Б.СОЛОНГО: Монгол гэвэл “Ламбугуайн нулимс”-ын Лодонгийн ари л бий

ДБЭТ-ын концертмейстер багш, Гавьяат жүжигчин Б.Солонго уран бүтээлийн тоглолт хийх гэж байгаа билээ. Тэрбээр төгөлдөр хуураар хөгжимдөж, театрын гоцлол дуучид дуулах юм. Хөтөлбөртөө дан сонгодог бүтээл багтаасан, монгол дуу, романс байхгүй гэсэн сургаар өөртэй нь холбогдож тодруулсан юм.

-Та тоглолтын хөтөлбөртөө монгол бүтээл оруулаагүй бололтой. Үзэгчид танай аав, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийн гоё дуунуудаас нэхэх байх даа.

-Аавын дуунуудыг бусад хүн зөндөө дуулдаг шүү дээ. Бид өөрт нь энэ удаагийн тоглолтоор зөвхөн сонгодог бүтээлүүд сонсгох гэж байгаа тухай хэлсэн. Ойлгож байгаа. Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс Тө­рийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугуайн нулимс” дуурийн Лодонгийн ари л бий. Гоцлол дуучин Э.Амартүвшин дуулах юм. Дуу­чин өөрөө энэ дүрд их дуртай. Жаахан тайлбар хийе ээ. Би энэ “Konzertmeister” тоглолтоороо мэргэжлийн хөгжим­чин, дуучид мэргэжлийн уран бүтээлд хэрхэн ханддагийг харуулах, тэдний хамтын ажлын дүнд бий болсон бүтээл, бүтээгдэхүүнийг мэргэжлийн гээд хэлчихэд буруудахгүй үзэгчид хэрхэн хүлээж авч байгааг мэдэрч, кайф авах, улмаар нийгэмд ямар ч ажил мэр­гэжлийн хүн бай ажил албандаа мэргэжлийн хандаж байя гэсэн мессеж өгөх гэсэн юм. Өнөөдөр аль ч салбарт ажил хариуцлагагүй, аргацааж хуурсан шинжтэй явагдах болжээ. Урлагт ч адилхан. Энэ жил орон нутгаар нэлээд явсан. Орон нутгийн театр, чуулгуудад мэргэж­лийн хөгжимчид, дуучид ховор байна. СУИС, ХБК төгслөө л гэдэг, тэр хүмүүс хаачдаг юм. Мэргэжлийн сургууль төгссөн нь ч орчинд нь зохицуулах гэж байгаа юм шиг уран бүтээлийг олны хэлдгээр халтуурдах юм. Энэ бүхнийг хараад сэтгэл гундсан. Оройтсон байж болох ч бид хэлэхгүй бол хэн гэж, одоо хэлэхгүй бол хэзээ гэж бодоод өөрийнхөө ажил мэргэжлийн хүрээнд сонгодог тоглолт ямар байх ёстой, тэр бичигдээгүй хуулийн хүрээнд тоглолт зохион байгуулъя гэж бодсон юм. Энэ тухай санаагаа хэлэхэд манай дуучид дэмжээд, хамтраад ажиллаж байна.

-Нэгэн чухал санаачилга юм байна. Шинэ бүтээл бий юү?

-Бий бий. Тухайлбал, дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Ж.Вердийн “Набуко” дуурийн ари дуулна. Амараа Италид энэ жүжигт тоглохоор бэлтгэж байгаа юм. Тенор Б.Батжаргал Г.Доницеттийн “Хороон даргын охин” дуурийн Тониогийн ари дуулна. Иймэрхүү тоглолт хийх гэж байгаа. Хөгжмийн сургуулийн багш нарыг урьж үзүүлэх юм. Тэдний сурган хүмүүжүүлэх ажилд хэрэг болох байх. Зохиолын дуу, бусад төрөл жанраар хаа сайгүй тоглолт болж байдаг. Харин дан сонгодог дуунуудаас бүрдсэн тоглолт тэр бүр байдаггүй. Мэргэжлийн уран бүтээл, уран бүтээлчийн замаар ажиллаж, амьдарсан 20 гаруй жилд сэтгэлд хуралдсан аз жаргал, баяр баясгалан, мэдрэмж, харуусал ч багтсан тоглолт болно оо. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)