Бразилын Ерөнхийлөгчийн амь насанд халдах гэж байсан этгээдийг баривчилжээ


Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн амь насанд халдахыг төлөвлөж байсан хэргээр 25 настай эрэгтэйг тус улсын хууль сахиулах байгууллагынхан баривчилжээ. Энэ тухай “Agora noticias” сайт цагдаагийн газрын эх сурвалжийг дурдан өчигдөр /2019.12.02/ мэдээлэв. Тус сайтын мэдээлж байгаагаар халдагч Трес Корасой хотын цэргийн сургуулийн цэвэрлэх үйлчилгээ эрхэлдэг компанийн нэг ажилтан байжээ. Ерөнхийлөгч Болсонару 11-р сарын 29-нд тус сургуульд зочлон төгсөгчдийн баярт оролцсон аж. Сэжигтнийг тэр үед баривчилсан байна. Тэрбээр өмнө нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн бичигтэй зургаа интернетэд нийтэлж байжээ. Тухайлбал тус сургууль дотор авахуулсан зурганийхаа дор “Би энд чонын үүр болсон Бразилын армид шургалан орсноор шил дараалсан түүхэн үйл явдлууд эхэлнэ” гэж бичсэн аж. Мөн “Болсонаруд зориулсан хутга” бэлдэж байна гээд шүдний сойзны ишийг ирлэж байгаа дүрс бичлэгээ ч нийтэлсэн байжээ. Байцаалтын үеэр сэжигтэн энэ бүхнийгээ жинхэнээсээ бус тоглоом шоглоомоор нийтэлсэн гэж тайлбарлажээ. 2018 онд Жаир Болсонаруг Ерөнхийлөгчид нэр дэвшин сонгогчидтойгоо уулзаж байх үеэр нь хутгалан алахыг завдсан хэрэг гарсан билээ. Тэгэхэд улс төрч эмнэлэгт хэвтэн хоёр ч хагалгаанд орсон юм. Тухайн халдлага үйлдсэн Аделиу Биспу ди Оливейру гэгч сэтгэцийн өвчтэй хүн байсан тул хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээх чадваргүй гэж үзэн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хорионд байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)