БСШУС-ын сайд Ж.Батсуурь : Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг тав дахин нэмэгдүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь өнөөдөр /2017.01.25/ шинжлэх ухааны салбарын ажилтан, албан хаагчдыг Дуурь бүжгийн эрдмийн театрт хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга, академич Т.Ган-Эрдэнэ болон 500 гаруй эрдэмтэн судлаачид оролцов.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь уулзалтыг нээж хэлсэн үгэндээ шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлогыг дурдаад цаашид салбарын санхүүжилтийг тав дахин нэмэгдүүлнэ гэв.

Энэ удаагийн уулзалт салбар эрхэлсэн сайд эрдэмтэн судлаачдаа 15 жилийн дараа хүлээн авч уулзаж байгаагаараа онцлог бөгөөд эрдэмтэн судлаачдын зүгээс Сайдыг ийнхүү салбарынхантайгаа нүүр тулж уулзан, санал бодлыг нь сонсч байгааг талархан хүлээн авсан юм.

Уулзалтаар эрдэмтэн судлаачид тулгамдаж буй асуудлаа илэн далангүй ярилцаж,санал бодлоо солилцон салбарын Сайдад санал хүсэлтээ хүргүүлсэн юм. Тухайлбал шинжлэх ухааны салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт маш бага бөгөөд дэлхийн жишгээс маш доогуур байдаг хэмээгээд санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсч байв.

Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудын бие даасан байдал туйлын хангалтгүй, иймд хүрээлэнгүүдийн харъяалал, зохион байгуулалт тогтолцооны асуудлыг эргэн харах хэрэгтэйг салбарынхан хэлж байлаа. Өөрөөр хэлбэл төр засаг солигдоходхүрээлэнгүүдийг нэгтгэх, салгах ажлуудыг зохион байгуулж, үүнээс болжолон эрдэмтэн судлаачид хохирч, үр ашиггүй зардлууд гардаг болохыг онцолсон юм.

Уулзалтын үеэр яригдсан бас нэг чухал асуудал бол хүрээлэнгүүдийн үл хөдлөх хөрөнгийн асуудал байв. Сүүлийн жилүүдэдхүрээлэнгүүдийн үл хөдлөх хөрөнгө буюу байр, газарт нь төр засгаас халдаж байгаа аж. Тухайлбал Ботаникийн цэцэрлэгийн газрын асуудал, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг прокурорт шилжүүлэх зэрэг хууль бус үйлдлүүд гарсаар байгаа бөгөөд үүнд хуулийн хамгаалалт хийж өгөхийг зарим эрдэмтэн судлаачид хүсч байлаа.

Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ж.Батсуурь эрдэмтэн судлаачиддаа хандан “Монгол орноо хөгжүүлье гэвэл шинжлэх ухааныг л хөгжүүлэх зүй тогтолтой юм” хэмээгээдшинжлэх ухааны салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийлж, эрдэм бүтээлийн амжилт хүссэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)