Бразил коронавирусийн халдварын талаарх тоон үзүүлэлтээ мэдээлэхээ зогсоожээ


Бразилын эрх баригчид тус улсад коронавирусийн халдвар авсан нийт тохиолдлын талаарх статистик үзүүлэлтээ мэдээлэхээ зогсоожээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр Бразилын Эрүүл мэндийн яамнаас COVID-19 өвчлөлийн статистикийг нийтэлдэг сайт өнгөрсөн Баасан гарагт /2020.06.05/ тасалдсан байна. Бямба гарагт тус сайт эргээд сэргэсэн ч тус улс орны хэмжээнд гарсан халдварын тоон мэдээллийг харуулаагүй бөгөөд зөвхөн эдгэрсэн хүмүүсийн тоог харуулах болжээ. Эрүүл мэндийн яам уг өөрчлөлтийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Үүнийг цар тахал ноцтой түвшинд хүрснийг халхлахыг завдаж буй үйлдэл гэж шүүмжлэгчид үзэж байна. Тус улсад халдвар авсан хүний тоо 670 мянга давсан нь АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару, мужийн захирагчид илүү их төсөв авахын тулд халдварын үзүүлэлтүүдийг хэтрүүлэн мэдээлж байна гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг нэг талыг баримталсан хэмээн баасан гарагт шүүмжлээд, улс орноо тус байгууллагаас гаргана хэмээн сүрдүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)