Б.Уранчимэг: Сүрьеэгээр хэн ч өвдөх эрсдэлтэй

Сүрьеэ өвчин нь дэлхийн олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болсон хэвээр байгаа ба ДЭМБ-ын тооцооллоор дэлхий дахинд  жил бүр 10 сая гаруй хүн сүрьеэ өвчнөөр өвчилж, 1 сая гаруй хүн сүрьеэгийн улмаас нас барж байна. Нас баралтын 95% нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолдож байна.

Монгол улс нь ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн 37 орны дотор сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орны тоонд тогтмол орсоор байгаа ба жил бүр 4000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байна.

Энэ удаагийн дугаартаа бид ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны статистикч эмч Б.Уранчимэгтэй уулзаж сүрьеэ өвчний талаарх ерөнхий ойлголтын талаар ярилцлаа. /Цаашид цуврал байдлаар мэдээлэл хүргэнэ/

-Сүрьеэ гэж ямар өвчин бэ?

-Сүрьеэ нь амьсгалын замаар хүнээс хүнд дамжин халдварладаг, нянгийн гаралтай, нийгмийн халдварт өвчин. Сүрьеэгийн нян нь хүний биеийн аль ч эрхтнийг гэмтээж болох ч ихэнх тохиолдолд 70% уушгийг өвчлүүлдэг. Ямар эрхтэн өвчилснөөс шалтгаалж сүрьеэг ерөнхийд нь уушгины сүрьеэ, уушгины бус эрхтний сүрьеэ /УБЭ/ гэж ангилдаг. УБЭ-ний сүрьеэ бусдад халдвар тараахгүй. Уушгины сүрьеэтэй бүх хүн бас халдвар тараахгүй. Гагцхүү уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн л ханиалгах, найтаах, ярих, нус цэрээ ил задгай хаях үед сүрьеэгийн нян агаарт цацагддаг. Сүрьеэтэй хүн бүхэн халдвартай биш.

-Халдвар хэрхэн тархдаг вэ?

-Уушгины халдвартай сүрьеэтэй өвчтөн ярих, ханиах, найтаахад сүрьеэгийн нян агаар дуслын замаар тархдаг. Халдвартай сүрьеэтэй хүн нэг удаа ханиаж найтаахад 5 минут ярьсантай тэнцэх тооны асар их нянг агаарт цацдаг. Тэрхүү халдвар агуулсан агаараар эрүүл хүн амьсгалахад сүрьеэгийн нян уушгинд орж халдварлуулна. Дэлхий дээр 3 хүн тутмын 1 нь сүрьеэгийн халдвар авсан байна гэсэн тооцоолол байдаг.  Гэхдээ халдвар авсан гэдэг нь өвчилсөн гэсэн үг биш. Халдвар авсан хүнд ямар нэг зовуурь шаналгаа илрэхгүй, бусдад халдвар тараахгүй. Тухайн хүний биеийн дархлаа сайн байхад насан туршдаа сүрьеэгээр өвчлөхгүй. Нийт халдвар авсан хүмүүсийн 10% нь биеийн дархлаа суларсан үед өвчилдөг байна.

Дархлаа сулрах олон шалтгаан байна. Тухайлбал  стресс, бухимдал, цаг уурын өөрчлөлт, ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол, архи тамхины хэрэглээ,  хоол тэжээлийн дутагдал гэх мэт ордог .

-Сүрьеэ өвчний үед ямар  шинж тэмдэг  илэрдэг вэ?

-Сүрьеэгийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь 2 долоо хоногоос илүү хугацаанд ханиалгах байдаг. Түүнээс гадна бусад өвчний үед ч илэрдэг ядрах, хоолонд дургүй болох, турах, шөнө хөлрөх, халууурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тиймээс удаан хугацаагаар ханиалгах болон бусад шинж илэрвэл эмчид хандах нь зүйтэй. Манай Монголчуудын дунд ханиалгахыг ямарваа өвчний зовуурь гэж үзэхгүй хэвийн байдаг л зүйл мэт үзэж ханиаж найтаагаад, нус цэрээ ил задгай хаа хамаагүй хаяад явдаг буруу зуршил, дадал түгээмэл байдаг.

-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Аливаа халдварт өвчин нь уг халдварыг тарааж буй эх уурхай, тухайн халдвар дамжих зам, уг халдварт өртөх бие гэсэн 3 хүчин зүйлээр нөхцөлддөг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх дараах гурван аргыг анхаарвал зохино. 


 Хамгийн гол  арга нь халдвар тарааж буй эх уурхайг эрт илрүүлж бүрэн эмчлэх явдал гэж үздэг. Ингэхийн тулд удаан хугацаагаар ханиалгах гм зовуурь илэрсэн үед аль болох эрт эмнэлэгт хандаж байх хэрэгтэй.

Амьсгалж буй агаараа нянгийн бохирдолгүй байлгахад анхаарах. Цонх салхивчаа онгойлгож амьдарч ажиллаж буй гэр орон, өрөө тасалгаандаа тогтмол агаар сэлгэлт хийж байх.

Биеийн дархлаагаа сайн байлгах. Ажил амралтаа зөв зохицуулах, тэжээллэг чанартай хоол унд хэрэглэх, идэвхтэй хөдөлгөөн хийдэг байх гм

Эцэст нь хэлэхэд, энгийн мэт  боловч асар чухал ач холбогдолтой нэг зүйл бол “Ханиаж найтаахдаа ам хамраа дарж сурах,  Нус цэрээ ил задгай хаяхгүй байх”

Энэ л зөв дадлыг Монгол хүн бүр хэвшүүлж чадвал сүрьеэгийн халдварлалт, өвчлөл, тархалтыг бууруулах бүрэн боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)