Буруутангүй булхай

Хөдөө орон нутгийг чиглэсэн “хүн царцаа”-ны нүүдлийн талаар сүүлийн хэдэн өдөр шуугьж байна. МАН-ын нэр дэвшигчид л үйлдвэр, компанийнхаа ажилчдыг бөөн бөөнөөр нь өрсөлдөж буй тойрогтоо “амраагаад” байгаа бололтой юм. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “хүн царцаа” нүүлгэсэн 10 нэр дэвшигчийн жагсаалтыг мэдээлжээ.

Хөвсгөлд Л.Энх-Амгалан 2400, Л.Мөнхбаатар 720, Баянхонгорт Л.Элдэв-Очир 1900 хүн шилжүүлж аваачсан гэх. Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нар MCS группийн хувьцаа эзэмшигч. Тиймээс компанийнхаа ажилчдаар санал өгүүлэх зорилготой хэмээн хардаж буй. Мөн Архангай аймагт өрсөлдөж буй Ж.Мөнхбат 603, Увсад Б.Чойжилсүрэн 2807 хүн шилжүүлсэн гэнэ. Эдгээр нь тухайн тойргийн сонгогчийн 0.2-19 хувь хүртэл хувийг эзэлж байгаа сурагтай. Хамгийн сонирхолтой нь энэ мэдээллийг үгүйсгэх хүн гарсангүй.

 ИХ БАРЬСАН Ч, БАГА БАРЬСАН Ч ӨМХИЙ

УИХ-ын гишүүн Су.Батболд дээрх мэдээллийн тухай “Энэ сарын 19-ний 18.00 цагийн байдлаар 18.063 сонгогч шилжсэн байна. Улс орны хувь заяа хүндхэн байгаа үед монгол хүн бүр зөв сонголт хийхийг хүсэж буй. Энэ ч утгаар саналаа өгөх зорилготой шилжилт хөдөлгөөн хийж байна. Тийм байтал орон даяар өрнөж буй шилжилт хөдөлгөөнийг МАН-д нааж, харлуулах гэсэн явуургүй мэдээллийг АН-ын генсек хийлээ” гэжээ. Үгүйсгээгүй, харин ч хүлээн зөвшөөрсөн байгаа биз. “Юун сүртэй юм, орон даяараа л шилжиж байна, ганцхан манайх шилжүүлээгүй” гэсэн утга эрхэм гишүүний тайлбараас уншигдана.

Үнэндээ түүний зөв. Зөвхөн МАН-ын нэр дэвшигчид л компанитай, групптэй, өөртөө санал өгүүлэх ажилчидтай биш. АН-ын нэр дэвшигчид ч өрсөлдөж буй тойрогтоо хамаатан саднаа “амрааж” л байгаа. МАН-ынхан харин одоогоор тэр мэдээллийг нь олж авч, сэргэлэн загнаж амжаагүй яваа бололтой. Харин үүний оронд хэдэн мянгаар нь сонгогч шилжүүлж буйн дэргэд жижигхэн санагдах “но” олсноо Су.Батболд гишүүн зарласан юм. Тэрбээр “Манай намын сонгуулийн төв штабынхан санал авах байрны үйл ажиллагаатай танилцаж, сонгогчдын жагсаалт, шилжилт хөдөлгөөнд багагүй зөрчил гарсныг илрүүллээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд нэг хашаанд 1970-1980 оны 15 залуу, хорооны Засаг дарга Сарантуяагийн хаяг дээр таван хүн нэмсэн байна” гэж мэдээлэв.

МАН-ынхан аймаг, хот дамнуулан, АН-ынхан хорооноос хороо солбиулан “царцаа нүүлгэж” буйгаараа л ялгаатай юм даг уу даа. Гэвч их барьсан ч, бага барьсан ч ялгаагүй л өмхий гэдгийг иргэд мэднэ. Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг аймаг болон нийслэл дотор хийхийг хориглочихсон учраас энэ мэдээлэл батлагдвал асуудал үүснэ.

ХУУЛИАР ОЛГОСОН “БОЛОМЖ”

Үнэндээ нэр дэвшиж буй тойрогтоо таньж мэдэх, өөртөө санал өгөх хүн бүхнийг “амраах” эрхийг Сонгуулийн хуулиар УИХ нь нээгээд өгчихсөн. Будлиан үүсгэж, санал “худалдаж авах”-даа зориулан бүхэл бүтэн нэг зүйл баталсан шүү дээ. Уг хуулийн 65 дугаар зүйлд тусгаснаар энэ сарын 15 хүртэл иргэдэд “царцаа” болох боломжийг нь бүрдүүлсэн байсан юм. “Би яг сонгуулийн санал хураах өдөр тэнд, энд амарч таарах гээд байна” гэсэн хүсэлтээ сонгогч харьяа санал авах байрандаа бичгээр гаргаж, сонгогчийн жагсаалтын ард “шилжив” гэсэн тэмдэглэгээ хийлгэнэ. Улмаар “амрах” газрынхаа санал авах байранд очиж бүртгүүлнэ, ингээд л гүйцээ.

Сонгуулийн хуулийг АН, МАН, ИЗНН, МАХН, МҮАН-ынхан буюу одоогийн парламентыг бүрдүүлэгч намын төлөөлөл баталсан. Тэр үедээ сөрөг хүчин болох МАН нь ч “Ингэж болохгүй” гэж эсэргүүцээгүй. Тийм ч учраас одоо энэ заалтыг баяртайгаар биелүүлж байна. Өөр бусад намынхан ч, ер нь хэн ч, юу ч яриагүй. Намууд тохиролцоод л баталсан учраас тэр болов уу. Тэгсэн атлаа одоо АН-ынхан “Царцаа нүүлгэлээ, сонгууль будлиантууллаа” гэж худлаа шоудаад ч яах юм. Хуулиар өөрсдөдөө олгосон хууль зөрчих боломжоо хамтраад л эдлээч дээ. Эсвэл МАН-ынхан шиг олон зуун мянгаараа нүүж очих дэмжигч байхгүйдээ “атаархаад” байгаа юм уу. АН, МАХН, бие даагч гэлтгүй л хуулиар олгосон “боломж”-оо эдэлж буй болов уу. Харин “царцаа”-ных нь тоо “ах” намын нэр дэвшигчдийнхийг гүйцэхгүй байж мэднэ.

ЦӨВҮҮН ЦАГ

МСS группийн гүйцэтгэх захирал хэвлэлд “Компани зохион байгуулалттайгаар сонгогчдыг бөөнөөр нь орон нутагт шилжүүлсэн юм байхгүй. Харин ажилчид урин дулааны цагт амарч зугаалахыг нь үгүйсгэхгүй. Манай залуус жил бүр сайн дураараа нэгдэж, орон нутгаар аялдаг” гэжээ. Түүний зөв. Сонгогч хүний аялж зугаалах, амрах эрхийг хэн ч хорих ёсгүй. Зуны дэлгэр цагт компанийн захирал, хувьцаа эзэмшигчийнхээ нэр дэвшсэн тойргийг сонгож “амарсан” сонгогчдод ч буруу өгөх боломжгүй. Хүмүүсийг тэнд “амраалаа” гэж тухайн нэр дэвшигчийг ч буруутгах хэцүү. Хуулиар олгосон боломжийг ашиглахгүй гээд яах юм. Чадаж байгаа юманд арга байхгүй шүү дээ. Ерөөс эндээс буруутан хайгаад олдохгүй. УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулиа л хаа хаанаа “сайн” биелүүлсэн байна. Тэгэхээр хуульд ийм цоорхой оруулсан, тохиролцож баталсан намуудаас өөрсдөөс нь бурууг хайх ёстой. Ингээд л “эрэл” мухардчихаж байгаа юм.

Хуулийн хүрээнд хууль зөрчдөг ийм л цөвүүн цаг иржээ. Хүссэн нэр дэвшигч нь өөрийгөө дэмжүүлэх “арми”-ийг нүүлгэж авчраад л санал өгүүлчихнэ. Чин шударгаар, бор зүрхээрээ, оюун бодол, хийсэн ажлаараа, бодлогоороо өрсөлдөх хүн цөөрсөн аж. Болж буй үйл явцыг ажиглахад энэ удаагийн сонгуулиас шударга үр дүн хүлээх хэцүү болж байна. Гэвч эд ингэж булхайцах тусам нь сонгогч бид сонгуульдаа идэвхтэй оролцож, шударга, зөв хүмүүсийг сонгох ёстой. Худалдагдаагүй, “амраагүй” сонгогчид илүү олон оролцож байж л санал хураалтын дүн зөв гарах боломж бүрдэнэ. Буруутангүй булхай үйлдэгчдийг солих боломж мөн л та, бидний гарт бий. Бууж өгч болохгүй шүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)