Британийн парламент "Brexit"-ыг хойшлуулахаар баталлаа


Өчигдөр Британийн парламент тус улсыг Европыг Холбооноос (ЕХ) гарах өдрийг хойшлуулах Засгийн газрын саналыг    олонхоор баталлаа. Гурван өдөр үргэлжилсэн уг хуралд Британийн Засгийн газар анхныхаа ялалтыг авлаа гэж тооцож болох юм. Өмнө нь Нийтийн танхим Ерөнхий сайд Тереза Мэйн  ЕХ-той тохиролцсон “Brexit”-ийн гэрээний  хувилбарыг хоёр ч удаа буцаасан бөгөөд  Их Британийг тус холбооноос зөвшилцөлгүй гарах заалтыг бүр мөсөн хориглосон билээ. Харин одоо Ерөнхий сайдад ЕХ-оос гарах өдрийг хойшлуулахыг тус холбооноос  хүсэж, зөвшөөрүүлэх л үлдлээ. Гэхдээ Ерөнхий сайд ирэх долоо хоногт “Brexit”-ын гэрээг гурав дахь удаагаа парламентаар оруулахаар төлөвлөж байгаа аж. Хэрэв парламент гурав дахь удаагийн санал хураалтаар уг гэрээг баталчих юм бол Их Британи улс ЕХ-оос гарах хугацаагаа ердөө гурван сараар хойшлуулах хүсэлт тавих аж. Энэ хугацаанд шаардлагатай хууль эрх зүйн актуудаа хэрэгжүүлж амжих аж. Нийтийн танхимын бүх гишүүдийн саналд нийцсэн гэрээний хувилбарыг олохын тулд  Британи улсад “Brexit”-ын  өдрийг богино хугацаагаар хойшлуулахад хангалтгүй тул үйл явцыг жил эсвэл хоёр жилийн дараа эхлүүлж магадгүй гэсэн мэдэгдэл ЕХ-ны зүгээс гарах болсон аж. Британийн хүсэлтийг ЕХ зөвшөөрөх эсэхийг энэ сарын 21-22 өдрүүдэд болох  дээд хэмжээний уулзалтын үеэр шийдэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)