Британийн Засгийн газрын хамгийн чинээлэг гишүүн

Британийн олон нийт нийгэмтэйгээ хөл нийлэн, хөгжин дэвших чадалтай. Тус улсын Ерөнхий сайдаар мужааны хүү ч, жижиг худалдаачны охин ч ажиллаж байсан. Харин энэ удаа уг албан тушаалд нэр дэвшин, өрсөлдөгчдийн танилцуулгаас үзвэл Британи XIX зуунд эргэн очсон мэт санагдаж мэдэх. Тодруулбал, хатан хааны холын хамаатан болон колонийн үеийн Европын орнууд дахь худалдааны нийгэмлэг буюу компанийн удирдагчийн үр удам өрсөлдөж байна. Британийн Консерватив нам удирдагчаа тодруулах сонгуулийн сүүлчийн шатанд Александер Борис де Пфеффель Жонсон болон Жереми Ричард Стрейншем Хантын хэн нь ялсныг зарлах түүхэн мөч тулжээ. 

Урьд нь Б.Жонсоныг танилцуулсан учир энэ удаа Жереми Хант гэж хэн болохыг тодруулъя. Тэд адилхан язгууртан гаралтай. Хант нь адмиралын хүү бол Жонсон нь хатан хаан Элизабетын 10 дахь үеийн хамаатан. Гэсэн ч тэдний угсаа гарваль эцсийн шатанд хэнд нь ч тус болохгүй. Харин амжилт нь Британийн улс төр, тухайлбал, Консерватив нам өнөө болтол элитүүдээс бүрддэгийг илтгэнэ.

ЖЕРЕМИ РИЧАРД СТРЕЙНШЕМ ХАНТ

Британийн улстөрч, Консерватив намын гишүүн, өнгөрсөн оны долдугаар сарын 9-нөөс хойш Гадаад хэргийн сайдаар ажиллаж буй Жереми Ричард Стрейншем Хант 1966 оны арваннэгдүгээр сарын 1-нд Лондон хотод мэндэлжээ. Хүүхэд насаа Суррей гүнлэгийн Годалминг хотод өнгөрүүлж, нэр хүндтэй Чартерхаус дунд сургуульд сурахдаа ахлах сурагчаар сонгогдож байлаа. Магдалинагийн коллеж болон Оксфордын их сургуулийг төгсөхдөө гүн ухаан, улс төр, эдийн засгийн хичээлд шилдгээр шалгарч байсан гэнэ.

Жереми Хант Сайд нарын танхимын гишүүнээр есөн жил ажиллахдаа Соёл, Эрүүл мэндийн сайдаас гараагаа эхлээд, одоо Гадаад хэргийн яамыг удирдаж байгаа ч олон улсад Жонсон шиг алдартай биш. Тэрбээр Дэвид Кэмероны хоёр танхимд, тэрчлэн Тереза Мэйгийн мөн хоёр танхимд Эрүүл мэндийн сайдаар ажилласан туршлагатай.

Уг нь Британийн хэвлэлд үе үе бичдэгчлэн Хант бол хатан хааны зургаа дахь үеийн хамаатан. Үнэндээ энэ төрлийнхөө талаар хэн ч юу ч мэдэхгүй, Хант өөрөө ч энэ тухай ярьдаггүй, ВВС-д энэ талаар ямар ч мэдээлэл байсангүй. Ташрамд дурдахад, Хантыг жирийн нэгэн биш гэдгийг нотлохын тулд хаадтай холбоотой гэх баримт хайх шаардлагагүй. Хүнд цаг үеийг мэддэг тэрбээр өдгөө бие даан хөл дээрээ боссон бизнес эрхлэгч гэдгээ харуулахыг хичээж буй.

Жереми Хант бол ноён хэргэмтэй адмирал Николас Жон Стрейншем Хантын хүү юм. Түүний эцэг өвгөдийн дунд XVII зуунд колонийн үеийн Европын орнууд дахь компанийн удирдагчдын нэг, Мадрас (Энэтхэгийн өмнөд нутгийн хот)-ын захирагч Стрейншем Мастер гэгч байв. Жеремийг эцэг, эх нь хамгийн нэр хүндтэй Чартерхауз хувийн сургуульд сурган, хүмүүжүүлжээ. XVII зуунд тус сургуульд АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жорж Вашингтоны өвөө сурч байсан гэнэ. XVIII зуунд христийн методист урсгалыг үүсгэгч Жон Уэсли, Ерөнхий сайд Роберт Женкинсон, XIX зуунд Кентерберийн ганц архиепископ (христийн шашны дээрээсээ гуравдугаарт ордог ахлах зүтгэлтэн) Уильям Теккерей, даян дэлхийн хамгийн алдартай охин Алисагийн эцэг Генри Лидделл нар сурсан түүхтэй. Энэ сургуульд сурч, амьдрах жилийн төлбөр одоо 40 695 фунт стерлинг, өөрөөр хэлбэл, Британийн дундаж цалингаас бараг хоёр дахин их аж.

Жереми Хант Сайд нарын танхимынхаа магадгүй хамгийн баян гишүүн. Нэг хэсэг Японд англи хэл заадаг байсан ба 1990-ээд онд олон нийттэй харилцаатай болохын сацуу найз Майк Элмстэй хамтран сургууль доторх газрын зургаар дагнадаг “Hotcourses” хэвлэлийн газраа үүсгэн байгуулжээ. 2005 он гэхэд тэрбээр 4-4.5 сая фунт стерлингээр хэмжигдэх хувийн хөрөнгөтэй болсон тухай хэвлэлүүдэд бичдэг. Одоогоос хоёр жил хагасын өмнө тэрбээр хэвлэлийн газраа худалдаж, 14 сая фунт стерлингтэй болжээ. Жереми Хант нь Британийн хатан хааны флотын ерөнхий командлагч асан, адмирал Николас Хант, Мериел Гиван нарын хүү юм. Тэрбээр 2009 онд хятад бүсгүй Люсия Гуотой гэрлэж, хүүтэй болжээ.

ЦЭНХЭР ЦУС ХЭДИЙН ЧУХАЛ БИШ БОЛСОН

Ташрамд дурдахад, энэ бүх баримт сонирхол татахаар боловч орчин үеийн Британийн улс төрд хатан хааны, эсвэл ядаж ноёны цус урсаж байгаа болон XVII зууны алдартай эцэг өвгөд байгаа, эсэх нь хэдийн чухал биш болжээ. Британийн шинэ түүхэнд мужааны хүү Эдвард Хит, жижиглэн худалдаачны охин Маргарет Тетчер болон өөр хэд хэдэн Ерөнхий сайд гарал үүслээрээ ихэс дээдэстэй ойр байсангүй. Тухайлбал, жирийн ламтны охин Тереза Мэй.

Жонсон, Хант нарын уг гарваль болоод намтар нь Британийн улс төр, ялангуяа Консерватив намын элитүүдийн хувьд өөр утгатай тусгал. Өөр учир шалтгаан бий. Чинээлэг байдал хүүхдийг хувийн үнэтэй сургуульд сургах боломж олгодог. Чанартай дунд боловсрол эзэмших нь шилдэг их, дээд сургуульд элсэх хөшүүрэг юм. Харин дараа нь хүүхэд залхуу, тэнэг нэгэн биш, сайн сурсан, улс төрийн карьер хөөхийг хүсдэг бол Оксфордыг зорьдог. Тэнд мэтгэлцээний алдартай клуб бий. Оскфордын холбоо гэж байдаг бөгөөд энэ нь Британийн төдийгүй дэлхийн улс төрийн элитүүдийн инкубатор аж.

ОКСФОРДЫН ОНЦЛОГ

Британийн парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Консерватив намын гишүүдийн 44 хувь нь хувийн төлбөртэй сургуульд сурчээ. Энэ бол дэвшил. 40 жилийн өмнө уг үзүүлэлт гишүүдийн дөрөвний гуравтай тэнцэж байв. Либерал ардчилсан намаас сонгогдсон гишүүдийн гуравны нэг, лейбористуудын наймны нэг нь хувийн сургууль төгсжээ. Харин Шотландын үндэсний намаас сонгогдсон гишүүдийн үзүүлэлт улсын дундажтай тэнцэх буюу тус улсын дунд сургуулийн нийт сурагчийн долоон хувь нь төлбөртэй сургуулийн сурагч байсан аж.

Консерватив намын удирдагчийн энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн 11 нэр дэвшигчийн найм нь, тэдний дотор Жонсон, Хант нар Оксфордыг төгсөгч. Борис Жонсон 1986 онд Оксфордын холбооны нэг даргаар, Жереми Хант 1987 онд тус их сургуулийн оюутны Консерватив холбооны удирдагчаар сонгогдож байв.

УЛС ТӨРИЙН КАРЬЕР

Хант 2005 онд сонгуулийн Баруун өмнөд Суррей тойрогт сонгогчдоос 50.4 хувийн дэмжлэг авч, Төлөөлөгчдийн танхимд сонгогджээ. 2010 оны сонгуульд 58.9 хувийн саналаар ялсан байна.

2005 оны арванхоёрдугаар сард консервативчуудын сүүдрийн Засгийн газарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн сайдын туслах, 2007 оны долдугаар сард сүүдрийн Соёл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, спортын сайдаар томилогджээ.

2010 оны тавдугаар сарын 12-нд Дэвид Кэмероны анхны танхимд Жереми Хант олимпын наадамд бэлтгэх бүрэн эрхтэй, Соёл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, спортын сайд болсон байна. 2012 оны есдүгээр сарын 4-нөөс Эрүүл мэндийн сайдаар ажиллажээ. Анагаах ухааны мэргэжилтнүүд эл томилгоог дургүйхэн хүлээн авсан аж. Учир нь Хант шинжлэх ухааны нотолгоогүй эмчилгээг эрүүл мэндийн даатгалын системд оруулах, жирэмсний 12 долоо хоногтойд үр хөндүүлэхийг дэмжиж байв.

2015 оны парламентын сонгуульд 59.9 хувийн саналаар уламжлалт тойрогтоо дахин ялжээ. Харин дараа жилийнх нь долдугаар сарын 13-нд, Европын Холбоон дахь Британийн гишүүнчлэлийн тухай бүх нийтийн санал асуулгын улмаас Ерөнхий сайдын албан тушаалаасаа Д.Кэмерон огцорсон байна. Тэр үед британичууд Европын Холбооноос гарахыг дэмжсэн юм. Д.Кэмероны халааг Британийн Дотоод хэргийн сайд Тереза Мэй авч, Ж.Хант Эрүүл мэндийн сайдын албан тушаалдаа үлджээ.

2017 оны парламентын сонгуульд ч тэрбээр дахин ялав. Харин өнгөрсөн оны долдугаар сарын 10-нд Борис Жонсоноос Британийн Гадаад хэргийн сайдын халааг авсан байна. Эрүүл мэндийн сайдаар Мэттью Хэнкок томилогджээ.

“WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд Британийн цагдаагийнхан Эквадорын ЭСЯ-ны байрнаас баривчилсан билээ. Үүний төлөө Эквадорын Ерөнхийлөгч Ленин Моренод Ж.Хант талархлаа илэрхийлээд, “Ассанж баатар биш, хэн ч хуулиас дээгүүр байх ёсгүй” хэмээн твиттер хуудсандаа тэмдэглэжээ.

КОНСЕРВАТИВ НАМЫН ДАРГЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН

Тереза Мэй огцрохоо мэдэгдсэний дараа өнгөрсөн зургадугаар сарын 20-нд консервативчуудын шинэ удирдагчийн сонгуулийн тавдугаар шатанд Ж.Хантыг парламентын 77 гишүүн дэмжжээ (Б.Жонсон 160 санал авсан). Хоёр санал дутуу, нэр дэвшигч Майкл Гоув нэрээ татсанаар Хант намын удирдагчийн төлөө өрсөлдөөний шийдвэрлэх сүүлчийн шатанд Жонсонтой тунасан юм.

Энэ сард Хант Хятадад сэжигтэн шилжүүлэх тухай хуулийг эсэргүүцсэн Хонконгийн жагсаалыг дэмжээд, Британи улс зарчмыг арилжааны ашгаас дээгүүр тавихыг мэдэгдэж, Хятадад эдийн засгийн хориг арга хэмжээ авах, тус улсын дипломатчдыг хөөх тухай сэтгүүлчдийн тавьсан асуултад “Үгүй” гэж хариулжээ.

Британийн тэнгисийн явган цэргүүд Гибралтарын хоолойд Ираны шатахуун тээгч хөлөг онгоцыг багийн 23 гишүүний хамт баривчилснаас хойш 14 хоногийн дараа буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тэднийг Сирид нефть нийлүүлэхэд тавьсан Европын Холбооны хоригийг зөрчсөн хэрэгт буруушаав.

Иран Ормузын хоолойд Британийн “Stena impero” компанийн шатахуун тээгчийг эзэлсэн. Хант “Иран хууль бус, тогтворгүй байдал үүсгэх аюултай зам сонголоо” гээд, хөлөг онгоцыг чөлөөлөхгүй бол хатуу арга хэмжээ авахаа амласан билээ. Гэхдээ Засгийн газар нь цэргийн ажиллагаа төлөвлөхгүйг Ж.Хант хэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)