Булган аймгийн гурван сум түймэртэй байна

Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Тэшиг сумд гарсан ойн түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. Он гарсаар нийслэл, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 60 сумд нийт 97 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 17.2 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Тэдгээр түймэрт урьдчилсан байдлаар 213 443 га талбай шатсан бөгөөд үүний 7204 га нь ой мод аж. Мөн хоёр гэр, дөрвөн айлын өвөлжөө, нэг автомашин шатаж, нийт 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Ихэнх нутгаар хуурайшилттай байгаа учир ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй, асаасан чүдэнз, тамхиа бүрэн унтраахыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.