Брэндээр баян ТӨВ АЙМГИЙНХАН

  Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах ёслолд ирдэг хамгийн хүндтэй зочдын нэг бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Жил жилийн намар сэтгүүлчдийг нэг дор цуглуулдаг энэхүү наадмын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар нэгэн шинэ санааг мэргэжил нэгтнүүддээ дэвшүүлдэг нь тухайн жилдээ бидний хувьд уриа болдог гэж ойлгодог. Зургаа дахь жилдээ болсон “Балдорж” шагнал гардуулах энэ удаагийн ёслолын ажиллагааны индрээс тэрбээр “Юм хийж бүтээж байгаа, бүтээхийн төлөө яваа хүмүүсээ дэмждэг сайхан уур амьсгал, эрүүл эрч хүчийг илүү авчрах хэрэгтэй байна. Үүнийг авчрах хамгийн гол хүмүүс бол манай хэвлэл мэдээллийнхэн. Хийж бүтээж байгаа, сайн зүйл хийхийн төлөө зүтгэж яваа хүмүүсээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн үгээ бүү харамлаарай” хэмээн бидэнд уриалсан билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэхүү санааг “Өнөөдөр” сонин дэмжиж, хийж, бүтээж яваа хэн бүхнийг сурвалжилж, уншигчдадаа цувралаар хүргэхээр шийдсэн юм.

Ийнхүү анхны сурвалжлагаа бид Төв аймгаас эхлүүллээ. Хоёр жилийн өмнө гүзээлзгэнэ тарьж, ургуулдаг иргэдийг сурвалжлахаар очиж байсан Төв аймгийн төв танигдахаарг үй болтлоо өнгө засчээ. Аймгийн төвийн гол хаалганы ойролцоо байсан гэр хорооллын оронд Драмын театр сүндэрлэж байна. Хуучирч муудсан орон сууцнуудын гадна талыг будаж, сэргээгээд шинэ мэт болгожээ. Шинээр барьж буй байшингуудаас гадна спорт цогцолбор, төв цэнгэлдэх, соёл амралтын хүрээлэн, кино театр гээд төв суурин газрын өнгө аястай болсон “цоо шинэ” Төв аймагт бид ирлээ. Одоогоос 48 жилийн тэртээ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж байсан төв аймгийнхан өнгөрсөн онд буюу 90 жилийн ойгоороо Сүхбаатарын одонгоор нэрээ чимсэн юм. Шинэчлэлийн Засгийн газрын газрын тэргүүн 2012 он дуусахын өмнөхөн тус аймгийн Засаг дарга Д.Баярбатыг батламжилснаас хойших жил гаруйн хугацаанд чамгүй олон ажил хийсэн нь ийнхүү нүдний өмнө ил байв.

ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭД ТУЛГУУРЛАСАН ШИЙДВЭРҮҮД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЖЭЭ

Тэрбээр “иргэдээ сонсох” гэсэн зарчмаар ажлаа эхлүүлж, хамгийн түрүүнд аймгийнхаа хөл хөдөлгөөн ихтэй цэгт Иргэний танхим байгуулж, өдгөө 10 гаруй мянган хүнд үйлчилжээ. Орон нутагт анхдагч болсон тус аймгийн Иргэний танхимынхан төрийн бүх байгууллагаа дотоод сүлжээндээ нэгтгэж, иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлыг шууд илгээж, хариуг нь утсаар болон цахимаар өгдөг байна. Түүнээс гадна иргэдийн дунд тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, ажлын байрны зар явуулах, нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдийн булан ажиллуулж, зуучлах гээд олон төрлийн ажиллагаа явуулдаг юм байна. Энэ нь аймгаа өнөөдрийн түвшинд хүргэн хөгжүүлэхэд гол түлхэц болжээ.

“АНХ УДАА КИНО ТЕАТРТ ХҮҮХЭЛДЭЙН КИНО ҮЗЭХ ГОЁ БАЙНА”

Сүүлийн 5-6 жил огт ашиглаагүй, балгас болох шахсан байрыг 3D кино театр, спорт цогцолбор болгон тохижуулжээ. Биднийг очиход “Хүмүүн” цэцэрлэгийн ахлах бүлгийн 50 гаруй хүүхэд “Frozen” хүүхэлдэйн кино үзээд дуусаж байв. Хүүхдүүд баяр хөөр, дуу шуу болж, “Анх удаа кино театрт хүүхэлдэйн кино үзэх гоё байна” хэмээн ярьж байв. Энэ долоо хоногт нээлтээ хийж буй кино театрын үйл ажиллагааг сурталчлах үүднээс есдүгээр сарын 20- ноос сургууль, цэцэрлэг, албан байгууллага, ахмад настнуудад кино үзүүлэх аян зохион байгуулж, 10 гаруй мянган иргэнд үйлчилжээ. Биднийг очсон өдөр (баасан гаригт) тус аймгийн баруун өмнө захын сум болох Дэлгэрхааны хүүхдүүд Засаг даргын хамт аймгийн төвтэйгээ танилцахаар ирж, шинэхэн кинотеатраар үйлчүүлэхээр ирсэн байв. Төв аймагтай хамтын ажиллагаатай БНСУ-ын Канвон дүүргээс кино театрт 150 орчим мянган ам.долларын тоног төхөөрөмж суурилуулж, ССАЖЯ-ны 320 сая төгрөгийн хөрөнгөөр спорт заалыг тохижуулж, нийт 1.2 тэрбум төгрөгөөр 180 хүний суудалтай кино танхим, хурлын заал, интернэт, хүүхэд саатуулах өрөө, зоогийн газар бүхий уг цогцолборыг ашиглалтад оруулжээ. Төв аймгийн нутагт байх шашны дурсгалт газар Манзушир хийдийн түүхэн 99 зургаар ханаа чимжээ. Түүнчлэн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж буй 800 хүний суудалтай театр ирэх онд ашиглалтад орохоор төв аймгийнхан соёл, спортоор ангаж, цангахааргүй болох нь. Тус салбарт Орон нутгийн хөгжлийн сангаас 500 сая төгрөг зарцуулсан талаар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дарга Ш.Эрдэнэчулуун ярьсан.

1990 ОНООС ХОЙШ ХАМГИЙН ӨНДӨР УРГАЦАА ЭНЭ ОНД АВАХ НЬ

Төв аймгийн хөгжлийн нэг гол салбар нь газар тариалан. Өнгөрсөн онд энэ салбарыг дэмжиж, 100 сая төгрөгөөр нэгдүгээр зэргийн элит үр авч, аж ахуйн нэгжүүдэд өгч тариулжээ. Үүний дүнд одоогоор 104 мянган тонн үр тариа хураан авсан буюу тариа хураах ажил 95 хувьтай байгаа гэнэ. Цаана нь дахиад 3-4 мянган тонн тариа хураан авахаар сүүлийн 24 жилд үзүүлээгүй амжилт гаргаж байгаа гэсэн үг юм. Тус аймаг өнгөрсөн онд 80 мянган тонн, 2012 онд “Артын III” аянаар 106 мянган тонн хурааж байжээ. Төмс хүнсний ногооны тариалалт ч сайн байгаа бөгөөд нэг га-д зарцуулсан мөнгөө нугалж олох хэмжээнд байгаа талаараа аймгийн ҮХАА газрын дарга Л.Даваас үрэн ярьсан. Ийнхүү энэ жил тус аймаг төмс, малын тэжээлийн тариалалтаар улсдаа тэргүүлж байгаа юм байна. Өмнөд хөршөөс худалдан авдаг цардуулыг ирэх оноос өөрсдийн тариалсан төмсөөр үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангахаар төлөвлөн, анхны хөрөнгө оруулалтад 150 сая төгрөг төсөвлөжээ. Зураг төсөл нь ч бэлэн болсон аж. Яваандаа энэ үйлдвэртээ чимс, шарсан төмс зэргийг үйлдвэрлэх гэнэ. Түүнээс гадна “Хишигтэн нүүдэлчин” компанитай гэрээ байгуулж, 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулснаар (компани өөрөө 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан) Зуун мод сумын 90 гаруй мянган хүнээс гадна нийслэлийн иргэдийг сүү, цагаан идээ, бяслагаар хангахаар ажиллаж эхэлсэн байна.

“ТӨВ АЙМАГ” ГЭСЭН ШОШГОТОЙ МАХ, СҮҮНИЙ БРЭНДТЭЙ БОЛНО

Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн 10-15 хувийг малын үйлдвэр угсааг сайжруулахад зарцуулах бодлого барьж байгаа гэнэ. Энэ хүрээнд “Богдын торгон сүрэг” төрийн бус байгууллагатай хамтран 12 суманд Баянцагаан хэвшлийн илүү нугаламтай хонийг үржүүлж, улсын брэнд болгохоор ажиллаж байгаа гэнэ. Ийнхүү аймгийн хэмжээнд байгаа 1.8 сая хонины үүлдэр угсааг сайжруулснаар нэг хониноос авах ноосны хэмжээ 300 гр, махны жин тав орчим кг болж нэмэгдэх аж. “Үүнийг мөнг өн дүнгээр тооцвол малчдад хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байгаа гэсэн үг” хэмээн Л.Даваасүрэн дарга ярьсан. Зүүн аймагт шүлхий өвчин гарч, гурван жилийн хугацаанд хорио цээр тогтоосноор баруун аймгуудыг Сүхбаатарын үзэмчин, бараг хониор хангах боломжгүй болсон. Улмаар энэ орон зайг тус аймгийнхан ашиглаж, баруун таван аймгийг Баянцагаан хэвшлийн хониор хангаж эхэлжээ. Хамгийн сүүлд л гэхэд Архангай аймгийн Хотонт сум 160 мянган төгр өгийн үнэтэй хурган хуц 150-ыг авсан гэнэ.

Ийнхүү Богдын үржүүлж байсан Баянцагаан хэвшлийн хонио брэнд болгох ажлыг тэд хэвшүүлж чадсан байна. Монголчуудын хүнсний гол бүтээгдэхүүний нэг нь гурил. Тус аймаг Сэлэнгэ аймгийг гүйцэхгүй ч ургац хураалтаараа улсдаа тэргүүлэгчдийн нэг. Аймгийн ҮХАА-н газар энэ боломжоо түшиглээд “Жаргалант харвест” комианитай хамтран гурилын үйлдвэр байгуулах гэж байгаа аж. Эхний ээлжинд 27 сумынхаа гурилын хэрэгцээг сүлжээ дэлгүүрээр дамжин хангах зорилт тавьжээ. Тэдний тооцоолсноор үүнд таван тэрбум төгр өг шаардлагатай гэнэ. Энэ мэтээр “Төв аймаг” гэсэн шошготой мах, сүүний брэндтэй болохоор ажиллаж байгаа юм байна. Тус аймгийнхныг гаргасан брэндийг тооцвол нэлээд урт жагсаалт болно. Баяндэлгэрийн бамбагар цагаанаас эхлээд адууны арьсан гутал, зөгийн бал, чацарганы тос, сүү сүүн бүтээгдэх үүн, бяслаг, төмс ногоо гээд явж өгнө. Үүний дээр дээрх шошго бүхий бүтээгдэх үүн нэмэгдвэл тэд брэндээр баян болох нь. Аймгийн Засаг дарга Д.Баярбатын хийсэн нэг ажил бол “Аймгаа алдаршуулсан мянгатууд” арга хэмжээ байв. Аймгаасаа төрөн гар гарсан мянгат малчдын цол тэмдгийг гардуулахдаа эхнэрүүдийг нь орхилгүй урамшуулсны үр дүнд 800 байсан тус аймгийн мянгат малчны тоо өнгөрсөн онд 100 гаруйгаар нэмэгдэж, энэ жил 1000-д хүрэхэд ойртжээ. Мал сүргийн тоогоор энэ жил улсдаа хоёрт бичигдэх найдлага тавин Төв аймгийн малчид уйгагүй ажиллаж байгаа аж.

Ийнхүү ургац арвин, малын тоо толгой жигд өссөн, өвчин эмгэг багатай оноо үдэх гэж төв аймгийнхан ургацын баяраа өрг өн тэмдэглэж, Улаанбаатар хотод ирэх сарын эхээр хийхээр төлөвлөжээ.


Үргэлжлэл дараагийн дугаарт

Р.ОЮУНЦЭЦЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)