууханд нь байсан тогтоол уснаас шүүж аагтай цай буцалган ууж тухалсан хувилгааныг хүлээж тэсэлгүй чөтгөр явав. Ингээд мэргэн хувилгаан өнөөх айлд очиж, хүүгийнх нь сүнсийг биед нь буцаан оруулж. Үүнээс хойш хүн найтаахад “Бурхан өршөөг” хэмээдэг болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)