Бурууг бухах аргагүй, буулгатай мэт зүтгэх цаг эхэллээ, эрх баригчид аа

УИХ-ын найм дахь сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Ерөнхийлөгчийн анхааруулсанчлан улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгаа, цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй ажиллах, зөвхөн зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай цаг үед төрийн дээд эрх мэдэл тэдний гарт ирэв. Тэр тусмаа үнэмлэхүй ялалт байгуулан, 62 суудал авсан МАН-ын гишүүд өнгөрсөн дөрөв, ирэх дөрөв, нийт найман жил засаглах нь. Одоо шалтаг тоочин, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэж, хариуцлагаас зайлсхийх ямар ч боломжгүй.

Хариуцлагатай, ёс зүйтэй ажиллаж, өмнөх парламентын гишүүдийн алдааг давталгүй, иргэдийнхээ боломжийг хулгайлалгүй, гагцхүү ард түмэндээ аль болох ахиуг өгч, сайн бөгөөд сайхан орчин бүрдүүлэх үүрэг УИХ-ын гишүүдэд ногдож байна. Ингэхдээ Ардын намынхан олонх болсондоо эрдэлгүй, хүч түрэлгүй, цөөнхийнхөө саналыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхий дахинд болон улс орны өмнө нүүрлэж буй хямрал, хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг доройтуулалгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх оновчтой шийдлүүдийг зоригтой, бодитой хийх л гарц үлдэв. Сөрөг хүчин болсон АН ч хариуцлагатайгаар хяналт тавьж, сөргөлдөх, талцахаас илүүтэй ойлголцох, хамтрахыг чухалчлах учиртай. Яавч өнгөрсөн дөрвөн жилийнх шиг үлбэгэр, өөр хоорондоо түнжин муутай ажиллах эрхгүй.

ГИШҮҮДИЙН ТЭН ХАГАС НЬ ШИНЭ

Тэгээд ч энэ удаагийн УИХ-ыг бүтэц, бүрэлдэхүүн талаас нь харвал чамлахаар биш. Тухайлбал, тэднээс тэн хагас нь анх удаа хууль тогтоох байгууллагад сонгогдсон байна. Шинэ үзэл санаа, дүр төрх хүсэмжилж, УИХ-д улирч, удаан хугацаагаар суусан хүмүүсээс залхсанаа нуугаагүй сонгогчдын эрэлт, хүлээлтэд хүрч ажиллахад 38 гишүүн цөөдөхгүй. Харин насны хувьд 50-иас дээш насныхан жин дарж байна. Тэд нийт гишүүний 47.3 хувийг эзэлж байгаа юм. 2000 оны сонгуулиар 50-иас дээш насны мөн тооны хүн сонгогдож байсан аж. Сонирхолтой нь, дэлхий даяар 46 мянга гаруй хүн парламентын гишүүнээр сонгогдож, ард түмнээ төлөөлөн ажиллаж буй бөгөөд тэдний дундаж нас ойролцоогоор 53 байна. Мөн Олон улсын парламентын холбооноос хамгийн сүүлд гаргасан мэдээллээр дэлхийн парламентуудын гишүүдийн 28.1 хувийг 45, 2.2 хувийг 30-аас доош насныхан эзэлж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, олон улсад хууль тогтоогчид бидний төсөөлж, хүлээсэн шиг тийм ч залуу байдаггүйг эдгээр тоо хэлж байна. Үүнээс манайх ч гажсангүй. Энэ удаагийн УИХ дахь 31-40, 41-50 насныхны тоо ч өмнөх парламентаас буурчээ. Гэхдээ насны хязгаарыг 31-50 хүртэл болгож харвал нийт дүнгээрээ тэд жин дарна. Түүнчлэн энэ удаа 30 хүртэлх насны нэг ч гишүүн сонгогдсонгүй. Өнгөрсөн УИХ-д энэ ангилалд багтаж байсан Н.Учрал өдгөө ч хамгийн залуу гишүүнээр нэрлэгдэж байна.

Мөн 13 бүсгүй сонгогдсон нь хууль тогтоох байгууллага дахь хүйсийн үзүүлэлт өмнөхөөс ямар ч байсан дордоогүй гэсэн үг. УИХ-ын дэд даргаар эмэгтэй гишүүнийг ч сонгочихлоо. Хуулиар квот тогтоон байж нэр дэвшиж, ялалт байгуулсан тэдний үйл ажиллагаа, үг, үйлдлээс дараа дараагийн сонгууль эмэгтэйчүүдэд хэр ээлтэй байх нь хамаарна.

Гишүүдийг эзэмшсэн мэргэжил талаас нь харвал энэ удаагийн парламент 14 хуульчтай. Хууль тогтоох ажилд хуульчдын оролцоо чухал. Өнгөрсөн парламентуудаас 1992, 2008 онд хамгийн олон буюу 19 хуульч УИХ-д сонгогдож байсан аж. Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлд дурдсанаар 21 эдийн засагчтай юм байна. Эдийн засгийн их хямралтай нүүр тулах гэж буй улсын төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн дунд ийм мэргэжилтэй хүн олон байх нь давуу тал ч болж мэднэ. 2004 оны сонгуулиар эдийн засагч мэргэжилтэй 25 хүн сонгогдсон нь хамгийн өндөр үзүүлэлт юм байна. Харин инженерүүд их цөөн орж иржээ. Эзэмшсэн мэргэжлээ инженер хэмээн намтартаа дурдсан 12 хүн энэ УИХ-ын гишүүн болсон нь парламентын түүхэнд хамгийн цөөнд тооцогдох нь. Өмнөх гурван ч УИХ-д тус бүр 30 орчим инженер сонгогдсон сонирхолтой статистик байх аж. Ингээд бусад нь эмч, багш болон улс төр, нийгмийн ухаан, урлаг, утга зохиол, спортын салбарынхан юм. Яруу найрагч Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, бөх Ц.Цэрэнпунцаг, Д.Сумъяабазар, Б.Бат-Эрдэнэ, сэтгүүлч М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, хөтлөгч П.Анужин гээд нэрлэж болно.

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООГҮЙ УИХ

Дарга, дэд дарга нараа үндсэндээ сонгочихсон учраас байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, удирдлагатай болгох ёстой. Халаагаа өгсөн парламент сүүлчийн чуулганаараа буюу өнгөрсөн тавдугаар сард шинэчлэн баталсан УИХ-ын тухай хуульд зааснаар найман байнгын хороо ажиллах ёстой. Өнгөрсөн УИХ-д ч ийм тооны байнгын хороо ажилласан. Ялгаатай нь одоо Өргөдлийн байнгын хороог татан буулгаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог хоёр хувааж буй. Өөрөөр хэлбэл, Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо тус тусдаа ажиллана гэсэн үг. Өргөдлийн байнгын хороог сүүлийн хоёр парламентын хугацаанд л ажиллуулсан бөгөөд дунджаар долоон байнгын хороо байгуулж иржээ. Гэхдээ 2004 оны сонгуулиар байгуулагдсан УИХ анх долоон байнгын хороотойгоор ажлаа эхэлсэн ч жил гаруйн хугацаанд тоог нь 11 хүртэл нэмж, буцаад цөөлсөн түүхтэй. Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороог урьдын адил ажиллуулна гэсэн үг.

Байнгын хорооны дарга нарыг УИХ жил тутам сонгодог. Ингэхдээ УИХ-д сонгогдсон туршлагыг нь харгалзан сонгох бөгөөд улирааж болдог. Өрөө тасалгаа, хангамжаас авхуулаад бусад гишүүнээс ялгардаг байнгын хорооны даргын суудлыг сонирхох хүн мундахгүй. Тиймээс ч дөрвөн жил тутам найман байнгын хорооны даргыг өөрчлөхөд гишүүдийн нэлээд нь дарга болчихдог. Түүх сөхвөл, 2000-2004 онд долоон байнгын хороог гишүүн Д.Лүндээжанцан, Ш.Гунгаадорж, Т.Ганди, Д.Дэмбэрэл, Н.Баяртсайхан, Ц.Шаравдорж, Т.Очирхүү нар дөрвөн жил тасралтгүй удирдаж, улиран ажилласан байдаг. Дэд хороодын хувьд өмнөх парламентад ажиллуулсан 10 дэд хороог байгуулах хууль, эрх зүйн орчин нээлттэй. Гэхдээ байгуулахгүй байж ч бас болно.

Үүнээс гадна байнгын хороо 15-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно. Ингэхдээ УИХ дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн суудлын тоог харгалздаг. Шинэ гишүүдэд өрөө хуваарилж, аль гайгүй байршилд албан тасалгаатай болчих гэсэн өрсөлдөөний хажуугаар байнгын хороодыг ч голж, шилэх “их ажил” өрнөж байгаа сурагтай.

ЭХНИЙ ДҮН

Анхдугаар чуулганаар хийх нэг том ажил нь Ерөнхий сайдыг томилох. Өнөөдөр МАН бага хурлаа хуралдуулж, Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх, түүний Засгийн газар нь ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байхыг шийднэ. Эрх баригч намынхан саналаа нэгтгэчихвэл Засгийн газраа байгуулахад ядах юмгүй, наадмаас өмнө засаг, төрөө цэгцэлчихнэ. Гэхдээ мэргэжлийн, чадварлаг, данхар бус, оновчтой бүтэц, бүрэлдэхүүн байгуулж чадах, эсэхийг иргэд, сонгогчид харж байгаа. Эндээс л эрх баригчид дүгнүүлж эхэлнэ.

Хуульд зааснаар дарааллын хувьд Ерөнхий сайдыг УИХ-аас томилсны дараа Засгийн газрын тэргүүн ямар ямар яам байгуулах, хэдэн сайдтай байх талаарх саналаа хууль хэлбэрээр танилцуулна гэсэн үг. Үүнийгээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Гэхдээ Төрийн тэргүүнтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх эрхтэй. Ингээд УИХ баталчихвал Ерөнхий сайд хэн хэнийг Засгийн газрын гишүүнээр томилохоо өөрөө шийднэ. Нэрсийг нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулахаас бус, өмнөх шиг томилуулах гэж “жижгэрэхгүй”. Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ томилсны дараа тэд гагцхүү УИХ-д тангараг л өргөнө.