Будапештийн “Их дуулга“-аас Г.Наранцэцэг, Саеид Моллаей нар хүрэл медаль хүртлээ

Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон “Их дуулга”-д 48 кг-ын жинд Монголын тамирчин Г.Наранцэцэг хүрэл медаль хүртэж, шагналын салхийг хагалав. Залуучуудын ДАШТ, Екатеринбургийн “Их дуулга”-ын хүрэл, “Чиндао мастерс” тэмцээний мөнгөн медальт тэрбээр эхний тойрогт Чилийн бөх Мари Де Варгас Лейг цэвэр ялж, дараагийнхад С хэсгийг тэргүүлж барилдсан Португалын Катарина Костаг вазари үнэлгээгээр буулган авч, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Хэсгийн аваргын төлөө залуучуудын дэлхийн аваргын хошой хүрэл медальт Сербийн Андреа Стоядиновт ялагдаж, дагах барилдаанд залуучуудын дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Испанийн Мартинез Абеленда Лаураг илүүрхэж, хүрэл медалийн төлөө Израилын Ришони Шираг торгуулиар ялсан юм. Дараагийн өдөр нь эрэгтэйчүүдийн 81 кг-д Монгол Улсын иргэн болоод удаагүй Саеид Моллаей D хэсгийг тэргүүлж барилдсан Туркийн Мухаммед Кочийг, удаах тойрогт Дюссельдорфийн гранд сламын хүрэл медальт Шведийн Робин Пасекийг буулгаж, шөвгийн наймд Францын Николас Чилардийг цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд “Лондон-2012” олимпын хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Канадын Валоис Фотер Антонид ялагдан хүрэл медалийн төлөө Нидарландын бөх Фрэнк Ди Витийг ялж, Монголын далбааг мандууллаа. Тэгвэл 66 кг-д зодоглосон Б.Эрхэмбаяр V байрт шалгарсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)