Буруугүй буруутан

Цоожтой хаалганы цаана юу болж байгааг хэн ч таашгүй. Хана чихтэй гэдэг ч эхнэр, хүүхдээ бархируулж байх үед өнөөх чих нь дүлийрчихдэг нь хачирхалтай. Миний амьдардаг байранд л гэхэд төрийн тусгай алба хаагч эр эхнэр хүүхдээ айлгаж ичээн, орилж бархируулах явдал нэг бус удаа гарч байсан. Нэг танилын маань байрны дээд, доод давхарт нь цоожтой хаалганы цаана мөн л уйлаан, орилоон болж, элдэв зүйл хагарах нь долоо хоногт нэг бус удаа тохиолддог юм билээ.

Цагдаад дуудлага өгөхөд төрийн тусгай алба хаагчийг хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирээд тайвшруулаад л явдаг ч, дараа нь үйл явдал давтагдах нь бий. Үүнээс үзэхэд цоожтой хаалганы цаана болж буй хэрцгий явдлыг та бид бүгд нийлж байж л таслан зогсоож, эрдэнэт хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлж чадна. Тиймдээ ч Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Хонх дарж, хаалга тогшъё” гэдэг аян эхлүүлээд буй.

Монголчууд нэг хэсэг “Эр, эмийн хооронд илжиг бүү жороол” хэмээн гэр бүлийн маргааны үед дуугүй л өнгөрдөг, цагдаагийнхан ч хэрүүл тэмцлийнх нь дундуур нэг их оролцдоггүй, өнгөрөөдөг байв. Энэ нь буруу юм гэдгийг хэд хэдэн хүний аминд хүрсний дараа л монголчууд бид ойлгож эхэлсэн. Улмаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх шатандаа ирмэгц МАН-ын олонхоос бүрдсэн хууль тогтоогчид хойшлуулчихлаа.

Өдгөө хууль батлалцсан АН-ын бүлгийн дарга нь хүртэл дээрх хуулийг хэрэгжүүлэх боломжгүй хэмээн хэвлэлийн хурал хийгээд сууж байна. Уг нь хэрэгжүүлэх гэж хууль баталдаг байлтай. Хууль хэрэгжүүлээгүйгээс болоод гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж буй, эсэхийг судалсан зүйл одоогоор алга. ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дугаартай утсанд энэ оны эхний арван сард гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 13.680 дуудлага бүртгэгджээ.

Дээрх хугацаанд Улаанбаатар хотод энэ төрлийн 696 хэрэг бүртгэгдэж, 645 хүн хохирсон байна. Тэдний 95 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд аж. Он гарсаар уг гэмт хэргийн улмаас хоёр хүн амиа алдсан нь өнгөрсөн оныхоос тав дахин буурсан үзүүлэлт юм билээ.

Гэхдээ “Илжиг, эхнэр хоёрыг сард нэг удаа гөвшдөг” уламжлалт гэх юм уу, нэгэн цагт тогтсон сэтгэлгээнээсээ салаагүй нөхөд байсаар. Тэд арга барилаа улам “боловсронгуй” болгож, цоожилсон хаалганыхаа цаана юу ч хийж мэдэхээр байгааг дараах нэгэн бодит үйл явдал гэрчлэх биз. Дунд сургуулийн ширээ, сандлаасаа холдоод удалгүй хайрын баланд мансуурсан бүсгүй өдгөө “Миний амьдралын хамгийн гэрэл гэгээтэй, баяр баясгалантай хайранд бялхсан он жилүүд минь хүүхэд нас байжээ.

Харин одоо хаалганы цоожинд түлхүүр эргэх чимээнээр өөрийн эрхгүй нуруугаар хүйт дааж, хамаг бие минь дагжин чичирч, аньж амжаагүй болон эдгэрч сорвижсон шарх минь хүртэл хорсож, бүх биеэр минь өвдөлт, шаналлын хахир салхи нэвт үлээн, амьд л үлдэх юм сан гэх ганцхан бодол тархи толгойг минь эзэмдэх боллоо” хэмээн халаглан сууна.

Хайрлаж ханилан суух болсон залуу нь хадаг сүйгээ тавихдаа эгээ л нирваан дүртэй, бурхан шиг сайхан амьтан байж. Харин өдгөө араатнаас ч дор авиртай болж хувирчээ. Хурим найраа хийн, өрх тусгаарласны дараахан ууган хүү нь мэндэлсэн аж. Эхнэр нь нярайлаад удаагүй, хүү нь гурван сар ч хүрээгүй байхад ёсолж авсан нөхрийнх нь ааш авир өөрчлөгдөж. Улмаар эхнэртээ гар хүрэх үл ялигхан шалтгаан нь ууган хүү нь болов.

Гэрийн эзэн “Айлын ууган хүүхэд охин байх ёстой, би ч азгүй эр хүн юм даа” хэмээн архи ууж эхэлсэн нь хачирхалтай. Энэ үед залуухан гэрийн эзэгтэй гэнэн цагаахан сэтгэлээр бүх бурууг “Охин төрүүлээгүй би л буруутай” хэмээн өөртөө хүлээсэн байгаа юм.

Нөхөртөө “Миний буруу, хайр аа” хэмээн хошуу дэвсэн аргадах тоолонд мань эр улам догширч цохиж, зодох нь хэвийн үзэгдэл болжээ. Гэвч хайрлаж, ханилсан нөхөртөө хоёр дахь хүүг нь төрүүлж өгөв. Гэрийн эзэгтэй төрөх оронд дээр гарч, өвдөж хэвтэхдээ “Нөхөр минь одоо баярлана даа” хэмээн хэн нэгэнд хүнд өрөө төлөөд дуусаж байгаа мэт сэтгэл нь уужирч байсан гэдэг.

Харамсалтай нь бүсгүйн бодол талаар өнгөрч, хэтэрхий эрт баярлажээ. Амьдрал нь төсөөлж байснаас өөрөөр эргэсэн гэнэ. Удаах хүүтэйгээ эмнэлгээс гарч ирээд хоёр ч хоноогүй байхад нь гэрийн эзэн халамцуу иржээ. Хүүхэдтэй болсонд нь ажлын газрынхан нь баяр хүргэж, сархад сөгнөх нь өнөө цагт байдаг л үзэгдэл. Гэхдээ энд өгүүлэн буй залуу арай л болчимгүй зан гаргасан мэт. Нөхөр нь орж ирмэгцээ л “Нөгөө хүүхэд гаргах дуртай, азгүй хүүхэн хаана байна” гэж хашгирч, яах ийхийн зуургүй нүүрэнд нь гал бутаргаж орхисон.

Сэхээ авч амжаагүй байхад нь газар унаган дэвсэлж байжээ. Энэ үед тэр бүсгүй “Би энэ амьдралд ямар буруу зүйл хийсэн юм бэ” гэж сэтгэлдээ өөрийгөө өмөөрөн анх удаагаа бодсон гэдэг. Хүүхэд төрүүлсэн ч чичлүүлж, хоол хийсэн ч асгуулж, хувцсыг нь индүүдсэн ч буруудаж байдаг. Ёстой л нөгөө буруугүй буруутан нь авааль эхнэр, хоёр хүүхдийн ээж болсон байгаа юм.

Тэр бүсгүй “Охин насаа энэ л хүнд өгч, хүүхдүүдийг нь төрүүлж өглөө. Намайг нүдний цэцгий мэт хайрлаж, хэний ч хүүхдээс дутахааргүй эрүүл саруул, эрдэм боловсролтой хүн болгож баргийн хүний өөдөөс сөрж шөргөөцөлдөөд байхааргүй ухаан талибуун өсгөсөн ижий ааваасаа ичиж, бас өөрийгөө өрөвдөх болов. Буруугүй буруутан болж эр нөхөртөө зодуулж эрэмдэг, зэрэмдэг боллоо ч би үүнийг тэвчинэ.

Харин хүний дайтай хүн өсгөж хөлийг минь дөрөөнд хүргэх гэж хамаг залуу халуун нас, амь амьдралаа зориулсан ээж аав минь намайг ийм эмгэнэлтэй зовлонт амьдралыг туучин байгааг мэдэх вий гэхээс л би үнэхээр айдаг. Тэднийгээ гомдоохыг, сэтгэл нь гундуу явахыг би тэвчихгүй. Цэвэрхэн хувцаслаж, үнэтэй сүрчиг сэнгэнүүлсэн тэр залуу гэртээ ямар араатан авиртай, тамлагч болж хувирдгийг та төсөөлөх ч үгүй” хэмээн ярьж байна.

“Дээд боловсролтой, нэгэн байгууллагад дээгүүр албан тушаал хашдаг, боломжийн амьдралтай, хэн ч харсан хүний нүдэнд дулаахан, малийтал инээж “Бүхнийг зохицуулаад л амьдарч байна даа” гэдэг үгийг амны уншлага болгодог энэ залуу бол миний нөхөр, миний араатан” хэмээн айдас, хүйдэс дүүрэн нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн гэртээ суугаа тэр бүсгүй шиг хүн хэчнээн олон байгааг бид мэдэхгүй.

Үүнийг уншсан олон хүн “Энэ амьдралаа боль, сал, энэ явдлыг дуусга” гэх нь дамжиггүй. Гэхдээ эр нөхрийнхөө өөдөөс эсэргүүцэхгүй байх шалтгаан энэ бүсгүйд нэг бус бий. Хоёр хүүхэд, эцэг эх нь хамгийн эхний шалтгаан. “Зодсон” гэж цагдаа юм уу, эсвэл аав ээждээ хэлбэл бүгдийг чинь үгүй хийнэ шүү” гэх үгсийг үргэлж хэлдэг юм билээ, тэр.

Тэгэхээр яаж ч мэднэ гэсэн айдас эзэгтэйд бий. Согтуудаа зодчихоод маргааш нь “Архинаас л боллоо” хэмээн шилтэй цэнхэрт бурууг чихэн уучлал гуйдаг байж. Сархад руу бурууг чихэж нэлээд хэдэн жилийг өнгөрөөсөн бөгөөд нэг удаа согтуу явж байхдаа хэсэг залуугийн “гарын шүүс” болж хэдэн өдөр гэртээ хэвтэхдээ “Дахиж хэзээ ч архи уухгүй” гэж хэлсэн аж. Хэлсэндээ ч хүрч дахиж архи амсаагүй гэдэг. Тэр залуус түүнийг сайн хашрааж өгсөн бололтой.

Архинаас татгалзсан ч амьдрал нь амар жимэр болсонгүй. Хэрүүл, зодоонгүй, амьдрал сайхан болох нь гэж бодож байсан эзэгтэйн хүсэл харин ч эсрэгээрээ эргэж, эрүүл ухаантай хүний зодуур согтуугаасаа долоон дор болж, гар хөлийг нь хүлж элдвээр тамлах болсон гэнэ. Энэ хүн эрүүл гэж үү гэх бодол зарим уншигчид төрөх нь лавтай. Гэрийн эзэн эрүүлээр барахгүй, ажил албан тушаал дэвшиж, олон хүн удирдан, мөнгө төгрөг ч сайн олдог болсон гээд бод доо.

Нэг удаа төрсөн гэртээ очоод ирэхэд нь “Удаж байж ирлээ” хэмээн зодсон байгаа юм. Энэ үед хөршүүд нь цагдаа дуудсан бөгөөд тэднийг ирэхэд “Та нар “Драйгер”-аа (согтуурал хэмждэг багаж) үлээлгээд үз, би эрүүл байна. Манай эхнэр ааш муутай, уурлахаараа муухай орилж чарладаг, сэтгэц нь эрүүл бус. Би яагаа ч үгүй. Нүүр ам нь зүгээр байгаа биз дээ” гээд буцааж. Гэрийн эзэгтэй ч цагдаа нарт юм ярихыг хүсээгүй, ярихгүй ч гэсэн бодолтой явдаг болохоороо чимээгүй л байж.

Эргүүлийн цагдаа нар дуудлагаар ирсэн тэр өдрөөс хойш гэрийн эзэн унтлагын өрөөндөө дуу намсгагч хана хийсэн байгаа юм. Түүгээр ч зогсохгүй цонхондоо төмөр хаалт хийлгэжээ. Айлууд хулгайчаас сэргийлж торон хаалт цонхныхоо гадна талд суурилуулдаг байхад гэрийн эзэн эсрэгээр нь тогтоолгожээ.

Төмөр хаалт суулгасан залуус анх удаа дотор талд нь суурилуулж байгаад гайхан учрыг лавлахад “Манайх бага насны хүүхэдтэй, унахаас сэргийлж байгаа юм” гэж хариулж байж. Харин гэрийн эзэгтэйд өөр бодол төрсөн л байлгүй.

Гар хөлөө хугалуулж, хүнд гэмтэл авсныхаа дараа эзэгтэй арга буюу хууль сахиулах байгууллагад хандсанаар энэ хэрэг ил болсон бөгөөд мөрдөн байцаалтын явцад “Нүүрнээс өөр хэсэгт цохиж зоддог, тэр ч бүү хэл түлж тарчлаадаг” гэжээ.

Эр нөхрийнхөө байнгын зодуур тарчлаанаас болж тэр бүсгүй доголон хөл, хугарч мурий, тахир эдгэсэн гар (эмнэлэгт үзүүлэлгүй, гэртээ эдгээсэн учир) нүүрнээс бусад хэсэгтээ эрэмдэглүүлсэн байгаа юм. Энэ бүх зовлон шаналлыг үхлээр биш амьдарч, амьд үлдэж дуусгах гэсэн тэр бүсгүй өдгөө орчлонгийн хаа нэгтээ өөрийнхөө, хүүхдүүдийнхээ, эцэг эхийнхээ төлөө зүтгэж л яваа.

Түүний амьдрал бол манай нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл газар авсны, цоожтой хаалганы цаана харгис хэрцгий үйлдэл их байгаагийн баталгаа учир олон нийтэд жишээ болгон хүргэлээ. Нөхөр нь яасан бэ гэж үү. Мэдээж ял шийтгэл хүлээж, “аавынд морилоод” бараг суллагдсан биз ээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)