Буйр нууранд завьтайгаа алга болсон 4 хүнийг Монгол Улсын хил орчмоос эсэн мэнд олжээ

Онцгой байдлын ерөнхий газрын хоногийн мэдээг хүргэж байна. 

Дорнод аймгийн Буйр нуур руу завьтайгаа гараад сураггүй алга болсон иргэдийг нэг хоногийн дараа эсэн мэнд олжээ. Тодруулбал,  Халхгол сумБуйр нуурын эрэг “Долоон-Од” гэдэг амралтын газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ Улаанбаатар хотын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/, Б /20 настай, эрэгтэй/, Ч /52 настай, эрэгтэй/, С /45 настай, эрэгтэй/ хувийн моторт завьтайгаар Буйр нуур руу 12 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 306 дугаар ангийн 1 дүгээр застав, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.13-ны өдрийн 19:05 цагт нуурын эргээс 16 км Монгол Улсын хилээс 7 км-ээс эсэн мэнд олжээ.

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Алтангийн хэсгийн “Задгай”-д Иргэн Б /12 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 07.13-ны өдрийн 19:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 03:00 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг 04:00 цагаас эхлэн зохион байгуулж 07:30 цагт эсэн мэнд олж ар гэрийнхэнд хүлээлгэн өгчээ.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Голын зах” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 215 км, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ 3 хүн аялаж явснаас тус багийн харьяат иргэн О /28 настай, эрэгтэй/ Орхон голын усанд живсэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:53 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 07.13-ны өдрийн 21:58 цагт явсан. 07.14-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Том гүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/ Туул голд живсэн байж болзошгүй /тухайн иргэн нь 07.09-ний өдөр гэрээсээ гараад сураггүй байсан бөгөөд 07.13-ны өдөр автомашин, хувцас нь Туул голын эрэг дээр байсан/ тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 07:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.13-ны өдрийн 12:51 цагт тус багийн “Гүүрний-Ам” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ө.Элбэгманлайд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д Үерийн ус зайлуулах далангийн усанд 1 хүний цогцос байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 09:11 цагт хүлээн авсан.   Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 09:25 цагт очиж 50 орчим настай, эрэгтэй /нэр, хаяг тодорхойгүй/ хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Баруун байдлагын-Адаг” гэдэг газар /дүүргээс зүүн хойд зүгт 19 км-т/ Хэрлэн голд 1 хүн урссан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 12:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 12:36 цагт очиж Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн Ж /49 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд татан гаргасан. 

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Урд чулуутын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 50 км, сумын төвөөс баруун хойд зүгт 23 км-т/ Орхон аймгийн төвөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан “Санни-15” загварын суудлын автомашин усанд боогдсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 50 км зам туулан 20:40 цагт очиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн харьяат иргэн С /29 настай, эрэгтэй/ ухаан алдсан байсан тул аймгийн Нэгдэсэн эмнэлэгт хүргэж өгсөн. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Хадан хясаа” гэдэг газар Туул голын салаанд 4 хүн усанд боогдсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 19:23 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км зам туулан 19:34 цагт очиж Хан-Уул дүүргийн харьяат иргэн С /20 настай эрэгтэй/, Б /18 настай, эрэгтэй/, П /18 настай эрэгтэй/, Б/18 настай эрэгтэй/ нарыг завиар гол гаргаж өгсөн.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Цагаан гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 112 км, сумын төвөөс урд зүгт 12 км-т/ Тус багийн нутгаар 07.13-ны өдрийн 16:00-16:56 цагт усархаг аадар бороо орсны улмаас сумын төвөөс Чацран багийн чиглэлд мотоциклоор зорчиж явсан 5 хүн /үүнээс 2 хүүхэд/ үерт өртөж нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б/55 настай, эрэгтэй/ нас барсан, мөн тус сумын харьяат иргэн Я /38 настай, эмэгтэй/-ыг үерийн уснаас эсэн мэнд татан гаргасан биеийн байдал хүнд сумын хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Оюунчимэг мөн өдрийн 21:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)