БУНДЕСТИМИЙН МӨРӨӨДЛИЙН ХЯЗГААР НЬ ТАВДУГААР БАЙР

Олимпийн наадамд багийн дүнгээр “айргийн тав”-д найдвартай багтдаг улс бол Герман. Баруун, зүүн хоёр хуваагдсан үедээ ч Германы тамирчид хүчирхэг байсан, нийлж нэгдсэнээсээ хойш ч тийм байгаа. Гэхдээ БНХАУ хэмээх бэрх өрсөлдөгч гарч ирснээр немцүүд сүүлийн жилүүдэд эхний гуравт орж чадахаа больсон. Үүний тод жишээ нь “Сидней 2000”-д тав, “Афин 2004”-д зургаа, “Бээжин 2008”-д тавдугаар байрт орсон явдал.

Энэ удаа ч Германы ҮОХ тамирчдадаа дөрвөн жилийн өмнөх амжилтаа давтахыг үүрэгдсэн аж. Өөрөөр хэлбэл дэлхийн спортын хөгжлийг тодорхойлогч АНУ, БНХАУ, ОХУ, зохион байгуулагч Их Британийн дараа орвол үүргээ биелүүлсэнд тооцох гэнэ.

Франц, Япон, Австрали, БНСУ, Украин бол тэдний гол өрсөлдөгчид. Бээжингийн олимпод Бундестим 440 тамирчнаа илгээж 16 алт, 10 мөнгө, 15 хүрэл медаль хүртэж байсан бол Лондонд 391 тамирчинтай оролцоно. Энэ нь Европын орнуудыг нөмөрсөн эдийн засаг, санхүүгийн хямралтай огтхон ч холбоогүй. Зүгээр л зүлэгний хоккейн эрэгтэй, эмэгтэй багууд, эрэгтэйчүүдийн волейболын шигшээ нь эрхээ авч чадаагүй учраас Лондонд бүхэл бүтэн 50 гаруй хүний ирц дутуу очих төлөвтэй. Хамгийн хачирхалтай нь хөлбөмбөгийн эх оронд Германы эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн аль нь ч ирэхгүй аж. Ингээд германчуудын медаль “бөөндөх” магадлалтай төрлүүдийн тухай товчхон өгүүлье.

ЗАВЬ

Германы завьчид олимпийн наадмаас нийт 116 медаль (үүнээс алт 60, мөнгө 27, хүрэл 29) аваад буй. Тэр дундаа сэлүүрт завины нэрт тамирчин Биргит Фишер зургаан олимпийн наадамд оролцохдоо ганцаар багтаа найман алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн амжилттай нэгэн.

Гэвч эмч нар 50 настай Биргитийг ачаалалтай бэлтгэл хийхийг хориглосон тул ес дэх алтан медалийнхаа төлөө тэмцэлдэх нь тодорхойгүй байна. Түүний оронд залуухан, туршлага багатай тамирчныг багийн үндсэн гишүүнээр сонгож, Фишерийг нөөц тамирчны хувиар Лондонд авчирчээ. Сэлүүрт завины эмэгтэйчүүдийн дөрвөлсөн ангилалд германчууд сүүлийн дөрвөн олимпод дараалан түрүүлээд байгаа билээ.

“Сидней 2000”-аас хойш тус багийн гишүүн болсон Катрин Вагнер, Аугустин нарыг ялалтын цувралаа үргэлжлүүлнэ гэдэгт германчууд төдийгүй өрсөлдөгчид нь итгэлтэй байна. Тэрчлэн 34 гараанд ялагдал гэгчийг огт амсаагүй Ральф Хольтмайер дасгалжуулагчтай эрэгтэйчүүдийн найман сэлүүрт завиныхан алтан медальд хүрэх бүрэн боломжтой.

ХӨНГӨН АТЛЕТИК

Тус улсад 251 медаль (69 алт+88 мөнгө+94 хүрэл) авчирсан хөнгөн атлетиктай эн зэрэгцэх спорт Германд үгүй. Штехар, Розендаль, Дрекслер, Кох, Мейфарт нарын гүйгч, харайгчдаас гадна дүүгүүр шидэгч Бетти Хайдлер, жадчин Кристина Обергфооль нар ямар ч медальд хүрч мэднэ. Тэдэн дээр зээрэнцэг шидэлтийн дэлхийн хошой аварга Роберт Хартинг нэмэгдэнэ. Хоёр жил гаруйн өмнө “зэс таваг”-аа боксын бээлийгээр сольсон тэрбээр өнгөрсөн жилээс бэлтгэлийн талбайдаа буцан ирж, Хельсинкт болсон Европын аваргад түрүүлсэн билээ. Мөн 2011 оны ДАШТ-д сенсаацтай түрүүлж, зуун жилд ганц тохиох шинэ од хэмээн алдаршсан 21 настай Давид Шторль, хоёр метр гаруй өндөр нуруутай бүсгүй Ральф Бартельс нарын бөөрөнцөг түлхэгчдийг нэрлэж болно. Түүнчлэн казах гаралтай марафонч Ирина Микитенко, уртын харайгч Себастьян Байер, долоон төрөлтийн Женнифер Оэзер, тулгууртай харайгч Мальт Мор нарыг шагналын тавцанд гарчихсан зогсож байвал гайхах хэрэггүй. Хүнд атлетик буюу штангийн хамгийн хүнд жинд Маттиас Штайнер дөрвөн жилийн өмнөх амжилтаа давтан, түрүүлэх ч юм бил үү, хэн мэдлээ.

ТЕХНИКИЙН СПОРТ

Атланта, Афины олимпийн медальт дугуйчин Юдит Арндт, “Бээжин 2008”- ын аварга уулын дугуйчин Сабина Шпитц, спринт уралдааны нэртэй төлөөгчдийн нэг Кристиан Фогель, тойрог замын дугуйчин Мириам Вельте нар Лондонд зөвхөн аваргын төлөө өрсөлдөх нь тодорхой. Германчууд 50 настай гар бууч Ральф Шуманныг ээлжит медалиа хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа нь мэдээж. Тэрбээр зургаан олимпод оролцохдоо гурван алт, хошой мөнгө медаль хүртэж байсан юм.

УСАН СПОРТ

Олимпийн наадмаас 186 медаль (55 алт+60 мөнгө+71 хүрэл) авчирсан усан спортынхны амжилтаас германчуудын амжилт ихээхэн хамааралтай. Орчин үед усчид нь Австрали, Америктай харьцуулшгүй бага амжилт гаргаж байгаа ч Европтоо дээгүүрт тооцогддог. Тухайлбал 200, 400 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг Пауль Бидерманнтай ангилалд нь эн тэнцүүхэн өрсөлдөх ганц хүн бол зөвхөн Майкл Фелпс бөлгөө. Бас Бидерманны найз бүсгүй, Бээжингийн олимпийн хошой алтан медальт Бритте Штеффенийг мартаж болохгүй.

М.ОРГИЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)