Бугын анчин ченжүүдийнхээ хамт ял шийтгүүлэв

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Б.Цог-Очир өнгөрсөн оны тавдугаар сард тус сумын нутаг Бор дов гэх газраас Монгол Улсын ховор амьтдын жагсаалтад орсон халиун буга агнажээ. Цусан эвэр, чив сүүлийг нь авч, сумынхаа Ц.Гэрэлт-Од гэх эмэгтэйд 60 мянган төгрөгөөр худалдсан аж. Ц.ГэрэлтОд худалдаж авсан түүхий эдээ ченж С.Бямбадоржид 300 мянган төгрөгөөр борлуулжээ. Энэ үеэр цагдаагийнхан арьс, ширний ченжүүдийг шалгаж, хууль бусаар агнасан ховордсон ан амьтны гаралтай түүхий эд авсан байхыг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Шалгалтын явцад С.Бямбадорж нь Хөвсгөл аймгаас бугын чив дөрөв, Дорнод аймгаас чив, сүүл, ясан эвэр, Өмнөговь аймгаас шилүүсний арьс гурав, “Эмээлт” түүхий эдийн захаас хүдрийн заар дөрөв, бугын цусан эвэр 10 ширхэгийг худалдан авч борлуулах гэж байсан нь тогтоогджээ. Мөрдөн байцаалтын явцад шинжээч томилон экологи, эдийн засгийн үнэлгээг нь тогтоолгоход 209 сая гаруй төгрөг болсон аж. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн бөгөөд учирсан хохирлоос Б.Цог-Очир, Ц.Гэрэлт-Од нараар тус бүр 13.2 сая төгрөгийг төлүүлэх, 209 сая төгрөгийг түүхий эдийн ченж С.Бямбадоржоос гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн С.Бямбадоржид гурван жил, хууль бусаар буга агнасан Б.Цог-Очирт хоёр жил хорих ял оноосон бол, цусан эвэр худалдан авч, Улаанбаатар хотод авчирч худалдсан Ц.Гэрэлт-Одыг дөрвөн сар баривчлахаар болжээ.


Г.РАВЖАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)