Бурхан өвөө​​


Сайхан хүний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан номын нээлт, хүндэтгэлийн ажиллагаанаас сурвалжилга бэлтгэх үүрэгтэй очсон миний бие найман настайдаа үсэг нүдлэхдээ эрхбиш А-гаас эхэлсэн байх л даа. Гэхдээ хамгийн түрүүн, сонирхолтойгоор цээжилсэн, байн байн өндөр дуугаар хэлдэг таван үсэг байсан нь Б, Н, М, А, У юм. Нийлүүлээд уншихаар БНМАУ болдог. Аав минь өдөр бүр шинээр авчирдаг, гарын дор байх “Үнэн” сонин шүүрч аваад л өөрийн дуртай үгээ хайж олж уншаад, нэг нүүрэнд хэд байгааг нь тоолж тоглодог байсан юм.

Хоёрдугаар ангид онц сураад “баатарчууд”- ын эгнээнд элсэх үедээ хэдийн өнөөх “Үнэн” сониныхоо тэргүүн өгүүллийг уншиж чаддаг болсон байлаа. Өдөр бүр шинэ тэргүүн өгүүлэл дурлан унших ч утгыг нь төдийлөн сайн ойлгохгүй. Гэхдээ алдаа мадаггүй яг л зөв хэлж дуудахад аав минь баярлана. Өдөр хоног, сар, жил улирах тусам өгүүлэлд юун тухай бичсэнийг ухахтайгаа болж ирсэн. Тэр л үед дурлан уншдаг сонины минь ерөнхий эрхлэгчээр нэрт соён гэгээрүүлэгч Цэндийн Намсрай ажиллаж байсныг бүр хожим мэдэж билээ. Мэндэлснийх нь 100 жилийн ойн баярт “тусгай даалгавар”-тай очоод гэр бүл, үр хүүхдүүд, хамтран зүтгэгчдийнх нь яриаг сонсож суух ер бусын байлаа.


Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ ““Үнэн” сонинд, Ц.Намсрай эрхлэгчийн удирдлага дор ажиллах болсон маань насны минь, амьдралын минь алтан хаалга байлаа”

Ц.Намсрай Монголын ууган хэвлэл “Үнэн” сонин, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр 22 жил тасралтгүй ажиллаж, эдгээр байгууллагыг хамгийн олон жил удирдсан, Марксизм-Ленинизмийн зохиол орчуулж, энэ төрөлд Төрийн шагнал хүртсэн анхдагч, Намын Төв хорооны гишүүн, АИХ-ын депутат, Гадаад явдлын яамны ерөнхий нарийн бичгийн дарга, Элчин сайд Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Монголын улс төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Цэндийн Намсрай” номын нээлт, хүндэтгэлийн ажиллагаа “Улаанбаатар” зочид буудалд уржигдар боллоо.


Цэндийн Намсрай гуайн зээ охин Балдоржийн Номинтүшиг хүндэтгэлийн ажиллагааг нээж үг хэлэхдээ өвөөгөө Гэгээрлийн сайдын албан тушаалыг хэсэгхэн зуур хашсан гэж даруу хэлж байна билээ. Тэгвэл Ц.Намсрай сайд энэ албыг 1948-1950 онд хашихдаа өнөө хүртэл боловсролын системд мөрдөж буй маш чухал олон ажлыг санаачилсан тухай БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр үг хэлэхдээ онцолж байсан.

Ц.Намсрай Дэлхийн шатарчдын холбооны дэд ерөнхийлөгч, Азийн шатарчдын холбооны ерөнхийлөгч байв. Дэлхийн сэтгүүлчдийн байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажилласан анхны монгол хүн, Монгол Улсыг НҮБ-д элсүүлсэн дипломатчдын нэг ажээ. Монгол Улс анх удаа НҮБ-ын “Эдийн засгийн хөгжил ба байгаль орчныг хамгаалах” сэдвээр санал дэвшүүлсэн бөгөөд уг баримт бичгийг хамтран боловсруулсан их хүн. Хоёр Солонгосын дайныг зогсоох анхны гэрээ, хэлэлцээрт оролцож, коммунист Германд Элчин сайдаар суун, Фидель Кастротой уулзаж явсан байна.

Номыг санаачлан эмхэтгэсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Цэдэв “Монголын соёл гэгээрэл, нийгмийн ухааны түүхэнд дурсгалтай үйл явдал болж байна. Улс төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Цэндийн Намсрай гуай ажилласан бүхий л салбартаа өөрийн ул мөрийг баттай үлдээжээ. Монгол Улсын түүхийн төв, Монгол Улсын Гадаад явдлын яамны, ЗХУ-ын Улаан-Үдийн Рабфак буюу Ажилчны сургуулийн, Мөн Зөвлөлтийн, Ерөнхийлөгчийн нэрэмжит Нийгмийн шинжлэх ухааны академийн гэсэн архивуудын шинэ хэрэглэгдэхүүнийг “Монголын улс төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Цэндийн Намсрай” гэсэн 750 хуудастай номд багтаахыг эрмэлзсэн. Энэ номыг бүтээхэд туслалцаа үзүүлсэн Ц.Намсрай гуайн журамт гэргий Л.Цогзолмаа, үр хүүхдүүд, Монгол Улсын архивч Эрдэнэбат, Эрдэнэтунгалаг, Гаадагмаа, Улаан-Үдийн архивч Лариса Чимиддоржиева болон БСШУСЯ, сайд Ц.Цогзолмаа, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, “Мөнхийн үсэг” хэвлэлийн газрын хамт олонд талархал илэрхийлье. Энэ хүмүүс чин сэтгэлээсээ хандаагүй бол энэхүү ном гарахгүй байх байлаа” хэмээсэн.

Хөтлөгч, зээ охин Б.Номинтүшиг нь “Өвөөгийн минь хийж бүтээсэн бүхэн, улс эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр нь бидний хувьд чиглүүлэгч цензур болдог. Өвөө маань хийж бүтээсэн бүхэндээ чин сэтгэлээсээ хандан амьдралаас аз жаргал авч чадсан. Эмээтэй минь 45 жил амьдарсан түшигтэй хань, таван хүүхэд хүмүүжүүлсэн аав өдгөө 11 ач, зээ, 18 гучтай болжээ. Хамгийн гол нь, өөд болсноос нь 30-аад жилийн дараа ч найз нөхөд, хамтран ажиллагсад нь түүний хүн чанарыг санан, гэгээлгээр дурсаж байна. Хажууд нь өсөж том болоогүй, аль эсвэл над шиг хэзээ ч уулзаж байгаагүй ач, зээ нартаа хүртэл өвөө маань өөрийн үлгэр жишээгээрээ хүнд хэрэгтэй, сайн хүн байхын үнэ цэнийг ойлгуулдаг. “Монгол кино” үйлдвэр Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галааридын зохиолоор өвөөгийн маань ажил үйлсийн талаарх баримтат кино хийж байгаа. Уг киног Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн ивээлээр бүтээж байгааг дуулгахад таатай байна” гэсэн юм.


БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр үг хэлэхдээ “Цэндийн Намсрай гуай Гэгээрлийн сайдаар ажиллах хугацаандаа боловсролын салбарт одоо мөрдөж байгаа олон ажлын эх суурийг тавьсан түүхтэй. 1948-1949 оны хичээлийн жилээс сургуулийн бүх насны хүүхдийг бага сургуулийн боловсролтой болгох зорилт дэвшүүлж, сургуулиудын сургалт хүмүүжлийн ажлын чанарыг сайжруулахын тулд багш нарын заах аргын кабинет, багш нарын зөвлөл байгуулах зэрэг ажлыг анхлан санаачилж хэрэгжүүлжээ. Бага, дунд сургууль төгсөгчдөд гэрчилгээ, аттестат олгох, онц сайн сурлагатанд сайшаалын үнэмлэх олгож байхаар тогтоож, гэрчилгээ, аттестатын загварыг батлан хэвлүүлж байжээ.

Улмаар 1948-1950 онд ЗХУ-ын дунд сургуулийн сурах бичгийг орчуулж хэвлэх ажилд анхаарч, энэ ажилд орос хэлтэй сэхээтнүүдийг дайчлан ажилласны үр дүнд 36 нэр, төрлийн сурах бичиг зохион, сургалтад ашиглаж эхэлсэн байна. Бүх нийтийг бичиг үсэгтэн болгох, орон нутагт дунд сургуулиудыг олноор байгуулах ажлыг гардан зохион байгуулсны тод илрэл нь түүний оролцоотой байгуулагдсан Баянхонгор аймгийн Жаргалант сумын арван жилийн сургууль юм. Энэ сургуулийг түүний нэрэмжит болгосон. Ц.Намсрай сайдын эхлүүлсэн эдгээр ажил боловсролын салбарт түүхэн чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэхэд таатай байна. Гэгээрлийн сайд, эрдэмтэн, доктор Ц.Намсрай агсны зохиол бүтээлийг хэвлүүлж, хойч үеийнхэндээ сурталчлан таниулж, судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулж байгаадаа бид туйлын их баяртай байна” гэсэн.

Энэ үдшийн хүндэтгэлийн ажиллагааны онцлох мөч нь нэрт сэтгүүлч, редактор Ц.Намсрайн нэрэмжит, шилдэг редакторт олгодог шагнал гардуулах агшин байлаа. Шагнал гардуулахаар тайзнаа гарч ирсэн, Ц.Намсрайн охин Н.Шүр болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөлөл Х.Батхишиг нар уг шагналыг сэтгүүлч, редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн, “ТВ-9” телевизийн захирал Т.Баасансүрэнд олгох болсноо зарласан юм. Н.Шүр шагнал гардуулахын өмнө Т.Баасансүрэн андтайгаа хамт “Үнэн” сонины нэр дээр дээд сургуульд суралцахаар хойд хөршийг зорьж байснаа дурссан нь сонирхолтой байлаа. Уг шагналыг өмнө нь Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ, сэтгүүлч С.Батбаатар, Ц.Ганбат, Я.Сумъяа нар авч байжээ.

Охин Н.Шүр “Аавтай минь цуг олон жилийн турш баруун, зүүн гар нь болон хамтран ажиллаж байсан хүмүүст номын дээжээс гардуулъя” гээд, “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр ажиллаж байсан Х.Цэвлээ, орлогч эрхлэгч Мишиг болон Ц.Намсрайн хамгийн хайртай “цэрэг”, алба, хэлтэс ахалж ирсэн Д.Дорждулам нарт номын дээжээс хүндэтгэлтэй гардуулав.

Индэрт Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ гуайг үг хэлэхийг урилаа. Тэрбээр “Өөрийн бус, бусдын төлөө явж байдаг, энэрэнгүй, цагаан сэтгэлтэн, хүнд муу юм бодож, санадаггүй, дандаа сайн, сайхан зүйл хүсэж, мөрөөдөж явдаг хүн бол Ц.Намсрай эрхлэгч. Түүний ажил үйл нь дандаа ариун цагаан байдаг. Нэг ч хар, муу юм хийдэггүй. Хүнд, бусдад, нийгэмд, эх орондоо ямар нэгэн хортой юм хийгээгүй. Сая дурдсан бүхнийг дандаа хамгаалж, өмгөөлж явдаг хүн байсан. Ийм хэдэн шинж чанараар нь би Намсрай эрхлэгчийг Бурхан гэж бодож явдаг. Бурхан гэдэг чинь хүн л юм шүү дээ. Нас нь богино, үйл хэрэг нь мөнх хүн юм байна, Намсрай эрхлэгч. Үйл хэргийг нь үргэлжлүүлэн авч яваа үр хүүхдүүд нь мөн аавыгаа, өвөөгөө дуурайсан цагаан, гэгээн хүмүүс. Ц.Намсрай эрхлэгчийн нутгийнхан мөн

үйл хэргийг нь үргэлжлүүлэх, мөнхжүүлэх чиглэлд нэлээд ажиллаж байгааг дуулахад таатай байна. Миний хувьд “Үнэн” сонинд, Ц.Намсрай эрхлэгчийн удирдлага дор ажиллах болсон маань насны минь, амьдралын минь алтан хаалга байлаа. Би эрхлэгчийнхээ үлгэр жишээгээр аль болох бусдад туслах сан гэж бодож явдаг. Өнөөдөр цаг үе хэцүү байна. Ийм болсонд сэтгүүлч бидний, миний ч алдаа бий. Төр, засаг, ард түмнээ зарим үл бүтэх явдалтнуудаас хамгаалж чадаагүй нь сэтгүүлчдэд, надад ч тэр ногдож буй том хариуцлага. Сэтгүүлчид хүчээ нэгтгэж байна. Ойрын үед болж байгаа бужигнаантай элдэв явдал Ц.Намсрай эрхлэгчийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх үед болж байна. Энэ бүхэн улс орон цаашид цэвэршихийн дорвитой эхлэл гэж бодож байна” хэмээсэн юм.

Дараа нь Монголын өдөр тутмын сонинуудын холбооны төлөөллийг үг хэлэхийг урьсан. Холбоог төлөөлөн ерөнхийлөгч, “National news corporation”-ын захирал Э.Долгион үг хэлсэн.


Тэрбээр “Цаг хугацааны хэлхээсийг тодруулсан арга хэмжээ, хандлага, сэтгэлгээ өнөөдөр юу юунаас илүү хэрэгтэй байгаа юм шиг. Өчигдөргүй өнөөдөр гэж байхгүй, өнөөдөргүй маргааш байх боломжгүй. Өдөр тутмын сониныхон энэ л үгийг санаж, ахмад үеэ дурсаж, түүхээс нь суралцаж, хийсэн бүтээснээр нь бахархан, он цагийн хэлхээсийг бэхжүүлэхийг хичээсээр ирсэн. Цаашид энэ зарчмаа баримтлан ажиллах болно” гэсэн.

Монголын ууган хэвлэл “Үнэн” сонины эрхлэгч Б.Ганболд “Би 1973 онд “Үнэн” сонины нэр дээр сургуульд явж, төгсөж ирээд Ц.Намсрай гуайтай арваад жил хамтарч ажиллах завшаан тохиосон юм. Сонин тухайн үед нам, засгийн дуу хоолой болж ажиллаж байсан. Эрхлэгч сэтгүүл зүйн суурь зарчим, язгуур үнэт зүйлс болох үнэн, ёс зүйтэй, хариуцлагатай байх зарчимд биднийг сургаж байсан. Эрхлэгч ирээдүйгээ харж ажиллахдаа аливааг бүтээх чанарыг бидэнд төлөвшүүлж байлаа” хэмээв.

Ц.Намсрай эрхлэгчийн гэргий, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн үг хэлэх ээлж ирэхэд том охин Н.Сувд нь хамт тайзнаа гарсан юм. Монгол түмний хайртай ижий тэрбээр “Намсрай бид хоёр 1946 онд гэр бүл болж хурим хийж байлаа. Тэр үед хүмүүс хурим төдийлөн хийдэггүй байсан юм. Тэгсэн ч бид 1940-өөд онд энэ ёслолыг анхлан хийсэн улсуудын нэг болж байлаа. Миний өвгөн хүн сайтай, төлөв, үр хүүхдүүддээ хайртай, ханьдаа үнэнч, анд нөхдөдөө түшигтэй хосгүй сайн хүн байсан. Бид хоёр 40 гаруй жил ханилж, таван хүүхдийн эх, эцэг болсон. Хүүхдүүд маань сайн сайхан явж байна. Өнөөдөр би өвгөнтэй минь хамт ажиллаж байсан хэвлэлийн нөхдүүд болон танил сайн хүмүүсээ хараад сэтгэл их хөдөлж байна. Өвгөнтэйгөө уулзсан юм шиг санагдаж байна. Хөгшин минь хүүхдүүдийнхээ сайн сайхан явж байгааг тэнгэрээс харж байгаа байх. Ер нь ч дандаа биднийгээ харж байдаг гэж боддог. Хэн нэгэнд ямар нэг зүйл хэрэг болохоор би заавал өвгөнөөсөө гуйдаг. Өвгөний минь төрсөн ээж нь гэж их сайхан хүн байсан. Ач, зээ нарыг маань ч өсгөсөн ачтай ижий байсныг дурсъя. Өнөөдөр өвгөн минь 100 хүрч, би 94, 95-тай ч болжээ. Мэндэлснийх нь 100 жилийн ойг тэмдэглэж байгаа та нөхдөд баярлаж байгаагаа илэрхийлж, эрүүл энхийг хүсье” гэсэн юм.


Цэндийн Намсрайн гэргий, монгол түмний хайртай ижий, Ардын жүжигчин Л.Цогзолмааг индэрт үг хэлэхийг урилаа.

Б.Номинтүшиг өвөөгийнхөө таван хүүхдийг тайзнаа урихад Н.Сувд, Н.Шүр, Н.Ганчимэг, Н.Ганхуяг, Н.Энхтүвшин нар цугтаа тайзнаа гарч зочдод талархлаа илэрхийлсэн юм. Ардын жүжигчин Н.Сувд “Өнөөдөр баярын өдөр шүү. Бид тав аав, ээжтэйгээ хамт та бүхэнд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэж байна” гэж яг л тэртээ 30 жилийн өмнө “Мандухай сэцэн хатан” кинонд ярьж байсан шиг дуу хоолойгоор хэлсэн нь дотно сайхан байлаа.


Энэ үдэш Ц.Намсрайн хүү Н.Ганхуяг ганцаараа болон хүүтэйгээ, мөн зээ хүү Т.Бат-Оргил нь монгол түмний хэзээний танил, нэрийн хуудас болсон дуунуудаа дуулж зочдод бэлэг барилаа.

Цэндийн Намсрайн нэрэмжит шагнал хүртсэн сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн гэнэт шагнуулсандаа сандарч балмагдаад, тайзнаас дуугүй бууж явсан юм билээ. Тайвширч, “үг хэлэхтэйгээ” болсон тэрбээр эрхлэгчийнхээ даалгаврыг ямар нэг хэмжээгээр биелүүлж яваагаа дуулгасан юм.



Ц.Намсрайн амьдрал, ажил үйлсийн түүхээс харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргав


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)